УНШИЖ СУДЛАХ МАТЕРИАЛ


ЭНХ ТАЙВАН БА ҮЛ ХҮЧИРХИЙЛЛИЙН ТУХАЙ

Хүмүүс бидний сайн сайхан амьдралын үндэс суурь нь энх тайван байдал юм. Энх тайвны талаар хүмүүсийн ойлголт бага зэрэг ялгаатай байдаг. Улс төр, эдийн засаг, хууль эрх зүй, нийгмийн ухааны хувьд энх тайвныг өөр өөрсдийн салбарын онцлогтой холбоотойгоор авч үзэн тайлбарладаг.

Эдийн засгийн хувьд  Ядуурлаас ангид байх буюу эдийн засгийн сайн сайхан байдалд аж төрөх 
Улс төрийн хувьд Ардчилал, сайн засаглалын үр дүнд энх тайван оршин тогтноно.
Дайны эсрэг үзлээр Дайн мөргөлдөөнийг зогсоосон цагт энх тайван тогтоно.
Хууль, эрх зүйн хувьд Хуулийг сахин биелүүлж, дэг журамтай байх нь энх тайвныг бүрдүүлнэ.
Нийгмийн хувьд  Ялгаатай бүлгүүдийн дундах зөрчлийг шийдвэрлэж, шударга ёсыг сахих замаар хүмүүс хоорондоо зохицож амьдрах нь энх тайван юм.

Бодит байдал дээр энх тайвныг зөвхөн дайн байлдааныг зогсоосноор, эсвэл хууль дэг журмыг хангаснаар, эсвэл ядуурлыг бууруулснаар бий болгож чадахгүй. Тэгэхээр энх тайван гэдэг нь бүх салбарыг хамарсан цогц (холистик) ойлголт юм.

Энхтайван ба хуурмаг энх тайван
Энх тайван хэмээх ойлголтыг 1960-аад оноос шинжлэх ухааны талаас идэвхийлэн судалж эхэлсэн. Жон Галтунг хэмээх Норвегийн судлаач энх тайван судлалыг анх санаачлан эхлүүлсэн ба, 1959 онд Осло хотноо Энхтайвны судалгааны институтыг байгуулж 1964 оноос Энх тайван судлал сэтгүүлийг үүсгэсэн байна. Түүний санаачилга НҮБ-ын зүгээс дэлхий дахины энх тайвныталаар бодлого, үзэл баримтлал хөгжихөд хувь нэмрээ оруулсан байдаг. Жон Галтунг нь Махатма Ганди ба Буддизм гэсэн хоёр эх сурвалжид үндэслэн үзэл сургаалаа боловсруулсан.

Хүмүүс энх тайван гэдгийг “дайн дажингүй байх” гэж ойлгодог. Галтунг энэ байдлыг хоёр тал хоорондоо дайтахгүй ч зөрчил тэмцэл нь байсаар байдаг учир хуурмаг энх тайван гэж нэрлэсэн байна. Гэхдээ дайн мөргөлдөөнтэй байснаас сөрөг ч хамаагүй энх тайван байх нь хамаагүй чухал учир нь хуурмаг энх тайван нь энх тайвны урьтал гэж үзсэн.

Хүмүүст шууд ба шууд бусаар нөлөөлөх дарангуйллын дэглэм, хүчирхийлэл, дарамт байхгүй үед тайван байдал оршин байж болох ч хүмүүсийн эрх, эрх чөлөө хязгаарлагдмал байвал энэ нь хуурмаг энх тайван юм. Тодруулбал дарамт хүчирхийлэлгүй л болохоос хүний сайхан амьдрах бусад нөхцөл боломж бүрдээгүй байдлыг хэлнэ. Жишээ нь сөргөлдөгч талууд бие биенийхээ эсрэг гал нээхгүйгээр тохиролцох, тоглоомын талбай эсвэл ангид зодолдохыг хориглох гэх мэт нь хүчирхийллийг хориглож буй хэдий ч далд зөрчил нь байсаар байхыг хэлнэ. Харин хүчирхийлэл, дарамтаас ангид байхаас гадна хүн аз жаргалтай, эрүүл аж төрөх, өөрийгөө илэрхийлэх, бүтээн туурвих эрх чөлөө, боломж хангагдсан нөхцөлд жинхэнэ буюу эерэг энх тайван цогцолно гэж үздэг. Эерэг энх тайвны үед хүмүүсийн дундах буруу тогтсон хандлагыг өөрчилж, ялгаварлан гадуурхалт, хүний эрхийн зөрчил, эдийн засгийн доройтол, шударга бус байдлыг арилгахын тулд хүмүүс идэвхитэй хүчин чармайлт гаргаж хамтран ажилладаг.

Хүчирхийлэл
Хүчирхийллийг хэлбэрийн хувьд бие махбодын, сэтгэл санааны, бэлгийн ба үл хайхрах гэж ангилахаас гадна шууд, бүтцийн, соёлын хүчирхийлэл гэж ангилж авч үздэг. 

  • Шууд хүчирхийлэл нь бие махбодын хувьд зодож гэмтээх, зодолдох, хүчирхийлэх, өвтгөх, тамлан зовоох, амь насанд заналхийлэх, хэл амаар доромжлох зэрэг хүчирхийллийн хэлбэрүүдийг агуулдаг.
  • Бүтцийн хүчирхийлэл нь хууль тогтоомж, дүрэм журам, ёс заншил зэргээр дамжин тухайн нийгэмд бүрэлдэн тогтсон байдаг ба нийгмийн тодорхой хэсгийг бусдаас нь ялгаварлан гадуурхсан шинжтэй байдаг. Жишээ нь хөдөлмөрийн ба бэлгийн мөлжлөгийг хориглоогүй, арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан, шашин, соёлын цөөнхийг гадуурхсан зэрэг хэв маягтай байдаг.
  • Соёлын хүчирхийлэл нь хүний бие махбодоос илүү оюун санаанд нөлөөлж байдаг үл үзэгдэх хүчирхийллийн хэлбэр юм. Шууд болон бүтцийн хүчирхийллийг зөвтгөх үндэслэл болж байдаг. Эдгээр нь хүмүүсийн үзэл санаа, үнэт зүйл, итгэл үнэмшил, таамаглал, төсөөлөл, үлгэр домогт суурилсан байдаг. Аман ба бичгийн хэл, урлаг, хошин шог, статистик тоо баримт, тогтсон хандлага, дайны баатар, үлгэр домог тууль, далбаа, дуулал, цэргийн жагсаал, ханын сонин зэрэг соёлын янз бүрийн хэлбэрээр илэрч байдаг. Нийгмийн анги, давхарга, соёл, үндэс угсаа, ажил мэргэжил, нас, хүйс, биеийн гадаад байдал зэрэг шинж тэмдгээр хүмүүсийг ялгаварлан гадуурхсан гадуурхлын бүхий л хэлбэр нь соёлын хүчирхийллийн жишээ юм.

Бодит амьдрал дээр хүчирхийллийн эдгээр гурван хэлбэр нь өөр хоорондоо холбоотой байдаг бөгөөд эдгээрийн холбоог гурвалжин дүрсээр төлөөлүүлсэн байдаг. Шууд хүчирхийлэл нь соёлын ба бүтцийн хүчирхийллийг өдөөж идэвхжүүлж байдаг бол соёлын ба бүтцийн хүчирхийлэл нь шууд хүчирхийллийг төрүүлж байдаг.

Энхийг сахиулах нь шууд хүчирхийллийн үед нэн тэргүүнд зайлшгүй авах ёстой арга хэмжээ юм. Энх тайвныг тогтоох гэдэг нь бүтцийн хүчирхийллийн үед олон жил дайсагнасан талуудыг дахин нэгтгэхийн тулд авч хэрэгжүүлж буй арга хэмжээг хэлнэ. Харин энх тайвныг бүтээх нь энх тайвныг эрхэмлэсэн соёлыг бүтээн байгуулах тухай юм.

Шигтгээ

Энх тайван гэдэг нь зөвхөн дайн дажингүй байх явдал биш бөгөөд харин шударга ёс оршин байх нөхцөл юм.
Мартин Лютер Кинг

Энх тайван нь хувь хүний дотоод амар амгалангаас гадна хүмүүс хоорондын, нийгэм, олон нийтийн, олон улсын, цаашлаад даян дэлхийн энх тайвныг хамрах өргөн хүрээний ойлголт юм.

 Дотоод энх тайванд хувь хүний өөрийнхөөрөө байх, дотоод зөрчилгүй, баяр хөөртэй, эрх чөлөөт байдлыг илэрхийлсэн сэтгэл зүйн амар амгалан байдлыг ойлгоно.

  • Хүмүүс хоорондын энх тайванд хүмүүсийн харилцан ойлголцол, хүндэтгэлд суурилсан, бие биеийнхээ ялгаатай байдал, онцлогийг хүлээн зөвшөөрсөн, харилцаа, хамтын ажиллагааны хэлбэрийг ойлгоно.
  • Нийгмийн энх тайванд улс орны ардчилал, хүний эрх, шударга ёсыг эрхэмлэн дээдэлсэн, хууль ёсыг чанд сахисан нийгмийн амар амгалан байдлыг ойлгоно.
  • Олон улсын энх тайванд улс орнууд бусад улс орны хил хязгаар, эрх ашигт хүндэтгэлтэй хандаж, шударга ёсыг сахин бүс нутаг, олон улсын хэмжээнд эв найрамдалтай, дипломат ёсны хэм хэмжээг сахин харилцаж хамтран ажиллахыг ойлгоно.
  • Даян дэлхийн энх тайванд хүн төрөлхтний хүрээлэн буй орчин, ан амьтан, ургамал, байгаль дэлхийтэйгээ зохицон тогтвортой амьдарч, аж төрөх арга хэлбэрийг багтаан ойлгоно.

Үл хүчирхийлэл
Үл хүчирхийлэл нь хоёр үгнээс тогтсон холбоо үг бөгөөд үл гэдэг нь үйл үгийн өмнө тохиолдож тухайн үйл үгээр илрэх утгыг үгүйсгэх (эх сурвалж: Монгол хэлний тайлбар толь) тул үл хүчирхийлэл гэдэг нь хүчирхийлэхгүй гэсэн утгыг агуулна. Үл хүчирхийлэл ийнхүү хүчирхийлэхгүй гэсэн санаа агуулагдаж байгаа ч холбогдох ном зохиолд бичсэн тайлбараас харахад хүчирхийлэхгүй гэдэг нь дарлал мөлжлөгийн үед түүнтэй эвлэрэн хүч хэрэглэхгүй зүгээр суух гэсэн идэвхгүй утгатай биш харин ч дарлал мөлжлөгийн эсрэг тууштай тэмцэхдээ хүчирхийллийг хэрэглэхгүйгээр тэмцэх гэсэн идэвхтэй үйл хөдлөлийг илэрхийлнэ гэж бичсэн байна. Үл хүчирхийллийн тухай тайлбарласан ном, материал, эх сурвалжийн агуулгад дүн шинжилгээ хийхэд дараах хоёр маягаар тодорхойлсон байна. Үүнд:

Үл хүчирхийлэл нь дарлалт, шударга бус байдлын эсрэг тэмцэх, эсэргүүцлээ илэрхийлэх арга хэлбэр болох нь. Энэ утгаар үл хүчирхийлэл гэдэг нь хувь хүн ба бүлэг хүмүүс нийгэм дэх зөрчлийг шийдвэрлэх, шударга бус явдлын эсрэг тэмцэхдээ бусад хүмүүс, байгаль орчинд хор хөнөөл учруулахгүйгээр шийдвэрлэхийн тулд хүчирхийлэл хэрэглэхгүйгээр тууштай хүчин чармайлт гаргах үйл явц юм. Үл хүчирхийллийн зорилго нь хүний эрх, шударга ёсыг шаардан, хүчирхийллийн бус арга замаар шахалт үзүүлэх байдлаар хүмүүсийг зүй бус дарлал, мөлжлөгийн тоглолцоо, сөрөг хандлагаас хамгаалахад чиглэдэг. Үл хүчирхийллийн тухай үзэл санааны томоохон төлөөлөгч нь Энэтхэгийн тусгаар тогтнолын төлөө хөдөлгөөний удирдагч Махатма Ганди юм. Эндээс (Нөөц хэрэглэгдэхүүн 5) Махамта Гандийн энх тайвны бослогын талаар дэлгэрүүлэн уншаарай.

Үл хүчирхийллийг хүчирхийлэл хэрэглэхгүйгээр энх тайвны төлөө яриа хэлэлцээр хийх арга гэж үздэг. Хүмүүсийн бие махбод, сэтгэл зүйд гэм хор учруулахгүйгээр эсэргүүцлээ илэрхийлэх нэг арга зам нь үл хүчирхийлэл гэсэн үг юм. Нийгэм дэх хүчирхийлэл, дарлал, мөлжлөгийн эсрэг хүчирхийлэл хэрэглэх нь олон сөрөг үр дагавар дагуулдаг учир үүний эсрэг тэмцэх хамгийн үр дүнтэй, оновчтой, идэвхтэй арга зам нь үл хүчирхийлэл гэж дэлхий дахинаа үзэж байна.

Дарлал, мөлжлөг, шударга бус байдлын эсрэг тэмцэх үл хүчирхийллийн хэд хэдэн арга зам байдгаас заримыг нь дурдвал:

Эсэргүүцлээ илэрхийлэх

Жагсах – хүмүүс олон нийтийн газар цугларч, тодорхой зүйл дээр ижил санаа бодолтой байгаа илэрхийлэх

Гарын үсэг зурах – ямарваа бодлого, шийдвэрийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлж, шаардлагыг баталгаажуулж гарын үсгээ зурж нэгдэх

Хамтран ажиллахгүй байх

Бойкот – Үйлчилгээ, бүтээгдэхүүнд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж тухайн бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдан авахаас татгалзах

Ажил хаялт – Ажлаа хийхээс татгалзах замаар эсэргүүцлээ илэрхийлж буй хэлбэр юм. Дэлхий дахинаа коммунист дэглэмийг нуран унах явцыг эхлүүлсэн Польш улс дах ажил хаялт нь үл хүчирхийллийн хөдөлгөөний эхлэл болсон түүхтэй.

Хамтрахаас татгалзах – Дэлхийн 2-р дайны үед Норвегйн багш нар Нацистуудын боловсролын хөтөлбөрийн дагуу хичээл заахаас татгалзсан бөгөөд тэднийг үүнийх нь төлөө хорих ангид цагдан хорьсон ч багш нар өөрсдийн байр сууриндаа тууштай байсан учраас тэднийг буцаад сургуульд нь буцааж байжээ.

Интервенци хэрэгжүүлэх

Суулт хийх – Гудамж, зам талбай зэрэг олон нийтийн газар хүмүүс нэгдэн нийлж суулт хийх замаар эсэргүүцлээ илэрхийлэх хэлбэр

Урьдчилан сэргийлэх оролцоо – Зөрчил, мөргөлдөөнтэй бүс нутагт байгаа жирийн иргэд, эмзэг хүмүүсийг хамгаалах зорилгоор сайн санааны элч төлөөлөгч тухайн газар нутагт байршиж ажиллахыг хэлнэ. Эдгээрийг голдуу гуравдагч тал, энхийг сахиулагч гэж нэрлэдэг ба эдгээр нь зөрчилдөгч талуудын аль нэгэнтэй холбоо хамааралгүй байдаг.

Үл хүчирхийлэл нь өдөр тутмын амьдралын нэг хэсэг буюу амьдралын хэв маяг болох нь. Дэлхий дахинаа олон хүмүүсийн хувьд үл хүчирхийлэл нь улс төрийн тавцанд өрнөдөг үйл явц бус харин тэдний өдөр тутмын амьдралын нэг хэсэг буюу амьдралын хэв маяг болсон байдаг. Үл хүчирхийлэл нь онцгой тохиолдолд болдог түр зуурын үйл явдал бус харин өдөр тутмын амьдралд баримтлах зарчим, хэм хэмжээ гэж тэдгээр хүмүүс үздэг байна. Жишээ нь

Франц улсад хүүхдэд шийтгэл учруулахыг эсэргүүцдэг нийгмийн идэвхтнүүд энэ үзлийнхээ төлөө тууштай ажилладаг. Тэд хүүхдийг шийтгэлгүйгээр өсгөж хүмүүжүүлэх ёстой гэж үздэг ба хүүхдийг зодож шийтгэх нь иргэншсэн нийгэмд байж болохгүй зүйл гэж үздэг.

  • Феминист үзэлтнүүдийн үзлээр эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгдэж буй эрчүүдийн хүчирхийллийг дангаар буруутгах нь хангалтгүй бөгөөд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хоорондын эрх тэгш байдлыг бий болгохын төлөө ажиллах ёстой гэж үздэг. Тэдний үзэж байгаагаар хүмүүсийг аль нэг хүйсэд хамаатуулж, улмаар түүний чадавхыг тухайн хүйсийн нийгмийн үүргийн хүрээнд хязгаарлан авч үзэж хандах нь хүчирхийллийн нэг хэлбэр юм.
  • Үл хүчирхийллийн үзэл санааны олон удирдагчдын үзэж байгаагаар лаборатори, хүнсний үйлдвэрлэлд амьтдад туршилт хийж, хүнд бэрх нөхцөлд байлгаж, үй олноор нь нядалж хүний хэрэгцээнд нийлүүлж байгааг зүй бус гэж үзэн тэднийг амьтдад хүнлэг хандахыг уриалдаг. Үүнтэй холбоотойгоор Махатма Ганди, Хэнри Дэвид Торэү, Лэв Толстой зэрэг удирдагчид хүн төрөлхтний хувьд хамгийн энх тайванч гэж хэлж болох хооллолтын веган дэглэмийг тууштай баримталсан байдаг байна.
  • Дэлхийд уур амьсгалын өөрчлөлт тохиож, хүн төрөлхтний төдийгүй дэлхий дээрх бүх амьтдын хувь заяанд ноцтой хямрал нүүрлэж буй энэ цаг үед үл хүчирхийллийн хэв маягийг эрхэмлэдэг хүмүүс “Эх дэлхийгээ энх тайван байлгая” гэсэн уриалгад нэгдэж байна.
Нийтлэсэн: admin 2023-04-23 06:27:15