УРАН ЗОХИОЛЫН ЭХ
Монгол ахуй соёлын онцлог туссан үлгэр, монгол зохиолчдын алдартай өгүүллэг
Бичиг үсэгтэй болсон нь (Домог үлгэр)
Монголчууд үсэг бичигтэй болох гэж мөрөөдөж байжээ. Тэгээд бичгийнхээ хэвийг эрж хайж явтал хонины нэхий элдэж суугаа өвгөнтэй тааралджээ. Хонины элдсэн нэхий нь цагаан цаас шиг, дээр нь тавьсан хэдрэг нь бичиг үсэг шиг харагджээ. Үүнээс санаа авч, монгол бичгийг зохиосон гэдэг домогтой. (43 үг)
Өвгөн хүү хоёр (Аман зохиол)
- Хүү хаанаас ирэв?
- Хүрэмийн талаас ирлээ.
- Хүрэмийн талаар юу байна?
- Хүмүүс ногоо тарьж байна.
- Ногоог яаж тарьдаг юм бэ?
- Үрийг хөрсөнд суулгаж тарьдаг.
- Ногоо яаж ургадаг юм бэ?
- Соёолсон үрээс байцай, төмс, лууван, саримс, сонгино ургадаг юм.
- Ногоо ургахад юу юу хэрэгтэй байдаг юм бэ?
- Нар, ус, агаар, хөрс, хөдөлмөр хэрэгтэй.
- Хүрэмийн тал усаар бага, хөрсөөр муу шүү дээ.
- Хүмүүс суваг татаж, хөрсийг нь сайжруулсныг мэдээгүй юү, та гэж гэнэ. (80 үг)
Хүний санаа сэтгэл алаг болсны учир (Домог үлгэр)
Эрт цагт хоёр бурхан, хүнийг бүтээгээд сэтгэл санааг нь ямар болгох тухай ярилцаж гэнэ. Нэг нь:
- Хун шиг цагаан болгоё гэжээ. Нөгөө нь:
- Хэрээ шиг хар болгоё гэжээ. Ингээд эхний бурхан:
-Хэрвээ хэрээ шиг хар болгочихвол хүн чөтгөр шулам шиг муухай санаатай болно доо гэхэд, хоёр дахь бурхан:
- Хэрэв хун шиг цагаан сэтгэлтэй болгочихвол идэх уух юмаа амьтанд хувааж өгөөд, өөрөө өлсөж үхэх болно. Ингэхлээр хүний сэтгэлийг шаазгай шиг алаг хийе гэж зөвлөлджээ.
Тийм учраас хүний сэтгэл санаа шаазгай шиг алаг эрээн болсон гэнэ. (85 үг)
Сүүл
Анчин цааш харж хавх зүүж байв. Үүнийг холоос харж байсан хулгана “Энэ хүн нэг юм нууж байх шиг байна. Эзгүй хээр авч ирээд далдлахыг бодоход хэрэгтэй юм байгаа даа” гэж бодон анчны явахыг хүлээв.
Анчныг явсны дараа хулгана хавх булсан нүхний аман дээр ирээд газар онгичиж эхэлжээ.
Хавхны нум мултарч хулганы сүүлийг тас хавчив. (55 үг)
Д.Давааням
Тэшүүр
Голын мөс толь адил гялалзана. Хүүхдүүд тэшүүрээр гулгаж байв. Туул тэшүүргүй учир тэднийг харан уйтгарлан зогсоно.
- Туул аа! Миний тэшүүрээр яваач гэж Болд дуудав. Туул, Болдын тэшүүрээр хэдэн минут гулгаад эргүүлэн өгөв. Гэтэл:
- Туул аа! Минийхээр гулгаж үз гэсээр Цэцгээ гүйж ирлээ.
Туул ийнхүү тэшүүрээр гулгаж явахдаа “Миний найзууд ийм сайхан шүү” гэж бахархан бодов. (58 үг)
Д.Давааням
Ажлын амт
Янжин гуай өглөө ямаагаа саагаад гэртээ орж хүү Буянд аарц өгөв. Буян:
- Энэ аарц яасан хахуун юм бэ? Би ийм аарц идэхгүй, амттай аарц өгөөч гэв.
Янжин:
- Одоо амттай аарц байхгүй байна. Ямаагаа хариулаад ирэхэд сайхан аарц бэлэн болно гэв.
Буян ямаагаа хариулж яваад өдөр ирж:
- Амттай аарц байна уу? гэсэнд:
- Байна аа гээд аарц өгөв. Буян түүнийг идээд:
- Яасан амттай аарц вэ? гэв. Янжин:
- Чиний өглөөний голсон аарц шүү. Ажил хийвэл аарц мөн амттай болдог гэжээ.
Ц.Дамдинсүрэн
Үйл явдлын дэс дарааллыг тодорхой ойлгомжтой гаргасан, сонирхолтой,
сургамжтай богино үлгэр, өгүүллэг
Hap нахиа хоёр
Бяцхан ногоон нахиа гүн хар хөрсийг түлхэн түлхсээр газрын гадаргуу дээр гарч ирэв. Нахиа:
- Би хаана гараад ирэв? Нүд сохлом яасан хурц гэрэл вэ? Шатчихмаар яасан халуун юм бэ? хэмээн учиргүй сандарчээ. Нахианы үгийг нар сонсоод: Нар:
- Ингэтлээ айж сандраад хэрэггүй. Чи яг одоо амьдрал гэгч гайхамшигт ертөнцийн үүдээр шагайж байна. Айх ёсгүй юмнаас айх муу даа гэжээ.
Нарны үг үнэн байв. Амьдралыг тэтгэгч нарны ачаар бяцхан нахиа том мод болтлоо ургаж гэнэ. (77 үг)
Гөрөөчин
Нэгэн гөрөөчин анд явах бүрдээ тогос шувуугаа дагуулж явдаг байжээ. Зуны нэг өдөр усгүй газар хол явав. Тэгээд ихэд цангаж гэнэ. Гэтэл хадны хонхорхойд ус байхыг харав. Гөрөөчин тэр ус руу гүйн очлоо. Гэсэн ч тогос усыг далавчаараа цацаж орхив.
Гөрөөчин уурлан тогосыг хад руу шидэв. Хөөрхий тогос усыг хортой гэдгийг мэдээд эзнийхээ амийг аварсныг эзэн нь хожим мэджээ. (55 үг)
Найз
Алимаа ааваасаа “Яагаад?” гэж байнга асууна. Аав нь түүнд бүгдийг хариулах гэж хичээдэг байлаа.
Нэг өдөр охин ааваасаа “Жинхэнэ найз гэж ямар хүнийг хэлдэг вэ? Хүмүүс яагаад найз гэж нэрлэдэг вэ?” гэж асуув. Аав нь хэсэг зуур бодож байснаа “Найзыг хайдаггүй. Тэр өөрөө ирдэг учраас л түүнийг найз гэдэг юм. Чиний итгэлийг даадаг, чамд итгэдэг тэр хүнийг л найз гэнэ дээ” гэв. (64 үг)
Г.Наранбаатар
Өвөл зун яагаад ээлжилдэг вэ?
Сүн далайг шалбааг байхад сүмбэр уулыг толгод байхад хүйтний өвгөн дулааны өвгөн хоёр хүч чадлаа үзэлцэх болжээ. Хүйтний өвгөн:
- Би есөн хоногт энэ дэлхийг тас хөлдөөе. Чи хайлуулж чадах уу? гэхэд дулааны өвгөн:
- Би тэгвэл найман өдөрт л цас мөсийг хайлуулж усан далай тогтоож чадна. Харин чи миний халууныг халхалж чадахгүй шүү дээ! гэв. Тэр хоёр мөрийгөө авсан нь нөгөөгөө мэдэлдээ авна гэж тохирчээ.
Хүйтний өвгөн есөн хоногийн турш цасан шуурга тавьж, ер бусын их хүйтнээр дэлхийг цэвдэг мөс болтол хөлдөөв. Тэгээд аварга том бух бүтээж хамгаалагч болгон тавьж гэнэ. Дулааны өвгөн нар бүтээж, дэлхийг найман зүгээс нь шарж, найман өдөрт их усан далай болгожээ. Хаана мөс үлдэж вэ? гэж шалгатал аварга бухын битүү дөрвөн хөл доор нь мөс үлдсэн байжээ. Ийнхүү урд хоёр хөл доорх мөс нь хойд өмнөд туйл болон тогтжээ. Дулааны өвгөн уурандаа тэр бухын битүү дөрвөн туурайг тас цавчсан гэнэ. Ингээд үхэр салаа туурайтай болжээ.
Ийнхүү хоёр өвгөний хүч нь тэнцэж, зун өвөл ээлжилдэг болсон юм санжээ. (170 үг)
Жаахан Долгор
Жаахан Долгор ном уншиж сурчээ. Долгор ном унших тусам дахин дахин унших дуртай болжээ. Уншсан номын тоо нэмэгдсээр л байлаа. Долгорыг анх уншихад аав ээж нь номыг нь бүртгэдэг байв. Хожим Долгор өөрөө бүртгэх болжээ.
Аав ээж нь Долгорт “Миний охин номыг уншихдаа яарч болохгүй. Нэг номыг уншсан бол түүний утгыг маш сайн ойлгоод, мэдэхгүй зүйлээ мэддэг болоорой. Сургамжтай зүйлийг тэмдэглэж аваарай” гэж хэлдэг байв.
Долгор ч тэдний үгийг сайн сонсож, биелүүлдэг байжээ. (75 үг)
Б.Бааст
Намрын өнгө
Намрын улиралд нэг сайхан үе бий. Бороо холдсон боловч цас ороогүй үе шүү дээ. Өглөө босоход хяруу гялтганана. Орой гарахад салхи жаварлана. Энэ бүгд хүйтний улирал ирж буйг сануулна.
Байгаль дэлхийн өнгө улаан, шараар алаглан харагдана. Уул талаар тарган
мал сүрэг бэлчинэ. Тэд хэнз ногооны сөл шимтэйг идэж малчин эзнээ баясгана.
Нүүдлийн шувууд алсын аялалд бэлтгэн, өд сөдөө засна. Исгэрдэг, жиргэдэг, донгоддог, хошхирдог амьтдын тоо цөөрнө. (68 үг)
Ч.Чимид
Муурын зулзага Вася
Вася бол саарал духтай муурын зулзага. Тэр эрх, бас зальтай. Хөл нь зөөлөн, хумс нь хурц. Түүний чих нь босоо, сахал нь урт, бие нь торго шиг зөөлөн байдаг. Түүнийг илэхэд бие нь мурилзан, сүүл нь мушилзаж, нүдээ аниад зөөлхөн мяулдаг.
Тэр хулгана барихдаа яадаг гээч! Нүд нь том болоод сарвуугаараа чанга базаж, шүдээ ярзайлган, хумсаа сарвайлгадаг. (59 үг)
К.Д.Ушинский
Хэрээ мэдэж, бяраа тань
Нэгэн галуу цөөрмийн усанд сэлж байхдаа өөртөө ингэж хэлж гэнэ.
- Би хамгийн мундаг шувуу юм. Газраар явж чадна. Усанд сэлж чадна. Тэнгэрт ч бас нисэж чадна. Над шиг ийм мундаг шувуу энэ дэлхий дээр хаана ч үгүй! Би бол “хаан” шувуу! гэхийг сонссон тогоруу түүнд:
- Чи яасан тэнэг шувуу вэ! Чи усан дотор цурхай шиг шумбаж чадах уу? Газар дээр булга шиг гүйж чадах уу? Эсвэл тэнгэрт бүргэд шиг дүүлэн нисдэг үү? Хэрээ мэдэж, бяраа тань гэж гэнэ. (84 үг)
К.Д.Ушинский
Загас уснаас үсэрч гардгийн учир
Бороотой үед загас ихэвчлэн уснаас дээш цойлон гардаг. Та нар яагаад ингэдгийн учрыг мэдэх үү? Нэг удаа загасны гэрт хавч зочлон иржээ. Тэр гаднаас орж ирээд:
- Голын эрэг дээр гарсан чинь бороо ороод жигтэйхэн гэв. Загас:
- Бороо гэж юу байдаг юм бэ? гэж сонирхов. Хавч:
- Бороо гэж тэнгэрээс усан дусал унахыг хэлдэг юм гэхэд:
- Усан дусал гэгч юу вэ? гэжээ. Хавч яаж ч тайлбарлаад загас чухам бороо гэж юу хэлдгийг ойлгосонгүй.
Ингээд загас уснаас агшин зуур үсэрч гараад бороо гэж юуг хэлдгийг мэдье гэж шийджээ. Тэр үеэс хойш загас бороотой үед уснаас дээш үсрэн гарч ирдэг болсон гэдэг. (99 үг)
В.А.Сухомлинский
Нарс, хуш, зээргэнэ мөнх ногоон болсон учир (Домог үлгэр)
Эрт урьд цагт нэгэн сайн санаат хараацай үхэлгүй мөнхийн рашаан усыг хүнд уулгах гэж хэдэн дуслыг амандаа балгаад нисэж явж гэнэ. Гэтэл хорт муу санаатай үхэр хэдгэнэ үүнийг мэдээд, хараацайг нисэн явах зуурт хажуу талаас нь хатгаж орхижээ. Хараацай шувуу өвдөхийн эрхээр дуу алдан ёолсонд аман дахь мөнхийн усаа асгачхаж гэнэ.
Асгарсан тэр рашаан нь нарс, хуш, зээргэнэ гурав дээр дуссан учир энэ гурван ургамал мөнх ногоон шилмүүс навчтай болсон ажээ. Хамаг хэргээ талаар болгосон хараацай шувуу харамсан цухалдахдаа хэдгэнийн хэлийг суга татав. Тэр цагаас хойш хэдгэнэ уянгатай сайхан донгодож чадахаа байгаад дэмий л дүнгэнэдэг болсон гэнэ. (97 үг)
Тахь, хулaн, хавтгай үүссэн нь (Домог үлгэр)
Бурхан багш гуйлгачин хүний дүрээр явж байхдаа Дуут баян, Дөнөн баян гэдэг алдартай хоёр баяны амьдардаг нутагт хүрч иржээ. Энэ баячуул малынхаа тоо толгойг чухам хэд вэ? гэдгийг ч мэддэггүй, Дөнөнгийн хөндийд хөөж оруулаад дүүрч байвал гүйцэд юм байна гэж мэддэг гэнэ.
Бурхан багш Дөнөн баяныд ирж идэх юм гуйсанд Дөнөн баян мод зорж сууснаа:
- Бид энэ модны зоргодсыг иддэг. Манайд үүнээс өөр идэх юм алга гээд бадар аяганд нь зоргодос хийж өгч гэнэ.
Үүнээс болж Бурхан багш тэр хоёр баянаас мал сүргийг нь авч, зэрлэг амьтад болгожээ. Дөнөн баяны адуу нь тахь, хулан чихтэй болоод одоо говьд байдаг гэнэ. Дуут баяны тэмээн сүрэг нь хавтгай болсон юм гэнэ. (110 үг)
Гурван марал од үүссэн нь (Домог үлгэр)
Эрт урьд цагт Хөхдэй мэргэн хөвөн цагаан морио унаад, хөгнөн цагаан нум саадгаа агсаад, Асар, Басар хоёр нохойгоо дагуулаад ан авлахаар явжээ. Тэгтэл гурван илээ дагуулсан жижиг гурван маралтай тааралджээ.
Хойноос хөөцөлдөж явтал, цөмөөрөө тэнгэрт гараад од болчхож гэнэ. Тэнгэрт байгаа цуварсан гурван одыг Гурван марал гэх болж, түүний доохон нь байгаа бүдэгхэн ташуу гурван одыг Гурван маралын ил гэдэг байна.
Үдшийн гялаан гэдэг одыг Гурван маралыг агнахаар хөөцөлдөж яваа Хөхдэй мэргэн гэж нэрлэдэг гэнэ. Зарим хүн түүнийг Тэнгэрийн цагаан анчин ч гэж нэрлэдэг байна. (110 үг)
Тэмээ үүссэн нь (Домог үлгэр)
Эрт цагт Бурхан багш, Эрлэг номун хаан хоёр хүн төрөлхтөнд сонин гайхамшиг болсон амьтан хийе гэж хэлэлцжээ.
Бурхан багш адуун сүргийн манлай болсон аргамаг хүлэг хийжээ. Эр хүний хийморь сэргээмээр үнэхээр сайхан амьтан болж гэж хүмүүс гайхав.
Эрлэг номун хаан уурандаа үүнээс илүү сонин сайхан амьтан хийнэ гэж мэтгэжээ. Гэдгэр урт хүзүүтэй, цүдгэр том гэдэстэй, годгор нарийн сүүлтэй, хоёр шомбогор бөхтэй этгээд сонин амьтан хийжээ.
Ингэж Эрлэг номун хаан тэмээг буй болгосон гэнэ. (73 үг)
Тахиа ба нугасны дэгдээхэй
Тахианы эзэн нугас үржүүлэхийг хүсжээ. Тэгээд нугасны өндөг худалдаж авчраад тахианыхаа үүрэнд тавьжээ.Тахиа өдөр бүр өндөгнүүдийг маш тэвчээртэй дарж, зөвхөн хоол идэхийн тулд гарна. Тэгээд үүрэндээ орно. Удалгүй өндөг хагарч дэгдээхэй гарав. Тахиа баярлаж, хашаан дундуур дэгдээхэйгээ дагуулан газар сэндийлж хоол хайх болов.
Нэг өдөр тахиа дэгдээхэйгээ дагуулан цөөрөмд ирэв. Нугасны дэгдээхэйнүүд голын усыг хараад бүгд түүн рүү гүйж, нэг нэгээрээ сэлж эхлэв.
Хөөрхий тахиа эрэг дагуу гүйж, дэгдээхэйнүүдээ живэх вий гэж айж байв. Нугасны дэгдээхэйнүүд сэлж, шумбаж, эрэг дээр гарч ирсэнгүй.
Гэрийн эзэгтэй дэмий л тахиагаа уснаас холдуулав. (88 үг)
К.Д.Ушинский
Бүргэд
Саарал далавчит бүргэд бол шувуудын хаан юм. Тэр хаданд эсвэл царс модон дээр үүрээ засдаг.
Өндөрт нисэж, алс холоос тольдож, нар луу нүдээ цавчилгүй хардаг. Бүргэдийн хамар нь хадуур, хумс нь дэгээтэй адил. Урт хоёр далавч дундаас цээж нь цухуйж харагдана.
Бүргэд үүлэн дунд нисэж, дээрээс олзоо хайна. Тэр халбаган хошуут нугас, улаан хөлт галуу, хууран мэхлэгч хөхөөг шүүрнэ. (59 үг)
Бөөрөнхий
Буурал өвөө дүүд маань Бөөрөнхий гэдэг нэр өгсөн. Дүүгийн толгой нь бөв бөөрөнхий. Алаг нүд нь бүлтгэр бөөрөнхий. Булцгар хацар нь бумбагар бөөрөнхий. Хамар ам нь хайр хүрмээр бөөрөнхий. Хоёр чих нь хумбан бөөрөнхий. Бөөрөнхий дүүдээ бид нар хайртай. (40 үг)
Х. Дэмбэрэл
Үсэг бүхэн эрдэмтэй
Нэгдүгээр ангийн сурагч Тулга өвөөгийндөө иржээ. Өвөө нь хүүгээ үнсээд,
-За миний хүү ч сайн сурч байгаа даа гэхэд Тулга:
-Өвөө би өнөөдөр ёстой азгүй байлаа. Үсэглэлийн баяраар “В” үсэг сугалчихсан. “В” үсэг надад таалагдаагүй. “А” үсэг сугалсан бол гоё байхгүй юу гэлээ.
Тэгтэл өвөө нь хуудас цагаан цаас дэлгэв. Энд “аав”, ”өвөө” гээд бичээрэй гэв. Тулга бор өнгийн харандаагаар бичлээ.
Тэгээд Тулга чанга дуугаар уншив. Тэгтэл өвөө нь хүүдээ баллуур өгчээ. Тэгээд
-Миний хүү энэ хоёр үгэнд орсон үсгүүдээс таалагдаагүй үсгээ баллуурд гэж гэнэ. Тулга өвөө рүүгээ гайхан харснаа
-Өвөө “В” үсгийг баллуурдвал “аав” “өвөө” хоёр алга болчих гээд байна шүү дээ гэж гэнэ. (107 үг)
О.Сундуй
МИШЭЭЛ
Мишээл бол сайн охин. Түүний найзууд жимс түүхээр ой руу явж байлаа. Мишээл ч бас тэдэнтэй хамт явахыг хүсэв. Гэвч тэр сургуулиасаа тарж ирээд, ээж нь их ядарсан байгааг харжээ. Мишээл “Би жимсэнд явалгүй, дүүгээ харъя. Та амар даа” гэж ээждээ хэлэв. Найзууд нь жимс түүж ирээд, Мишээлд жимснээсээ өгөв. Тэд бүгдээрээ Мишээлд хайртай. (56 үг)
ЖИГНЭМЭГ
Бат ээждээ жигнэмэг хийхэд туслах дуртай. Шоколадны үйрмэгтэй жигнэмэг бол түүний дуртай амттан юм. Ээж нь ч бас дуртай. Тэр зуурмаг дээр шоколадны үйрмэг нэмнэ. Дараа нь хутгана. Бат зуурсан гурилыг бөмбөлөг болгож, жигнүүрийн тавиур дээр жигдхэн өрсөн жигнэмгийг ээж нь зууханд хийнэ.
Жигнэмэг зууханд жигнэж байх үед Бат аяганаас зуурсан гурилын үлдэгдлийг долооно. Тэр жигнэмэг бэлэн болохыг тэсэн ядан хүлээнэ. Ээж нь гучин минутын дараа жигнэмгийг гаргана. Жигнэмэг шинэ байхдаа халуун, зөөлөн, бас амттай байдаг. (74 үг)
Д.Давааням
Олз
Оготно нүхнээсээ гарч “Муужгай харагдах вий” гэж айж явсаар боовны хэлтэрхий олжээ. Олзоо нүхэндээ хүргэх гэтэл хүч дутаж гэнэ. Дааж ядаж ноцолдож байтал аалз хүрч ирээд:
- Чи ингэж биеэ зовоож байхаар нөхдөө дуудаж, элбэлцүүлээч. Тэгвэл чамд
амар биш үү? гэхэд:
- Аалз чи учрыг мэдэхгүй байна. Нөхдөө дуудвал олзоо хуваах болно. Би энэ
сайхан зуушийг ганцаараа идэх ёстой гэж оготно учирлав.
Оготно өдрийн турш боовны хэлтэрхийг үүрэндээ аваачих гэж ноцолдсоор ядрахын туйлыг үзжээ. Энэ үеэр элээ нисэн ирж боовыг шүүрэн одов.
Д.Давааням
Ес суртахуун, сайн муу зан чанар(шударга, шударга бус, сайн, муу, ач тус, өрөвч нинжин сэтгэл, өгөөмөр сэтгэл, шуналтай зан)-ыг харуулсан амьтны тухай үлгэрүүд
Сайн найз
Гэрэл Бурмаа Бат гурав дотно найзууд. Багш хичээлээ унших, тоо бодох даалгавар өгчээ. Бат унших хичээлээ давтаад, тоогоо бодож чадсангүй.
Сургууль дээрээ ирээд “Надад туслаач” гэж хоёр найзаасаа гуйлаа. Гэрэл Батад дэвтрээ өгөөд:
- Найз нь зөв бодсон шүү. Харах уу? гэв. Бурмаа түүнийг сонсмогц:
- Бат аа! Хүний хийснийг битгий шууд хуулаарай. Би тайлбарлаад өгье. Чи өөрөө бод. Тэгвэл чамд л хэрэгтэй шүү дээ гэв. (66 үг)
Худалч хүү
Нэг хүү хонь хариулж яваад
- Чоно ирлээ! Чоно! гэж байдаг чадлаараа хашхирав. Эрчүүд сандран ирэхэд чоно ирээгүй байжээ. Хүү хоёр гурван удаа тэгж хашхирахад хэн ч түүнийг тоосонгүй.
Харин жинхэнэ чоно ирэхэд хүү:
- Хурдан ирээрэй! Чоно! Чоно! гэж хашхирахад тариачид түүнийг өмнөх шигээ хуурч байна гэж бодоод ирсэнгүй.
Энэ удаа чоно айх аюулгүйгээр бүх хонийг нь барьж иджээ. (61 үг)
Лев.Толстой
Бяцхан бөөдий
Нэг өдөр бяцхан бөөдий ээжээсээ:
− Би ямар вэ? Сайн уу? Муу юу? гэв. Гэрт нь байсан мэлхий:
− Чи тун сайн. Яагаад гэвэл чи намайг “вааг, вааг” гэж дуулж байхад алгаа ташиж байсан шүү дээ гэв. Үнэг:
− Муу шүү дээ. Чиний бүх өргөс чинь намайг хатгасан гэв. Шоргоолж:
− Үнэгэнд битгий итгэ. Бөөдий чи сайн шүү дээ! Намайг нуруун дээрээ суулган гол гаталгаж өгсөн шүү дээ гэв. Хэдгэнэ:
− Бөөдий муу. Тэр чинь намайг цэцгээс сэгсэрч газарт унагасан гэв. Галууны дэгдээхэй:
− Үгүй, үгүй. Тэр худлаа. Бөөдий бол сайн. Намайг ногоон дотор төөрчихсөн байхад ус руу оруулж өгсөн юм гэв. Хэрэм:
− Бөөдий муу. Тэр миний хатаасан мөөгийг аваад явчихсан юм гэв. Бөжин:
− Намайг унтаж байхад над руу гэтэж явсан үнэгийг бөөдий хөөж тусалсан. Тэр бол тун сайн гэв. Хулгана:
− Миний хөеөг эвдэж, оройг нь аваад явчихсан тул тун муу амьтан! Бөөдий муу! гэв.
− Ингэхээр би чинь ямархуу амьтан бэ? гэж бяцхан бөөдий ээжээсээ асуув.
− Чи хэн нэгнийг гомдоовол муу, харин үргэлж хэн нэгнийг баярлуулж, тус болж байвал чи сайн гэж ээж нь хэлэв.
− Яг зөв шүү дээ! гэж бүх амьтан хашхиралдав. (188 үг)
Бяцхан шувуу
Варя охин жижигхэн хөөрхөн шувуутай. Тэр шувуу нь үргэлж төмөр торон дотор байдаг болохоор огт жиргэдэггүй байжээ. Охин шувуун дээрээ очоод:
- Бяцхан шувуу минь, надад дуулж жиргэж өгөөч гэхэд хариуд нь шувуу:
- Намайг торноос суллаж, эрх чөлөөтэй болговол би дуулж өгье гэв. (46 үг) Лев Толстой
Үнэнч зан
Нэгэн жаал наадан тоглож яваад аавынхаа үнэтэй аягыг унагаад хагалчихжээ. Түүнийг хэн ч харсангүй. Гэтэл аав нь ажлаасаа ирээд:
- Энэ аягыг хэн хагалсан бэ? гэж асуухад хүү айсандаа түгдрэн байж:
- Би хагалсан юм гэхэд аав нь:
- Үнэнээ хэлдэг сайн хүү гэж магтжээ. (47 үг)
Лев Толстой
Нохой үнээ хоёр
Саравчны доорх өвсөн дээр нэг нохой хэвтэж байв. Үнээ ирээд өвснөөс идэх гэтэл нохой архиран хуцаж хөөжээ. Тэгтэл үнээ:
- Өвс иддэггүй байж өрөөлөөс харамлах хэрэггүй дээ гэж гэнэ. (32 үг)
Лев Толстой
Жаалхүү могой хоёр
Аргалж байгаад жаал хүү нэг могой барьжээ. Айснаас болоод царай нь цайчхаж гэнэ. Могой түүн рүү тайвнаар хараад:
- Хэрвээ чи ухаантайхан байхгүй бол хэрцгий авир хэзээ ч өршөөдөггүй юм шүү! Энэ удаа бурхан чамайг өршөөг. Үүнээс хойш харин чи, хэрээ мэдэж яв. Эхлээд чухам хэнээр тоглохоо сайн бодож бай! гэжээ. (51 үг)
И.А.Крылов
ЧОНО ЯМАА ХОЁР
Өлөн чоно хадан хясааны оройд бэлчиж буй ямааг харав. Тэр түүнд хүрч чадахааргүй хол байлаа. Тиймээс чоно санаа зовсон дүр эсгэн “Яасан аюултай газар бэлчдэг юм бэ? Халтирч унавал яана! Бушуу бууж ир! Хамгийн шимтэй, хамгийн зөөлөн ногоо энд байна шүү дээ” хэмээн ямаанд хэлжээ.
Үүнийг сонссон ямаа хясаан дээрээс өнгийн “Чи миний төлөө яасан их санаа зовж байх юм. Бас яасан өгөөмөр болоо вэ? Гэхдээ л би чамайг мэднэ. Чи намайг биш, өөрийгөө л бодож байгаа шүү дээ” гэжээ. (83 үг)
Эх сурвалж: Конгрессын номын сан
https://read.gov/aesop/082.html
Сайн байна уу? Найз аа
Бат “Ээж ээ, хүнээс ичиж, айхгүй мэндэлж сурах арга зааж өгөөч” гэв. Ээж нь:
- Миний хүү чухал зүйл асуулаа. “Сайн байна уу?” гэж түрүүлээд мэндлэхэд л болно.
- “Сайн байна уу” гэж хэлсний дараа надад ярих юм байхгүй шүү дээ.
- Ярих юм байхгүй ч гэсэн “Сайн байна уу” гэж мэндлэхэд ямар нууц байгааг чи мэдэх болно. Бат зориг гарган ээжийн зааснаар мэндэлж үзэхээр шийдлээ. Ангийнхаа найзтай:
- Сайн байна уу? гэхэд найз минь над руу инээмсэглэн:
- Сайн гэж хариулах нь “Би чамтай дотно найз болмоор байна” гэх шиг санагдав. Дараа нь ангийн багштайгаа:
- Сайн байна уу, багш аа гэсэнд багш маань зөөлөн дулаахан харцаар инээмсэглэн “Ямар хөөрхөн хүү вэ?” гэх шиг баярлан:
- Сайн. Чи сайхан амарсан уу? гэж асуулаа.
Энэ өдөр олон хүнтэй түрүүлээд мэндлэв. Хүн бүр надад эелдэг хандаж, би ч баяр хөөртэй байв. Энэ л “Сайн байна уу” гэдэг үгийн нууц юм байх даа. (156 үг)
Нэгэн гаврын аялал
Соотон гавар нэг өдөр анд гараад нэг оготно барьжээ. Жаахан цааш яваад ахиад нэг оготнотой тааралджээ. Соотон шар гавар арга ухаанаа гаргаж, арайхийж хоёуланг нь барьж амжив.
Алиныг нь эхэлж идэхээ ажиж жаахан гайхаж гэнэ. Аль нь ч амттай санагдаж, арааны нь шүлс гоожиж гэнэ.
Нэгийг нь идэхийг завдтал нөгөө нь зугтаж гэнэ. Зугтсаны нь барих гэтэл үлдсэн нь бас зугтаж гэнэ. Олон санаа орж гарахын хооронд овт хулганууд аль хэдийн нүх рүүгээ зугтан орчихжээ.
Эцэс сүүлд нь нөгөө муу гавар маань хоёр ч үгүй хоосон хоцорсон гэнэ.
Өдөр тутамд тохиолддог хөгжилтэй, сургамжтай үйл явдлыг дүрсэлсэн өгүүллэг
Алагхан шувуухай
Жаал хүү Тогтох, өвөөтэйгөө нарлаг ойд зугаалж явав. Нэгэн алаг шувуухай өндөр модны мөчир дээр суугаад, сэргэлэн дуугаар шулганаж байв.
Тогтох хүү түүнийг харснаа:
- Өвөө, энэ шувуу юу гэж байгаа юм бол? гэж сонирхон асуув.
Өвөө нь, өнөөх шувууг харан инээмсэглэж байснаа:
- Модны мөчир битгий хугалаарай л гэж байна гэв. (55 үг)
Б.Доржсүрэн
Зуу наслаарай
Болд Ганаа хоёр нэгэн эмээтэй таарав. Болд:
- Эмээ гэр чинь хаана байдаг вэ? Эмээ:
- Малчны нэгдүгээр гудамжинд гэв. Ганаа:
- Бид хоёр тэр гудамжинд байдаг. Таны юмыг хүргээд өгье. Танд тусалъя гэв.
Эмээ савтай гурилаа хоёр хүүд бариуллаа. Эмээг гэрт нь оруулж өгөв. Хоёр хүүд эмээ “Зуу наслаарай” гэж хэлэв. (54 үг)
М.Чимид
Арслан үнэг хоёр
Арсланг огт харж байгаагүй нэг үнэг анх удаа түүнтэй таарав. Айснаасаа болоод амь тавих дөхжээ. Үнэг арслантай ахиад хоёр дахь удаагаа таарсан чинь аймаар биш санагджээ.
Гурав дахь удаагаа таараад гуйж байгаад ярилцсан гэнэ.
Зүсийг нь хараагүй юмнаасаа зүрхээ хагартал айна гэдэг зөв ч юм уу, буруу ч юм уу? Зөвшилцөж өөрсдөө шийдээрэй. (53 үг)
И.А.Крыло
Хичээлээс хоцордог хүү
Серёжа хүү өглөө босоод л юм эрж хайж эхэлдэг. Тэр нэг оймсоо сандал дээрээс, нөгөө оймсоо ширээн доороос олно. Харин нэг гутлаа орон доороос олсон ч нөгөөг нь хайгаад хайгаад олсонгүй.
Ингэж эрж хайж мунгинан хичээлээс байнга хоцордог юм. (42 үг)
К.Д.Ушинский
Ухаант хурга
Нэгэн чоно ижлээсээ жаахан холдоод явж байсан бяцхан хургыг бариад авав. Хөөрхий хурга чононд баригдаад:
- Чи намайг идэх гэж буйг мэдэж байна. Гэхдээ намайг идэхээс чинь өмнө чиний лимбэ үлээхийг сонсмоор байна. Чамайг хэнээс ч илүү лимбэ сайн тоглодог гэдгийг би сонсож байсан. Тэр бүү хэл хоньчноос ч илүү байсан шүү гэв. Энэ үг чононд ихэд таалагдав. Хурганы хэлснээр лимбээ аваад үлээв. Чоно хөгжмөө тоглож дуустал хурга дахин нэг аялгуу сонсохыг хүсэв. Чоно хэлсэн ёсоор лимбээ тоглов.
Энэ үед хоньчин, нохдын хамтаар яаран ирж чоныг барив. Ийнхүү хөөрхий хурга ижил сүрэгтэйгээ эсэн мэнд эргэн нийлж чадсан аж.
Биеийн хүчнээс ухааны хүч илүү болохыг бяцхан хурганы түүх харуулжээ. (107 үг)
Лев Толстой
Гурван их санаатан
Намайг чанга гишгэвэл газар дэлхий цөмөрчих вий гэж тогоруу зөөлнөөр
гэдэн годон гэж гишгэдэг. Аадар бороо орж их усанд амьтан урсчих вий гэж голио чулуун дээр гарч хардаг. Тэнгэр нурж хамаг амьтан сөнөх вий гэж сарьсан багваахай уруугаа харж дүүжлэгддэг. Тэнгэр харж байгаа нь тэр юм гэнэ лээ. (51 үг)
Үнэг хэрээ хоёр
Хэрээ нэг хэсэг мах олоод модон дээр ирж суув. Түүнийг харсан үнэг махыг хараад хорхой нь хүрчээ. Үнэг, хэрээний өмнө гүйж ирээд:
- Хэрээ, та бол хамгийн агуу хүчтэй, царайлаг, шувуудын хаан шүү. Ийм агуу шувуу ямар дуу хоолойтой байгаа бол? гэж магтжээ. Хэрээ түүний магтаалд баясан чангаар хашхиран дуугарав. Гэтэл зууж явсан махаа алдаж орхив. Үнэг гүйж очоод махыг нь авч:
- Өө хэрээ, чамд ухаан дутаж байна. Яаж шувуудын хаан болох вэ дээ гэж хэлээд шогшоод явчхав. (77 үг)
Эзоп
Үнэн ээ хэлэх үү?
Жаалхүү гар утсаар тоглоом тоглох дуртай. Хичээлээ тараад ирэхэд ээж нь “Багш нь гэрийн даалгавар өгсөн үү?” гэв. Гэрийн даалгавар өгсөн боловч тэр “Өгөөгүй” гэж хэлье гэж бодов. Учир нь утасны тоглоомоо тогломоор байв.
Гэвч тэр бодлоо өөрчлөв. Хэрэв тэр худал хэлэх юм бол бүтэн долоо хоног тоглоомоо тоглож чадахгүй. Тийм болохоор тэр эхлээд гэрийн даалгавраа хийлээ. Одоо түүнд оройн хоол хүртэл тоглох цаг байна.
Үнэнч шударга байх нь хамгийн зөв гэдгийг тэр мэднэ. (77 үг)
Дэлхийд хайртай хүү
Шувуу ой руу нисэн очив. Тэр үүрээ өдөржин хайгаад олсонгүй. Хүмүүс ойн моддыг огтолсон ажээ. Шувуу нэгэн хүүгээс модод хаачсаныг асуув. “Хүмүүс байшин барих гэж огтолсон” гэж хүү хэллээ. Үүнийг сонсоод шувуу “Бид одоо хаана амьдрах вэ?” гэж гунигтай хэллээ. Тэд бие биеэ харан хэсэг дуугүй зогслоо. Хүү гэнэт “Би чамайг хайрлана. Олон мод тарьж өгнө өө” гэв. (66 үг)