УНШИЖ СУДЛАХ МАТЕРИАЛ
МОНГОЛ ОРНЫ БЭЛЧЭЭРИЙН ОНЦЛОГ
Төв Азийн экологийн нөхцөлд байгалийн урт хугацааны шалгарал, мал маллагааны олон зууныг дамжиж ирсэн уламжлалт аргын үр дүнд биологи, удамшил, экологийн онцгой шинжийг хадгалсан нутгийн монгол мал нь байгаль цаг уурын хатуу ширүүн нөхцөлд дасан зохицсон, жилийн дөрвөн улиралд бэлчээрийн маллагаанд байдаг онцлогтой. Монголын бэлчээрийн уламжлалт мал аж ахуй олон зууны туршид газар-мал-хүн гэсэн үйлдвэрлэлийн хүчин зүйлсийн харилцан шүтэлцээтэйгээр бие биеэ тэтгэн хөгжиж ирсэн түүхтэй. Тус салбарын хөгжил нь газар (бэлчээр) болон мал хэмээх биологийн зүй тогтлоороо нөхөн сэргээгдэж байдаг байгалийн нөөцөд тулгуурладаг билээ.
Монгол орны хувьд байнга нөхөн төлжиж сэргээгдэж байдаг үндэсний баялаг - мал сүргийн тэжээлийн үндсэн эх үүсвэр нь байгалийн бэлчээр мөн бөгөөд мал аж ахуйн салбарын тогтвортой хөгжлийг тодорхойлогч хамгийн гол хүчин зүйл мөн. Монгол Улс бэлчээрийн талбайн хэмжээгээрээ дэлхийн эхний 11 орны тоонд багтдаг бөгөөд тус улсын нийт нутаг дэвсгэрийн 71.6% буюу 112.1 сая га талбайг бэлчээр эзэлдэг. Энэ нь 66.4 сая толгой малын бэлчээр төдийгүй зэрлэг ан, амьтдын өсөж үржих байршил нутаг юм. Мал аж ахуйд бэлчээр нь аж ахуйг байршуулах суурь болоод зогсохгүй үйлдвэрлэлийн үндсэн нөөц, биологийн олон янз байдлын оршин тогтнох гол талбар байдаг.
Монгол орны бэлчээрт 103 овог, 620 шахам төрөлд хамаарах 2500 орчим зүйл ургамал ургаж, 200 гаруй үндсэн хэв шинжийг бүрдүүлдэг. Эдгээрээс 600 орчим зүйл нь малын тэжээлийн ач холбогдолтой болохыг эрдэмтэн судлаачид тогтоожээ. Малын жилийн хэрэгцээт тэжээлийн 98 хувийг байгалийн бэлчээр, хадлангаар хангаж байна. Ургамлыг тэжээн тэтгэх чадвартай газрын хөрсний өнгөн давхаргын үржил шимийг бэлчээрээр дамжуулан хүртэж, улмаар эдийн засгийн ашиг тусаа өгдөг онцлогтой юм. Дээр дурдсан үндэслэлээр бэлчээрийн мал аж ахуйг “биологийн амьд үйлдвэрлэл” хэмээн тодорхойлж болно. Ургамал судлаач А.А.Юнатов 1940-1951 онуудад Монголд явуулсан хадлан, бэлчээрийн тусгай экспедицийн судалгааны үр дүнд туурвисан “БНМАУ-ын ургамлан нөмрөгийн үндсэн шинжүүд” хэмээх бүтээлдээ манай орны бэлчээр, түүний ургамлан бүрхүүлийн онцлогийг анх удаа олон талаас нь судалж, дараах байдлаар тодорхойлжээ:
- Монгол орны газар зүйн ерөнхий болон онцлог шинж нь далайн түвшнээс өндөрт оршдог;
- Азийн эх газрын төв хэсэгт гадаад далайгаас тусгаарлагдан оршдог байршилтай бөгөөд өндөр уулс нь агаарын чийглэг урсгал нэвтрэх замыг хааж байдаг;
- Эрс тэс уур амьсгалтай, агаарын температурын улирлын болон хоногийн хэлбэлзэл ихтэй, жилд унах хур тунадасны хэмжээ бага, тархалт харилцан адилгүй;
- Чийг, дулааны хүртээмжээс шалтгаалж ургамал ургах хугацаа богино, жилд дунджаар 90-120 хоногт багтдаг;
- Газрын хөрсний түгээмэл шинж нь гол төлөв шавранцар ба элснээс тогтсон хөнгөн механик бүтэцтэй байдаг;
- “Нутгийн ургамал нь ганд тэсвэртэй, хүйтэнд өлчир чанар нь экологийн тохиромжгүй нөхцлийг даван туулахад зохицсон” гэж үзжээ.
А.А.Юнатов Монгол улсын нутаг дэвсгэр дээрх ургамлан нөмрөгийг газрын гадаргын онцлог, ургамалжилтын байдлаар дараах 6 бүс, бүслүүрт хуваажээ.
Зураг 1. Монгол орны байгалийн бүс бүслүүрийн ангилал А.А.Юнатов
1. Өндөр уулын бүслүүр; 2. Уулт тайгын бүслүүр; 3. Уулын хээр, ойн бүслүүр; 4. Хээрийн бүс; 5. Цөлийн хээрийн бүс; 6. Цөлийн бүс. |
Мөн Монгол орны бэлчээр дэх тэжээлийн гол ургамлуудыг судалж, аж ахуйн ач холбогдлоор нь хэд хэдэн бүлэг болгон хувааж авч үзэхийн зэрэгцээ өвс ургамлын төрөл бүрийн малд тохирох шинжид нь үнэлгээ өгсөн байна. Тухайлбал, Хангайн бүсийн бэлчээр үхэр, адуу болон хонь, ямаанд илүү тохиромжтой, говийн нутгийн ихэнхийг эзлэх цөлийн хээр нь бог мал, тэмээнд илүү, адуу, үхэрт бага зохимжтой, жинхэнэ цөлд байгаа ургамлын тэжээлийн байдал нь энд зөвхөн тэмээ, бог малаас ямаа голдуу адгуулах боломжтой. Байгалийн бүс, бүслүүрийн онцлогийг дагаад ургамалжилт, бэлчээрийн хэв шинж өөр өөр байх бөгөөд мал сүргийн байршил ч ялгаатай. Өргөн уудам нутагт экологийн тогтолцоо харилцан адилгүй байгаа нь цаг уурын таагүй нөхцөлөөс мал сүргээ авран хамгаалах боломж олгодог онцлогтой.
Тухайлбал, малчид хаврын их хуурайшил, зуны их гантай үед өндөр уул, ойн болон голын сав дагуух нугийн бэлчээрт малаа төвлөрүүлж байгалийн бэрхшээлийг даван туулдаг. Аж ахуйн ач холбогдол болон тархацын хувьд Монгол оронд өндөр уулын, уулын хээрийн, хээрийн, цөлийн хээрийн болон цөлийн бүс, бүслүүрийн бэлчээр голлодог болохыг тогтоосон бөгөөд дээр дурдсан ангилал өнөөдөр ч судалгаа болон үйлдвэрлэлд суурь эх сурвалж болж ашиглаж байна.
Монгол орны бэлчээр нь газар нутаг, уур амьсгал, ургамлын болон амьтны аймгаараа эрс ялгаа бүхий өндөр уул, ойт хээр, хээр, цөлөрхөг хээр, цөл гэсэн экологийн таван бүсэд хуваагддаг.
Зураг 2. Монгол орны байгалийн бүс бүслүүрийн зураг
Хүснэгт 1. Монгол орны бэлчээрийн бүлэг
№ | Бэлчээрийн бүлэг | Тархалт | Га-гийн дундаж ургалт ц/га | Бэлчээх тохиромжтой боломжтой мал |
---|---|---|---|---|
1 | Өндөр уулын бэлчээр | Монгол Алтай, Хангай, Хэнтий, Хөвсгөлийн уулархаг нутагт | 2 | Сарлаг, цаа буга, бог мал |
2 | Өндөр уулын ойн бэлчээр | Хэнтий, Төв, Сэлэнгэ, Булган, Архангай, Өвөрхангай, Увс, Завхан, Баянхонгор аймгийн нутагт тохиолддог | 4-8 | Үхэр, адуу, бог мал |
3 | Уулын нуга-хээрийн бэлчээр | Ойт хээрийн бүсэд болон Завхан, Архангай, Баян-Өлгий, Булган, Увс, Ховд, Говь-Алтай аймагт тархсан |
3-8.5 | Адуу, үхэр, бог мал |
4 | Хээрийн бэлчээр | Дорнод Монгол, Дундад халхын тэгш өндөрлөгийг хамарч баруун тийш нарийсан Хангайн нурууны өврийн нам уулс, Хан-Хэнтийн өмнөд бэл хүртэл нарийн зурвас газраар Их нууруудын хотгор хүртэл | 2.0-7.0 | Адуу, үхэр, хонь |
5 | Цөлөрхөг хээрийн бэлчээр | Монголын хээр, Их нууруудын хотгор, Олон нуурын хөндий, Дорноговийн нам өндөрлөг, Говь-Алтайн нуруу | 1.0-4.0 | Тэмээ, ямаа, хонь |
6 | Цөлийн бэлчээр |
Алтайн өндөр говь, Зүүн гарын говь, Галбын говь, Борзонгийн говь | 1.0-3.3 | Үхрээс бусад мал |
7 | Загт бэлчээр | Алтайн чанад дахь говь, цөлөрхөг хээрийн урд талд | 06.-1.5 | Тэмээ |
8 | Нуга хөндийн бэлчээр | Дорнод, Хэнтий, Сэлэнгэ, Булган, Төв, Архангай, Хөвсгөл, Ховд аймгийн гол мөрний сав, уулсын хоорондох хөндийд тохиолдоно | 5.0-20.0 | Үхэр, адуу, бог мал |
9 | Хужирлаг нам дор газрын бэлчээр | Ховд, Дорнод, Говь-Алтай, Увс, Завхан, Өмнөговь, Баянхонгор, Дундговь, Хэнтий, Сүхбаатар аймгийн нутагт тохиолдоно | 0.8-8.0 | Үхэр, тэмээ, бог мал |
10 | Элсний ургамалт бэлчээр |
Завхан, Баян-Өлгий, Увс, Говь-Алтай, Өвөрхангай, Дорнод, Булган, Төв, Сэлэнгэ, Хэнтий аймгийн элс бүхий газарт | 1.5-3.5 | Бог мал, тэмээ |
Зураг 3. 2018 оны Монгол улсын малын тоо толгой
ЭКОСИСТЕМИЙН ҮЙЛЧИЛГЭЭ, ТҮҮНИЙ ТӨРЛҮҮД
Экосистемийн хангамжийн үйлчилгээ (Provisioning services)-нд хүн төрөлхтний хүрээлэн буй орчин, экосистемээсээ авч ашиглаж буй бүхий л бүтээгдэхүүнүүд хамаарна. | ||
1. Хоол хүнс (Food): | ||
Ургамал, амьтны түүхий эдээс гарган авсан бүхий л хүнсний хэрэглээний бүтээгдэхүүнүүд; | ||
2. Мяндас (Fiber): | ||
Мод, джуг, хөвөн, олсны ургамал, ноос, ноолуур гэх мэт ургамал, амьтны гаралтай түүхий эд, материалууд; | ||
3. Биохимийн болон байгалийн гаралтай эм бэлдмэл | ||
Олон төрлийн эм, бэлдмэлүүд, биоцидууд, хүнсний нэмэлт бодисууд болон байгаль экологиос гарган авч буй биологийн бүтээгдэхүүнүүд; | ||
4. Генетикийн нөөц (Genetic resources): | ||
Биотехнологи болон ургамал, амьтны эвцүүлэг, үржүүлэг зэрэгт ашиглагдах зориулалт бүхий генийн мэдээлэл, удмын сан; | ||
5. Гоёл чимэглэлийн нөөц (Ornamental resources) | ||
Мал амьтны арьс, хуяг, хясаа болон өнгө үзэмж бүхий цэцэгс гэх мэт амьтан, ургамлаас авч чимэглэлийн зориулалтаар ашиглаж болохуйц бүтээгдэхүүнүүд; | ||
6. Цэнгэг ус (Fresh water): | ||
Хүн төрөлхтөн унд, ахуй, аж үйлдвэрлэл зэрэг зориулалтаар байгалийн усыг ашигладаг тул цэвэр усыг хангамжийн хэлбэрт оруулж болох юм. Түүнчлэн байгаль дахь усны их, бага эргэлт нь бусад экосистемийн үйлчилгээний хэлбэрүүдийг бүрдүүлэх, оршин тогтнох нөхцлийг бий болгох тул дэмжих үйлчилгээний хэлбэрт мөн хамаарагддаг. | ||
Экосистемийн зохицуулах үйлчилгээ (Regulating services)-нд хүн төрөлхтний хувьд хүрээлэн буй орчин, экосистемийн бүхий л үйл явц, процессуудын зохицуулалтаас хүртэж болох үр ашгууд хамаарагдана. |
||
1. Агаарын чанарын зохицуулалт (Air quality regulation): | ||
Экосистемийн хэв шинж нь агаар мандал дахь химийн элементүүдийг үүсгэн бий болгох, түүнийг задлан хувиргахад аль алинд нь нөлөөлж байдаг тул агаарын чанар урсгал, түүний зохицуулалтад олон талаас нь харилцан үйлчилдэг. | ||
2. Уур амьсгалын зохицуулалт (Climate regulation): | ||
Экосистемийн хэв шинж нь глобал болон бүс нутгийн түвшинд уур амьсгалын бүсүүд үүсэн тогтоход нөлөөлдөг. Бүс нутгийн хэмжээнд жишээлбэл тухайн экосистемийг бүрдүүлж буй газар нутгийн газар ашиглалтын хэв шинжийн төрөл, талбайд өөрчлөлт ороход л уур амьсгалыг бүрдүүлэгч гол үзүүлэлтүүд болох агаарын температур болон хур тунадасны аль алинд нь нөлөөлнө. Глобал түвшинд авч үзвэл дэлхийн агаар мандал дахь хүлэмжийн хийн ялгарал, түүний шингээлтийг зохицуулах, хэвийн түвшинд нь хадгалах зэрэгт экосистем чухал нөлөөтэй байдаг. | ||
3. Усны зохицуулалт (Water regulation): | ||
Сав газрын усны урсац, өнгөрөлт, уст давхаргын усны нөөц, зарцуулга, үерийн эрчим зэргийн өөрчлөлт, хэлбэлзэлд тухайн сав газрын бүрхэвчийн хэв шинжийн өөрчлөлт ихээр нөлөөлдөг. Тухайлбал, ус намгархаг газар болон ойн бүрхэвч бүхий газар нутаг өөрчлөлтөд орж тариалангийн, бэлчээрийн талбай болон ашиглагдах бүр цаашлаад аж үйлдвэржилт, хүний үйл ажиллагаанд өртөн хотжилтын бүс болон хувиран өөрчлөгдөж, ашиглагдах зэрэг нь тухайн сав нутгийн гадаргын болон газрын доорхи усны нөөц, урсац, түүний зохицуулалтад зайлшгүй сөрөг нөлөөг үзүүлдэг. | ||
4. Элэгдэл, эвдрэлийн зохицуулалт (Erosion regulation): | ||
Ургамлын бүрхэц, нөмрөг бүхий экосистемийн тодорхой хэв шинж бүхий газар нутаг нь ургамлан бүрхэвчийн тусламжтайгаар тухайн газарт хөрсний элэгдэл, эвдрэл цаашлаад хөрсний гулсалт зэрэг үйл явцуудыг явагдахаас сэргийлж байдаг. | ||
5. Ус цэвэршүүлэлт болон хаягдал усыг боловсруулах (Water purification and water treatment): | ||
Экосистем нь жишээлбэл гадаргын усны хувьд бохирдлын эх үүсвэр нь байж болохоос гадна эх газрын, далайн эргийн болон далайн экосистемд хамаарч буй гадаргын болон газрын доорх усны эх үүсвэрүүд дэх органик хог хаягдлыг шүүн, задлах байгалийн аясаараа цэвэрших, задрах үйл явц явагдахад нь тусалж, задралд орсон органик нэгдлүүдийг хөрс, газрын хэвлийн дагууд элэгдэл, эрозийн үйл явцуудаар дамжуулан шингээж, хоргүйжүүлэх зэрэгт мөн оролцдог. | ||
6. Өвчин эмгэгийн зохицуулалт (Disease regulation): | ||
Аливаа экосистемийн цар хүрээ, түүний өөрчлөлт нь булчин задрах тахал (cholera) зэрэг өвчлөл үүсгэгч, эмгэг төрүүлэгч жижиг организм болоод түүнийг дамжуулагч (шумуул гэх мэт) амьд биетийн тархалтыг тогтоон барих эсвэл тараан тархаахад ихээр нөлөөлж, уг төрлийн зохицуулалтыг явуулдаг. | ||
7. Хортон шавжийн зохицуулалт (Pest regulation): | ||
Аливаа экосистем дэх өөрчлөлт нь тухайн нутаг дэвсгэр дэх газар тариалан, мал аж ахуйн үйл ажиллагаанд нөлөөлж, хортон шавж, халдвар өвчний тархалтыг бий болгоход нөлөөлөх боломжтой. | ||
8. Тоосжилт (Pollination): | ||
Аливаа экосистем дэх өөрчлөлт нь тоос хүртээгчдийн үр өгөөжтэй байдал, тоос хүртээх үйл явцын тархалт, цар хүрээ зэрэгт нөлөөлдөг. | ||
9. Байгалийн аюулт үзэгдэл, үйл явцын зохицуулалт (Natural hazard regulation): | ||
Жишээлбэл мангро мод /эх газар, далай хоёрын уулзвар халуун орны бүс нутагт байрлах нэгэн зүйл мод/, шүрэн хад бүхий далайн эргийн экосистемийн хэв шинж нь тухайн газар нутгаа далайн хар шуурга, томоохон давалгааны аюул эрчмээс хамгаалах, эрсдлийг бууруулах зохицуулалтыг бүрдүүлсэн байдаг. | ||
Экосистемийн соёлын үйлчилгээ (Cultural services)-г хүн төрөлхтөн амралт, гоо зүй, оюун санаа болон бие махбодын тайвшралыг мэдрэх замаар буюу материаллаг бус хэлбэрээр экосистемээс хүртдэг. |
||
1. Соёлын олон янз байдал (Cultural diversity): | ||
Экосистемийн өөрийнх нь олон хэв шинж бүхий байдал нь дэлхий даяар соёлын олон янз байдал үүсэн бүрэлдэх эх нөхцөл нь болдог. | ||
2. Оюун санааны болон шашны үнэт зүйлс (Spiritual and religious values): | ||
Дэлхийн ихэнх шашны урсгал, зан үйлийн төрөлд байгаль, экосистемтэйгээ хэрхэн харьцах, түүнийг тэтгэн хайрлах тухай зарчим, ойлголтыг агуулсан байдаг. | ||
3. Мэдлэг ойлголтын систем (уламжлалт болон албан ёсны) | ||
Байгаль экосистем нь соёлын олон янз байдалтай уялдан хөгжиж бий болсон мэдлэг ойлголтын системийн төрлүүдэд нөлөөлдөг. | ||
4. Боловсролын үнэт зүйлс (Educational values): | ||
Экосистем, түүний бүрэлдэхүүн хэсгүүд, үйл явц нь хүний нийгэмд албан ба албан бус боловсролыг нэг нэгэндээ олгох үндэс суурь нь болдог. Байгаль экологид суурилсан эрдэм, мэдлэг буюу байгаль, экологийн зарчмын суурийг ойлгох, ухамсарлах зэрэг нь боловсрол, мэдлэгийн салбарыг анхлан үүсгэхэд чухал нөлөөлсөн. | ||
5. Урам зориг (Insparation): | ||
Байгаль экосистем нь урлаг, ардын аман зохиол, үндэсний бэлгэдэл, архитектур, бүтээн байгуулалтын санаа шийдлийг олох урам зоригийн баялаг эх сурвалж болдог. | ||
6. Гоо зүйн үнэт зүйлс (Aesthetic values): | ||
Ихэнх хүн байгаль экосистемээс олон янзын хэв шинж бүхий гоо сайхан, гоо зүйн үнэт зүйлсийг мэдэрч, анзаардаг бөгөөд иймд ч оршин амьдрах орон сууц, амарч зугаалах, тайвшрах газар байршлаа сонгохдоо тухайн газар, орон нутгийн экосистемийн гоо зүйн үнэт байдлыг харгалзан авч үздэг. | ||
7. Нийгмийн харилцаа (Social relations): | ||
Экосистем нь тодорхой соёлд хэвшиж тогтсон нийгмийн харилцааны төрлүүдэд нөлөөлдөг. Тухайлбал, далайн эргийн экосистемд оршин амьдрах загас агнуур голлон эрхлэх нийгмийн бүлэг болон эх газрын экосистемд нүүдэллэн амьдрах хөдөө аж ахуй голлон эрхлэх нийгмийн бүлгүүдийн хоорондох ялгаатай нийгмийн харилцааны төрлүүд үүсэн хэлбэржихэд тухайн газрын экосистемийн шинж байдал нөлөөлсөн. | ||
8. Таатай, тухтай мэдрэмж төрүүлэх (Sense of place): | ||
Тодорхой байршил бүхий газар орноос тухайн хүн өөрт таатай, тайван мэдрэмжийг авахыг “Sense of place” хэмээн ойлгож болох юм гэж соёлын газар зүйчид болон антропологичид үздэг. Нөгөөтэйгүүр тухайн хүн тайвшрах, тайтгарлыг олоход тодорхой нэг хэв шинжийг л агуулсан экосистемийн хэв шинж бүхий орчин тусалдаг байна. | ||
9. Соёлын өвийн үнэт зүйлс (Cultural heritage values): | ||
Ихэнх улс орон түүхэн үйл явц, болон соёлын хөгжил, үүсэлтэй чухал хамааралтай газар нутгуудыг үнэ цэнтэй гэж үзэн онгон дагшнаар нь хамгаалж, улсын болон орон нутгийнхаа хамгаалалтад авдаг. | ||
10. Рекреаци болон эко аялал жуулчлал (Recreation and Ecotourism): | ||
Ихэнх хүн өөрийн амралт чөлөөт цагаа өнгөрөөх газраа ихэвчлэн тухайн бүс нутгийн байгалийн ландшафт, экосистемийн таатай байдалд нь тулгуурлан сонгодог. | ||
Экосистемийн дэмжих үйлчилгээ (Supporting services): Экосистемийн дэмжих үйлчилгээний хэлбэр нь хангамжийн, зохицуулах, соёлын зэрэг үйлчилгээний хэлбэрүүдийг тогтвортойгоор оршин тогтнох нөхцлийг тухайн экосистемд бий болгоход нөлөөлдөг. Тиймдээ ч дэмжих үйлчилгээний хэлбэрт гарсан аливаа өөрчлөлтүүд нь хүн төрөлхтөнд шууд хэлбэрээр, богино хугацаанд мэдрэгддэггүй хэдий ч хүн төрөлхтнийг эх дэлхийтэйгээ зохицон амьдрахад амин чухал нөлөөтэй экосистемийн үйлчилгээнүүд нь дэмжих үйлчилгээний хэлбэрт хамаарагддаг. |
||
1. Хөрс үүсэх үйл явц (Soil formation): | ||
Хүн төрөлхтөн экосистемээс хангамжийн хэлбэрээр авч буй ихэнх үр ашиг бүрэлдэн бий болоход тухайн газар нутгийн хөрсөн бүрхэвчийн хэв шинж, түүний үр ашигтай байдал чухал нөлөөтэй. | ||
2. Фотосинтезийн үйл явц (Photosynthesis): | ||
Эх дэлхийн экосистемд оршин амьдарч буй ихэнх амьд организмын оршин тогтноход зайлшгүй шаардлагатай хүчилтөрөгч нь тус үйл явцын үр дүнд бий болдог. | ||
Анхдагч бүтээгдэхүүн (Primary production): | ||
Органик бус нүүрстөрөгч болон бусад органик бус шим тэжээлийн бодисуудыг автотрофууд органик бодис болгон шингээж, хуримтлуулах үйл явцыг хэлэх бөгөөд анхдагч бүтээгдэхүүн нь ихэнх экосистемд хүнс тэжээлийн хэлхээ, холбоог үүсгэхэд чухал нөлөөтэй байдаг. | ||
3. Шим тэжээлийн бодисын эргэлт (Nutrient cycling): | ||
Амьдралд зайлшгүй шаардлагатай азот, фосфор гэх мэт 20 орчим шим тэжээлийн бодис байдаг бөгөөд тэдгээрийг экосистемийн хэв шинжүүд болон газар нутгуудад тархалт, агууламжийн хүрээнд хуваарилан хуримтлуулахад шим тэжээлийн бодисын эргэлт чухал ач холбогдолтой. | ||
4. Усны эргэлт (Water cycle): | ||
Усны их, бага эргэлтийн тусламжтайгаар дэлхий дээрх мандлууд болон экосистемүүдэд хэрэгцээтэй ус хуваарилагдан, хуримтлагдаж цаашлаад хүн ам, амьд организмын усан хангамж, аж үйлдвэр, хөдөө аж ахуйн гэх мэт төрөл бүрийн зориулалтаар ашиглагдаж амьдралыг тэтгэж байдаг. |
БАЙГАЛЬ ХАМГААЛАХ ТӨРТ ЁС, БАЙГАЛЬ ХАМГААЛАХ ЭРТНИЙ ХУУЛЬ ЦААЗААС
Эртний монголчууд байгалиа хайрлан хамгаалах уламжлалаа төрийн бодлогодоо тусган хэрэгжүүлж байсан ард түмэн. Тэртээх 2200 жилийн өмнө Хүннүчүүд Отгонтэнгэр уулыг тахиж зун, намрын цагт их тайлга хийдэг байсан байна. Бидэнд өвлөгдөн ирсэн байгаль хамгааллыг хуульчилсан анхны хууль бол Чингис хааны алдарт “Их Засаг” хууль, “Алтан хааны цааз бичиг”, Монголын Их Юань гүрний “нэвтэрхий хууль”, “Дөчин дөрвөн хоёр их цааз”, “Ойрадын цааз” болон арван зургаадугаар зууны “Халх Журам” хэмээх хууль цаазын бичиг, “Зарлигаар тогтоосон Монгол улсын хууль зүйн бичиг”-т монгол төрийн бодлого тусгагдсаар ирсэн байдаг юм.
Монголчууд бид онгон тансаг байгальтайгаа үлдсэн үлэмжийн их хувь заяатай ард түмэн билээ. Бид бишрэх, бахархах, хайрлан хамгаалах юмны нэг нь энэ мөн. Байгалиа гэсэн монгол түмний маань өнө мөнхийн өв уламжлал, үнэт сайхан зан үйл арвин болох нь эрдэмтэд, судлаачдын бүтээл туурвилаас аяндаа мэдрэгдсээр байна. Уламжлалаасаа сурах, түүнийг өвлүүлэх нь хэн хүнд хамаатай үйлс гэдгийг “Байгаль орчныг хамгаалах тухай” хуульд тусган оруулж, байгаль орчныг хамгаалах үндэсний уламжлал, зан заншил эзэмших хэрэглэх, үр хүүхдэдээ хүмүүжил олгох нь иргэн бүрийн үүрэг мөн гэж заажээ. Уламжлал болсон ёс заншлыг байгаль орчинд хандах хандлага агуулга, арга билгийн хувьд энэрэл хүндэтгэл, хорио цээрлэл, сургаал номлол, сүсэг бишрэл, ажиглалт танин мэдэхүйн гэсэн 5 үндсэн ангилалд хувааж үзэж болох юм.
“Байгаль орчныг хамгаалах” гэдэг ухагдахуун нь монголчуудын хувьд түүнийг гаднын ямар нэгэн хүч нөлөөнөөс халхалж хаацайлахын нэр бус, эвдрэл доройтолд орсных нь дараа нөхөн сэргээх арга замыг сүвэгчлэхийн ч нэр бус, харин тэрхүү болзошгүй доройтлоос урьдчилан сэргийлэх; байгалийн зүйд захирагдан, байгаль орчинтойгоо ухаалгаар зохицон амьдрах; газар дэлхийгээ эхтэйгээ зүйрлэн, хүндэтгэн дээдлэх; түүнд хүмүүнлэг сэтгэлээр хандан, амьтан ургамлыг нь энэрэн хайрлах; экологийн өндөр ёс зүйтэй байж нөөц баялгийг нь ариглан гамнахын нэр байж иржээ.
Нүүдэлчин ард түмний хувьд монголчууд байгаль дэлхийтэйгээ байнга харьцаж уул, ус, ургамал, ан амьтдаа хамгаалах ёс жаяг, зан үйл, уламжлалтай ард түмэн билээ.
Овоо тахилга үйлдэх зан үйл нь мөн л эрт цагаас хэвшсээр ирснийг тэмдэглэвэл зохино. Монголчууд уул толгод, даваа хөтөл дээр овоо босгож, түүнийгээ хүндэтгэн тахиж байгаль орчноо хайрлан хамгаалсаар ирсэн. Уул овоо тайх, овооны тахилга хийх зан үйлийг үйлдэхдээ тухайн газар нутгийн эзэн лус савдгийн зан араншин, нутаг хошууны ард олны хэвшиж тогтсон уламжлал зэрэгт тохирсон тус тусын зориулалт бүхий уншлага үйлдэж, сан тавьж, арц хүж уугиулж, цай унд, идээ цагаа, мах шүүснийхээ дээжийг уул усандаа өргөдөг. Овоонд зөвхөн мод чулуу нэмэрлэж тун энгийн хэлбэртэй ёслол үйлдээд дараа нь морь уралдуулах, бөх барилдуулах бэсрэг наадам хийдэг. Тахилгатай овооны дэргэдүүр өнгөрч буй хүн морь, хөсгөөсөө бууж, гурвантаа тойрч, хадаг яндар уяж чулуу өргөн хүндэтгэл үзүүлдэг. Энэ нь хангай дэлхийдээ хайр энэрлийн хүндэтгэл үзүүлсэн энгийн даруу, ахуй амьдралын нэгэн хэв шинж болсоор иржээ. Овоо тахих зан үйл уламжлал нь уул овооны эзэн лус савдгийг аргадах байдлаар байгаль цаг уурыг сайхан байлгах ялангуяа бороо хур оруулах чиглэлд хандсан монголчуудын эрт дээр үеэс уламжлан ирсэн байгальтай харьцдаг арга ухаан гэж үзэж болно.
Үүний нэгэн адил мал аж ахуй нь бэлчээр, цаг уур, гол устай өөрөөр хэлбэл байгаль дэлхийтэй хүйн холбоотой. Эдгээр учир шалтгааны улмаас эртнээс нааш Монголчууд байгаль орчинтойгоо аядуу зөөлөн харьцаж, зохицож амьдарч иржээ. Ийн амьдарч ирэх явцад байгаль хамгаалах зан үйл, ёс заншил, уламжлал бүрэлдэн тогтож үеэс үед уламжлагдан ирсэн байна.
Шинжлэх ухаантай холбогдож байгаа байдал
Уул овоо тахих ёс, ан гөрөө хийх ёс жаяг, байгалиа энэрэн хүндэтгэх ёс заншил, модыг хүндэтгэн үзэх, ус, гол горхи, булаг, шанд, 2 нутагтан, загас лусын амьтан, шувууг тэнгэрийн амьтан хэмээн хүндэтгэх, сургаал номлолын уламжлалыг хүн ардад түгээн хэвшүүлэх нэг гол хэрэгсэл нь үлгэр туульс, домог, дуу, ерөөл магтаал зэрэг арвин баялаг аман зохиол, ардын тоглоом, наадгай байжээ. Монголын хүн амд эдүгээг хүртэл уламжлагдан ирсэн нь өнөөгийн шинжлэх ухааны томьёоллоор бүх нийтэд экологийн боловсрол, хүмүүжил олгож байгаа хэлбэр юм.
Ажиглалт танин мэдэхүйн уламжлал нь байгаль, цаг уурын шинж байдал, элдэв үзэгдэл, хувирал өөрчлөлтийг зөвхөн зурхайн ухаанаар төдийгүй, ердийн ахуй амьдралын шинж төлөв, туршлагаараа урьдчилан танин мэдэж, тэдгээрт мал аж ахуйн хийгээд бусад ажил үйлс, амьдрал ахуйгаа зохицуулсаар ирсэн арга ухаан юм.
Ажиглалт танин мэдэхүйн уламжлалын нэг гол онцлог нь хүн, байгаль хүйн уялдаа холбоотойгоор бие биедээ харилцан татагдаж, нэг нэгнээ шүтэлцэн түшиж оршин байдгийн утга учир, мөн чанарыг харуулж байдагт оршино. Монгол хүн байгалиа хайрлан хамгаалж, түүнтэй зохицон аж төрөх талаар нийгмийн амьдралын бүх хүрээнд өнө эртнээс уламжлагдан ирсэн үндэсний бодлого, ёс заншил, амьдралын дадлага, мэдлэг, соёлтой, тэдгээрийг ард түмэн нь өөрийн өвөрмөц арга болгож уламжлуулан ашиг сонирхолдоо нийцүүлэн хэрэглэж чадсан ДИБ-ийн зорилгод нийцсэн, авч сурталчлах нэг том жишээ болох боломжтой. Түүхэн уламжлал нь ердийн нэгэн ёс заншил төдий бус, байгаль нь хүний амьдрал, оюун санааны мөнхийн эх сурвалж байж, түүнийг түшиж аж төрөх, хүний гоо сайхны таашаал байгалиас бий болж түүнд уяран татагдах мэдрэмж, сэтгэлгээг төрүүлж, тийн ухаан суулгах, хүмүүжүүлэх, танин мэдэхүйн зохицолдоог бүрдүүлж байгаа нь өнөөгийн шинжлэх ухааны томьёоллоор экосистемийн үйлчилгээ (соёлын, материаллаг нөөц хангамжийн, зохицуулалтын, дэмжих тэтгэх) ухагдахуунуудыг олгож байгаагийн нэг хэлбэр юм.
Энэ олон зан үйл, ёс заншлыг бүхэлд нь авч үзвэл эрт дээр үеэс байгалийг амьд биет гэдгийг танин мэдэж, ухварлан ойлгож, хайрлан хамгаалж байсны хамгийн том жишээ бөгөөд энэ нь өнөөгийн шинжлэх ухааны экосистем, биосфер гэсэн ойлголттой дүйцэж байна. Монгол хүн байгаль дэлхийдээ харьцаж, хандахдаа ямар үйлийг тэвчиж өнгөрөөх, байгалийн өөрөө нөхөн төлжих чадварыг хэвээр нь байлгахыг үр хойч үед ухааруулан мэдүүлэх олон талын үйл ажиллаагаар илэрч байжээ. Юуны өмнө, амьд байгалийн сэргэн төлжих, хавар зуны дэлгэр цагт өвс ногоо ургах үед газар шороогоо ухаж сэндийчих, нойтон мод, бут сөөг, гол горхи, булаг шандын эхний модыг огтлох, үр жимс, сонгино ургамлын ихээр авч ашиглахыг хориглон цээрлэсээр ирсэн уламжлал монголчуудад эртнээс тогтсон юм. Энэ нь тэдгээрийн өөр хоорондын нягт уялдаа холбоотой, харилцан шүтэлцээтэй асар нарийн уламжлалт, хүмүүжүүлэх арга ухаан юм.
Давуу тал
Суурин соёл иргэншлийг бүтээгчид нь байгалийн эсрэг буюу байгалийг өөрчлөх зүй тогтлоор хөгжиж ирсэн бол нүүдлийн соёл иргэншлийг бүтээгчид нь байгалийн хуулийг танин мэдэж түүнд зохицсон амьдралын хэв маягийг бүтээсэн юм. Нүүдэлчдийн бэлчээрийн мал аж ахуй нь байгаль орчинд ямар ч сөрөг нөлөөгүй, харин нөхөн сэргээж байдаг. Их засаг хуульд байгалийг унаган төрхөөр нь хадгалах, бэлчээрийг зүй зохистой ашиглах, уул ус, ан амьтныг хамгаалах заалт байдаг.
Ан амьтны үржих, төлжих, тарга хүч гүйцэх цаг хугацааг нарийн танин мэдэж, зөв сонгон авч ан ав хийдэг, ангийн олзоо хүндэтгэн, ариглан хэрэглэдэг байжээ.
Монголчуудын соёл иргэншил нь дахин давтагдашгүй, онцлог, давуу шинжтэй. Дэлхийн түүхэнд харилцаа холбоо, техник технологи, соёлын тархалт, байгаль хамгаалал гээд олон салбарт чухал үүргийг гүйцэтгэсэн байдаг.
Нүүдэлчдийн соёл иргэншил олон зууны туршид хэвээр хадгалагдан оршиж ирсэн цаашид, үе хойч, ирээдүйдээ хэвээр хадгалагдаж ирсэн түүхэн урт хугацаа бол шинжлэх ухааны томьёоллоор “Тогтвортой хөгжил” ойлголттой дүйж байна.
Хүн бол байгалийн нэг хэсэг, бид өөрсдийнхөө амьдралыг хайрладаг шигээ ой мод, тариалангийн газар, гол горхи усыг хайрлах ёстой гэдгийг энгийн хялбараар итгүүлж, үнэмшүүлж, ойлгуулах хэрэгтэй юм.