УНШИЖ СУДЛАХ МАТЕРИАЛ


Хог хаягдал багатай амьдрахын тулд юу хийж хэвшүүлэх вэ?
Байгаль дээрх нөөцүүд үргэлжид шавхагдашгүй биш, нөөцүүд байнга л хязгаарлагдмал байдаг. Иймээс айл өрх бүр, хувь хүн бүр үүнийг ухамсарлаж байгаль дэлхийдээ ээлтэй амьдарвал ирээдүйд учирч болох нөөцийн хомсдол, байгалийн тэнцвэргүй байдлыг хохирол багатайгаар даван туулах боломжтой юм.

“Хэрэглээ гэдэг нь хүний хэрэгцээг хангахад шаардлагатай бараа, үйлчилгээний хэрэглээ, зарцуулалт”-ыг хэлнэ. Хэрэглээ нь хүний хүсэл, шуналтай нягт холбоотой байдаг. Шуналтай хэрэглээ нь хэзээ ч сэтгэл ханадаггүй бөгөөд хувь хүний хэрэгцээнээс илүү ихийг хэрэглэхэд хүргэдэг. Энэ нь дэлхийн баялгийн хомсдол, хүрээлэн буй орчны бохирдол үүсэх шалтгаан болж байна. Өнгөрсөн ба өнөөгийн чиг хандлагыг харгалзан үзвэл байгалийн нөөцийг хэт их ашиглах, газрын доройтол, чулуужсан түлшнээс ихээхэн хамааралтай байх зэрэг үйлдвэрлэл, хэрэглээний явцад байгаль орчны сүйрэл хурдасч байна. Тиймээс ирээдүйд бид эдгээр үйлдвэрлэл, хэрэглээний хэв маягийг зогсоож, тогтвортой түвшинд байлгахыг зорих хэрэгтэй. Энэ нь үйлдвэрлэл, хэрэглээний процессын нөөцийг үр ашигтай ашиглах, хүрээлэн буй орчныг хамгаалах талаас нь авч үзэн шийдвэрлэх гаргах хэрэгтэй гэсэн үг юм.

Бидний хэрэглээ ихсэх тусам хог хаягдал төдий чинээ их, мөн төдий чинээ сайн менежмент шаардах болно.
Гэрийн нөхцөлд хог хаягдлаа ангилан ялгах, дахин хэрэглэх, энгийн аргаар боловсруулалт хийх нь хог хаягдлын менежментийг нэвтрүүлэхэд нэлээд дөхөм болно. Үүний тулд:

  • Хамгийн эхний алхам бол хог хаягдал багатай амьдарч сурах арга юм.
  • Хоёр дахь алхам нь дахин ашиглах, дахин хэрэглэх тухай асуудал юм.
  • Гурав дахь алхам нь энгийн хог хаягдлыг дахин боловсруулах асуудал юм.

Дараах энгийн боловч гэрийн нөхцөлд хэрэгжүүлж болох аргуудыг өдөр тутмын амьдралдаа хэрэгжүүлснээр та байгаль дэлхийгээ аврахад маш том хувь нэмэр оруулах болно. Үүнд:

  • Хуванцраас аль болох татгалзах
  • Шилэн болон хуванцар савуудыг хаяхгүйгээр дахин ашиглах
  • Дэлгүүрээс худалдан авалт хийхдээ гэрээсээ хуванцар биш тор авч явах
  • Гэртээ хүнсний зүйлээ хадгалахдаа аль болох хуванцар уутнаас татгалзаж шилэн саванд хадгалахыг хичээх
  • Хоол болон бусад хүнсний зүйлийг худалдан авахдаа аль болох бага сав баглаа боодолтой зүйлийг сонгох.
  • Хоол хүнснийхээ илүүдэл болон үлдэгдэл органик хог хаягдлыг бордоо болгон ашиглахыг зорих. Үүний тулд ангилан тусгай саванд хадгалах.
  • Цаас хэмнэсэн амьдралын хэвшлийг дадал болгох. Хоосон, цэвэр цаас бүрийг хаяхгүйгээр дахин ашиглах
  • Хэрэглэхгүй, хуучин эд зүйлс, хувцас хунараа бусдад хандивлах
  • Аюултай хог хаягдлыг тусад нь зохион байгуулж дүрмийн дагуу зөв хаях.
  • Хэрэглэсэн батерей, химийн хортой бодис, эм болон эмийн бодис нь хүрээлэн буй орчинд хор ялгаруулдаг тул ангилан ялгаж дүрмийн дагуу зайлуулах
Нийтлэсэн: admin 2023-05-10 11:56:18