ӨӨРИЙН ҮНЭЛГЭЭ, СОРИЛ


Сурагчид хосоор ажиллаж нэг нь асуулт асуух, нөгөө нь хариулах замаар тоглоно. 

Асуулт Хариултын хувилбар
Ууганбаяр 14 настай. Хичээл тарсны дараа нэгэн агуулах дээр 3 цаг тасралтгүй цэвэрлэгээний ажил хийгээд 5000 төг авдаг. Түүний ажлын тухай эцэг эх, асран хамгаалагч нь мэддэггүй. Энэ тохиолдолд Ууганбаярын эрх зөрчигдөж байгаа юу?  Хариулт: Хөдөлмөрийн тухай хуулиар 13-15 насны хүнийг хууль ёсны төлөөлөгч /эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч/-ийн зөвшөөрөлтэйгээр хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангасан ажлын байранд хөнгөн ажил эрхлүүлж болно гэж заасан байдаг. Дээрх тохиолдолд эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрлийг авалгүй ажлуулж байгаа учраас хууль зөрчсөн үйлдэл болно.
Цэцэг 14 настай. Нэгэн цэцэрлэгт хүрээлэнд найзуудтайгаа явж байгаад бусадтай маргалдаж, улмаар танхайрчээ. Цэцэг насанд хүрээгүй учраас ямар нэгэн шийтгэл хүлээх үү. Хариулт: Зөрчлийн тухай хуулиар олон нийтийн газарт, эсхүл орон байранд танхайрсан бол 14-18 насны хүний хувийн байдал, зөрчлийн шинж, зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдлыг харгалзан шийтгэлээс чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно.
Болд их сургуульд сурдаг. Болдын хамаатны дүү Дорж Эрдэнэтэй найз бөгөөд тэр хоёр 15 настай. Дорж Эрдэнэ хоёр байрныхаа гадаа саравчинд сууж байв. Тэр өдөр Эрдэний төрсөн өдөр таарчээ. Болд дүүгийнх нь найзын төрсөн өдөр гэдгийг сонсоод 16 нас хүрч байгаад нь баяр хүргээд нэг хайрцаг тамхи бэлэглэжээ. Энэ тохиолдолд хууль зөрчсөн үйлдэл гарсан уу? Хариулт: Зөрчлийн тухай хуулиар хүүхдэд утаат тамхи татахыг санал болгосон, бэлэглэсэн, эсвэл утаат тамхи олж авах, хэрэглэхэд дэмжлэг үзүүлсэн бол хүүхдийн эрхийг зөрчсөнд тооцож нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр Болдыг торгох ёстой. 
Болормаа 13 настай. Гэр бүлийн хүчирхийлэл, зодуур дарамтын улмаас гэртээ очиход хүндрэлтэй болжээ. Болормаа хаана хандаж болох вэ ? Хариулт: Хүүхдийн тусламжийн 108 утас нь 24 цагийн турш үнэ төлбөргүйгээр Монгол улсын өнцөг булан бүрт байгаа хүүхэд бүрт хамгаалал, тусламж, зөвлөгөө өгч ажилладаг. Түүнчлэн Монгол Улсын хэмжээнд 16 түр хамгаалах байр, 17 нэг цэгийн үйлчилгээний төв ажилладаг бөгөөд хүүхэд очиж үйлчилгээ авах боломжтой. Нэг цэгийн үйлчилгээний төвд ирсэн хохирогчид 7 хоног хүртэлх хугацаанд үйлчилгээ үзүүлдэг бол түр хамгаалах байранд ирсэн хохирогчид 7-30 хоног үйлчилгээ үзүүлдэг.

 

Нийтлэсэн: Altansukh 2023-05-08 14:33:10