ҮНДСЭН ОЙЛГОЛТУУД


Биологийн төрөл зүйл: Биологийн олон янз байдал гэдэг нь дэлхий дээрх амьд бие организмын олон янз байдал юм. Тухайлбал хуурай газар, далай тэнгис, усан орчны экосистем, экосистемийн бүрэлдэхүүн хэсэг болох амьтан, ургамал зэрэг амьд биет болон тэдгээрийн генетикийн олон янз байдлыг багтаасан нийлмэл ойлголт юм. 
Биологийн нөөц: Энэ нь хүн төрөлхтний эдийн засаг, нийгмийн хөгжилд чухал ач холбогдолтой бөгөөд түүний үнэ цэн, ач холбогдлыг дэлхий нийтээр ойлгох нь өсөн нэмэгдэж байна. Үүний зэрэгцээ хүний үйл ажиллагааны дарамтад өртөж, устаж үгүй болж байгаа амьтан, ургамал, экосистемийн хэмжээ, хамрах хүрээ сүүлийн хоёр зууны турш улам нэмэгдсэний улмаас өнөөдөр дэлхийн хүн амын хэрэглээ нь манай дэлхийн биологийн нөөцөөс 1,5 дахин хэтэрч дэлхийн хүн амын өсөлт, улс орнуудын хөгжлийн түвшинтэй уялдан нөөцийн тэгш бус хуваарилалт, зохисгүй ашиглалтын улмаас 1970-2010 оны хооронд зөвхөн сээр нуруутан амьтдын тоо толгой гэхэд л 52 хувиар буурсан байна.
Экологийн ул мөр: Өнөөдөр зэрлэг ан амьтан, ургамлын тоо цөөрсөөр, зарим нь бүр устах аюул нүүрлэсээр, химийн аргаар гарган авч буй байгалийн бус хиймэл бодисийн тоо хэмжээ улам нэмэгдсээр, дэлхийн уур амьсгал өөрчлөгдсөөр байна. Эх дэлхий маань ойролцоогоор 13,6 тэрбум га газар нутаг, далай тэнгисээс бүрдэх бөгөөд энэхүү нөөц нь бидний хоол, хувцас, орон байраар хангахын хажуугаар бидний ялгаруулж буй нүүрс хүчлийн хий болон хог хаягдлыг өөртөө шингээдэг. Нэг минут тутамд дэлхий дээр 37 хөл бөмбөгийн талбайн хэмжээтэй дүйцэхүйц ширэнгэн ой устан үгүй болж, 45.000 гаруй далан, хаалт байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж, нэг тэрбум гаруй хүн цэвэр усаар гачигдахын зовлонг эдэлж байна. Далай, тэнгист амьдарч буй загас, халимны тоо маш хурдацтайгаар буурсаар байна. Түүнчлэн бидний хэрэглээ болон үйлдвэрлэлийн энэхүү хэмнэл үргэлжилсээр байвал 2050 он гэхэд бидэнд хоёр эх дэлхий шаардлагатай болно. Тиймээс бид байгалийн нөөцийн хэрэглээг зохисгүй хэрэглэж байгаль орчинд ямар хохирол, хор нөлөө үзүүлж байгаа талаар нарийн ойлголт, мэдлэгтэй болох хэрэгтэй юм. 

Нийтлэсэн: user 2023-04-21 02:45:53