Үйл ажиллагаа 5. Энх тайвны баатрууд, тэдний уриатай танилцах


Багшийн чиглүүлэг, дүгнэлт

Үүний дараа дараах асуултыг асууж хичээлийн хүрээнд үзсэн ойлголтыг нэгтгэн дүгнэнэ.

Хэлэлцүүлгийн асуултууд 
  1. Энх тайвны талаар өмнө нь мэдэхгүй зүйлээ мэдэж авсан уу? Тийм бол ямар зүйлийн тухай мэдэж авсан бэ?
  2. Энх тайвныг бий болгоход хүүхдүүд бид нар юу хийж чадах вэ? Юу хийх хэрэгтэй гэж бодсон бэ?
  3. Дайн тулаан, мөргөлдөөн ба энх тайвны аль нь чухал вэ? Бид яагаад энх тайвныг дэмжих ёстой вэ?

Хүүхдүүдийн хариултад үндэслэн дараах агуулгыг нэгтгэн дүгнэхэд анхаарна. 

  • Энх тайван нь заримдаа хуурмаг хэлбэртэй байдаг. Хэдийгээр дайн тулаан, хүчирхийллийн шууд аюул занал байхгүй ч хүмүүс амар тайван амьдарч чадахгүй, түгшүүртэй байх нь хуурмаг энх тайван юм. Хүмүүс бид энх тайвныг цогцлоох учиртай.
  • Энх тайван бий болгоход хүн бүрийн оролцоо хэрэгтэй. Хүүхдүүд ч бас эргэн тойрондоо энх тайвныг бий болгоход чухал үүрэг гүйцэтгэдэг.
  • Энх тайван нь хувь хүнд, гэр бүлд, орон нутагт, улс оронд, олон улсад, дэлхий дахинд хамаатай түгээмэл ойлголт юм.
  • Гэр бүлийн энх тайван хувь хүнээс, орон нутгийн энх тайван гэр бүлээс, улс орны энх тайван орон нутгаас гэх мэт энх тайван нь бүх түвшинд уялдаатай.
  • Энх тайванд хамгийн их аюул занал учруулдаг зүйл нь үл хүндлэл, ялгаварлан гадуурхалт, хүчирхийлэл, дайн тулаан юм. Хүмүүс бид хүчирхийлэл, дайн тулаанаас ямагт зайлсхийж энх тайвныг бий болгохын төлөө хичээх ёстой.
  • Дайн тулаан, мөргөлдөөн бол энх тайванд хамгийн их аюул занал учруулдаг зүйл юм. Тиймд манай улсад тохиолдохгүй байгаа ч гэсэн өөр улс оронд болж буй дайн тулааныг зогсоохын төлөө дэлхийн бүх хүмүүс шаардах, тэмцэх ёстой.

Багш хичээлийг нэгтгэн дүгнэх үүднээс нөөц хэрэглэгдэхүүн 1.6-д өгөгдсөн үгийн сүлжээг хүүхэд бүрд тараан өгч 5 минутын хугацаанд бөглүүлнэ. Үгийн сүлжээнд 5 үг багтсан ба багш үг бүрийг нэг бүрчлэн асууж үгийн сүлжээг зөв бөглөсөн эсэхээ хамтдаа шалгана. Үүний дараа үгийн сүлжээнд дурдагдсан үг ойлголтуудын талаар товч хэлэлцүүлэг өрнүүлж хүүхдийн ойлголтыг бататгаж, нэгтгэн дүгнэнэ.

Нөөц хэрэглэгдэхүүн 1.5. Энх тайвны баатрууд, тэдний уриа

Нийтлэсэн: admin 2023-05-17 01:54:10