НЭМЭЛТЭЭР УНШИЖ СУДЛАХ МАТЕРИАЛ


Монгол улс 2021 оны байдлаар 3409.900 хүн амтай болжээ. Нийт хүн амын 32.1 хувь нь 15 хүртлэх насны хүүхэд, 63,4 хувь нь 15-65 насны хүмүүс, 4.5 хувь нь 65-аас дээш настай өндөр настан байна. Манай улсын дундаж наслалт эмэгтэй 76.5, эрэгтэй 67.1 байна. 110.000 орчим хөгжлийн бэрхшээлтэй иргэд байна. 2021 онд 3391 гэр бүл гэрлэлтээ цуцлууж, бүтэн өнчин 2.990, хагас өнчин 36.133 хүүхэд байна (ҮСХ, 2021). 6-16 насны 572.8 мянган хүүхэд сурч, 35,2 мянган хүүхэд дотуур байранд амьдарч байна. 2020 онд насанд хүрээгүй хүний үйлдсэн 811 гэмт хэрэг бүртгэгджээ. Гэмт хэргийн улмаас 1181 хүүхэд хохирч 99 хүүхэд нас барж, 516 хүүхэд гэмтсэн байна. 13 -аас дээш насны хүн амын 90 хувь нь фэйсбүүк хэрэглэж байна (World Vision, 2021). Дээрх тоо баримт бүрийн ард хүний эрхийн асуудлууд холбогдоно.

Хамгаалах үүрэг гэдэг нь засгийн газар хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд хүн амыг хүний эрхийн зөрчлөөс, түүний дотор эдийн засаг, нийгэм, соёлын эрхийг нь бизнесийн болон олон улсын санхүүгийн байгууллага зэрэг төрийн бус оролцогчид зөрчихөөс сэргийлэх ёстой гэсэн үг. Тухайлбал: Аль нэг корпораци цэнгэлдэх хүрээлэн барихаар хэсэг хүмүүсийг хүчээр нүүлгэж байхыг засгийн газар мэдсэн ч түүний эсрэг юу ч хийхгүй байвал энэ нь хүн амын шаардлага хангасан орон байртай байх эрхийг хамгаалах үүргээ биелүүлэхгүй байна гэсэн хэрэг юм. Хамгаалах үүрэг мөн адил нэн даруй биелэгдэх шинжтэй бөгөөд түүнийг үе шаттайгаар хэрэгжүүлэх зүйл биш.

Хангах үүрэг гэдэг бол засгийн газрууд хууль ёсны эрх үүргийнхээ хүрээнд хүний эрх, түүний дотор эдийн засаг, нийгэм, соёлын эрхийг бүрэн дүүрэн эдлэх нөхцлийг үе шаттайгаар хэрэгжүүлэх үүрэг мөн. Тухайлбал: Засгийн газар хүн амдаа шаардлага хангасан, үр дүнтэй эмнэлгийн үйлчилгээ үзүүлж, нөхцөлийг нь улам сайжруулахыг ямагт хичээх ёстой. Хэрэв засгийн газар нөөц бололцоогоо хүний эрхийг бүрэн дүүрэн хэрэгжүүлэх зорилгогүй, шударга бус байдлаар зарцуулбал тэр нь хангах үүргээ зөрчиж байгаа явдал юм. Хангах үүргийн зарим хүчин зүйл нь үе шаттайгаар хэрэгжих шинжтэй байдаг. Гэхдээ бусад хүчин зүйл, түүний дотор эдгээр эрхийг хэрэгжүүлэх зорилгоор зохих ёсны хууль эрх зүй, захиргаа, төсөв санхүү, шүүхийн арга хэмжээг батлан гаргах зэрэг нь нэн даруй биелэгдэх шинжтэй байдаг. 

Хүүхдийн эрх, хүүхдийн эрхийн хамгаалах механизм
Хүүхдийн эрхийн тухай конвенц болон Хүүхдийн эрхийг хамгаалах тухай монгол улсын хуульд хүүхдийн эдлэх эрхийг дөрвөн үндсэн бүлэг агуулгаар авч үзсэн.

Хүүхдийн эсэн мэнд амьдрах эрх

  1. Хүүхэд эрүүл өсч бойжих, аюулгүй орчинд амьдрах, аливаа хүчирхийллээс ангид байх эрхтэй.
  2. Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх, эцэг, эх нь гэрлэлтээ цуцлуулсан, тусдаа амьдрах үед хэнтэй нь амьдрах тухай үзэл бодол, саналаа илэрхийлэх эрхтэй.
  3. Хүүхэд төрөөс эмнэлгийн тусламж,  тэтгэмж, асрамж, халамж, хамгааллын үйлчилгээ авах эрхтэй.

Хүүхдийн хөгжих эрх

  1. Хүүхэд бага, суурь, бүрэн дунд боловсролыг үнэ төлбөргүй эзэмших;
  2. Хүүхэд төрөлх хэл, бичиг үсэг, ёс заншил, түүх соёлын уламжлалыг өвлөн эзэмших;
  3. Хүүхэд оюун ухаан, авьяас билиг, бие бялдар, ур чадвараа хөгжүүлэхэд төрөөс дэмжлэг авах;
  4. Хүүхэд шашин шүтэх, эс шүтэх;
  5. Хүүхэд чөлөөтэй бодож сэтгэх, өөрөө эсвэл бусдаар дамжуулан үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, мэдээлэл хайх, хүлээн авах;
  6. Хүүхэд гэр бүл, нийгмийн орчинд өөрийгөө хөгжүүлэх.
  7. Хүүхэд хөгжих эрхээ амралт, чөлөөт цагаараа тоглож наадах, хүүхдийн зуслан, сувилалд амарч сувилуулах, өөрийн хүсэл сонирхлын дагуу уралдаан тэмцээн, хөгжлийн хөтөлбөр, дугуйлан секц, бүлэг, клубт хамрагдах, хөгжлийн төв, ордонд суралцах зэрэг хэлбэрээр эдэлнэ. 

Хүүхдийн хамгаалуулах эрх

  1. Хүүхэд гэмт хэрэг, зөрчил, хүчирхийлэл, бие махбодийн шийтгэл, сэтгэл санааны дарамт, үл хайхрах байдал болон мөлжлөгийн аливаа хэлбэрээс нийгмийн бүх орчинд хамгаалагдах эрхтэй.
  2. Эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч хүүхдийн эрхийг нь зөрчсөн тохиолдолд хүүхэд тэдэнтэй хууль ёсны харилцаагаа зохих журмын дагуу зогсоох, таслах, тухайн нөхцөл байдал арилсан тохиолдолд уг харилцаагаа сэргээх эрхтэй.
  3. Хүүхэд өөрийн нэр төр, гэр бүлийн амьдрал, хувийн мэдээлэл, орон байрны халдашгүй байдал, хувийн орон зайгаа хамгаалуулах эрхтэй. 
  4. Хүүхэд эрхээ зөрчигдсөн тохиолдолд өөрөө болон итгэмжит төлөөлөгчөөрөө дамжуулан үндэсний болон олон улсын холбогдох байгууллагад гомдол гаргах, шийдвэрлүүлэх эрхтэй.

Хүүхдийн нийгмийн амьдралд оролцох эрх

  1. Хүүхэд нас, бие, сэтгэхүйн онцлогт тохирсон хуулиар хориглоогүй арга хэмжээнд оролцох, эвлэлдэн нэгдэх;
  2. Хүүхэд өөрт хамаарах аливаа асуудлаар шийдвэр гаргах, үнэлэлт өгөхөд оролцох;
  3. Хүүхэд өөрийн бүтээсэн зохиогчийн эрх, шинэ бүтээл, оновчтой саналыг хууль тогтоомжид заасны дагуу өмчлөх, түүний үр шимийг хүртэх; 
  4. Хүүхэд хуульд заасан үндэслэл журмын дагуу өөрт ногдох эд хөрөнгийг өмчлөх, өвлөх, ажил, үйлчилгээний хөлс, урамшуулал авах;
Нийтлэсэн: Altansukh 2023-05-08 14:33:51