ТҮЛХҮҮР ҮГ, ҮНДСЭН ОЙЛГОЛТУУД


Хүүхэд - 18 нас хүрээгүй хүн бүрийг хүүхэд гэнэ.
Хүний эрх - Хүний эрх гэдэгт арьсны өнгө, хүйс, шашин шүтлэг, үндэс угсаа харгалзахгүйгээр хүнд төрсөн цагаасаа эхлэн нас барах хүртэл нь хамаарах хамгийн үндсэн эрх, эрх чөлөөг хамааруулж ойлгоно. Бид бүгд өөр өөр харагддаг, өөр зүйлд итгэдэг, өөр зүйлийг хүсдэг, өөр байдлаар биеэ авч явдаг, гэхдээ бид бүгдээрээ адилхан хүн, энэ нь бид бүгд ижил эрхтэй гэсэн үг юм. ˝Эрх˝ гэсэн ойлголтыг тайлбарлахын тулд дүрмийн тухай ойлголтоос эхлэх хэрэгтэй. Дүрмүүд нь юу зөвшөөрөгдөх, юуг хориглох тухай заасан нэгэн төрлийн баримт бичиг юм. 
Хүүхдийн эсэн мэнд амьдрах эрх – Төрмөгцөө нэр авах, эрүүл өсч бойжих, аюулгүй орчинд амьдрах, аливаа хүчирхийллээс ангид байх эрхийн тухай ойлгоно.
Хүүхдийн хөгжих эрх - Хүүхэд бага, суурь, бүрэн дунд боловсролыг үнэ төлбөргүй эзэмших, шашин шүтэх, эс шүтэх, чөлөөтэй бодож сэтгэх, өөрөө эсвэл бусдаар дамжуулан үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, мэдээлэл хайх, хүлээн авах эрхийн тухай ойлгоно.
Хүүхдийн хамгаалуулах эрх - Гэмт хэрэг, зөрчил, хүчирхийлэл, бие махбодийн шийтгэл, сэтгэл санааны дарамт, үл хайхрах байдал болон мөлжлөгийн аливаа хэлбэрээс нийгмийн бүх орчинд хамгаалагдах, өөрийн нэр төр, гэр бүлийн амьдрал, хувийн мэдээлэл, орон байрны халдашгүй байдал, хувийн орон зайгаа хамгаалуулах эрхтэй байдаг.
Хүүхдийн нийгмийн амьдралд оролцох эрх - Хүүхэд нас, бие, сэтгэхүйн онцлогт тохирсон хуулиар хориглоогүй арга хэмжээнд оролцох, эвлэлдэн нэгдэх, хүүхэд өөрт хамаарах аливаа асуудлаар шийдвэр гаргах, үнэлэлт өгөхөд оролцох, өөрийн бүтээсэн зохиогчийн эрх, шинэ бүтээл, оновчтой саналыг хууль тогтоомжид заасны дагуу өмчлөх, түүний үр шимийг хүртэх, хуульд заасан үндэслэл журмын дагуу өөрт ногдох эд хөрөнгийг өмчлөх, өвлөх, ажил, үйлчилгээний хөлс, урамшуулал авах эрхтэй байдаг
Хүүхдийн эрхийн зөрчил – Хүүхдийг хувь хүнийх нь хувьд хүлээн зөвшөөрөхгүй, эрхэм чанарт хүндэтгэлгүй хандах, хүүхдээ хамгаалахгүй байхыг эрхийн зөрчил гэж үзнэ. 
Хүүхдийн эрхийн зөрчлийн хэлбэрүүд - 1. хувцас, хоол хүнс, орон байраар зориуд гачигдуулах, 2. эрүүл ахуйн шаардлагад нийцээгүй хоол хүнсний зүйлийг хэрэглүүлэх, 3. аливаа төлбөр, хураамжийг төлөөгүй үндэслэлээр хүүхдийн сурч боловсрох эрхийг хууль бусаар хязгаарлах зэрэг олон хэлбэртэй

Нийтлэсэн: Altansukh 2023-05-08 14:31:09