ШҮЛЭГ

Өнгө, хэлбэр хэмжээ, дүрс, тоо зэрэг бодит зүйлээр адилтгасан дүрслэл бүхий шүлэг

1.    Өвөө саран дээрх тоог хардаг

Өвөө аав
Үдэш болохоор
Холын сарыг харснаа
Хоёр нүдээ онийлгосноо

Өнөөдөр чинь
"Төдөн" гэдэг.
Ээж, аав түүнийг нь
Эргэлзэх ч үгүй

"Тийм байна" гэдэг.
Тэгэхээр лав
Тэнгэрийн саран дээр
Хуанлийн тоо
Харагддаг байх нь.

Ухаантай болохоороо
Миний өвөө
Уншиж бас
Чаддаг байх нь.

Г.Мэнд-Ооёо

2. Өхөөрдөл
Хацар нь улаан алим шиг
Хараацай жаахан дүү минь
Хараарай, хараарай наашаа
Хайр гэрэлтсэн нүдэт минь

Инээх нь мөнгөн хонх шиг
Эрвээхэй жаахан дүү минь
Ирмээрэй, ирмээрэй наашаа
Ирээдүй гэрэлтсэн нүдэт минь

Янзага хөөрхөн дүү минь
Яваарай, мөлхөөрэй наашаа
Ямар тоглоом тоглох вэ?
Яриарай, хэлээрэй эгч дээ

Хэвлүүн цовоо дүү минь
Хэлд ороорой, яриарай
Хөөрхөн цовоо дүү минь
Хөлд ороорой, яваарай

Б.Гонгор

3.    Ямаа шаазгай хоёрын яриа
Эрүүндээ сахалтай
Эвэртэй ямаанд
Шаазгай шувуу
Шагшран хэлсэн нь:

Тостой, тостой
Ёстой, ёстой
Бяслаг, бяслаг
Өгөөч, өгөөч гэв.

Алтан сүүлтэй
Алаг шаазгайд
Мань ямаа
Майлан хариулсан нь:

Яах вэ чамд өгье л дөө
Яриангүй сайн бяслаг л даа.
Ямар сайхан амттай гээч
Яасан сайхан үнэртэй гээч.

Тэгэхдээ харин надад чи
Тэвэр өвс л авчирч өг өө гэв 

Т.Жамьяансүрэн

4. Эрдэм ном

Улаан лууван сайн идвэл 
Өндөр болно гэсэн
Өхөөрдөм туулай тэгвэл 
Уул шиг том болмоор сон!

Даалгавраа сайн хийвэл 
Далай тэнгис ч цээжинд багтана 
Гэтэл яаж энэ жижигхэн цээжинд
Далай тэнгис багтах юм бол?  

Багтдаг юм багтдаг юм гэж 
Буурал эмээ минь хэлнэ. 

Биеэс чинь булааж чадахгүй ганц зүйл
Эрдэм ном, эрдэм ном гэнэ!

Б.Чандмань 

5. Яагаад?

Яагаад сар бөв бөөрөнхий хэрнээ
Газарт унадаггүй юм бол оо? 
Яагаад мод ганцхан хөлтэй хэрнээ
Ганхалгүй бат тогтдог юм бол оо? 

Яагаад нар байнга шатаж байдаг хэрнээ
Лаа шиг унтардаггүй юм бол оо?
Яагаад үүл хөлгүй хэрнээ 
Тив дамнан нүүдэг юм бол оо? 

Түм буман яагаад
Түүний цаана ч яагаад?
Эрдэм ухаанаар таньж мэдэх
Энэ орчлон яасан соньхон бэ? 

Б.Чандмань 

6. Сонин тив

Антарктид тивийн талаар 
Ангийн багш маань заалаа.
Жилийн дөрвөн улирал ээлжилдэггүй
Жир бус газар юм байна

Өвөл зун хоёр л 
Өөр хоорондоо ээлжилдэг
Зургаан сар өдөр
Зургаан сар шөнө болдог гэнэ. 

Тэнд амьдардаг хүмүүс тэгвэл
Зургаан сар тоглож наадаад
Зургаан сар унтдаг юм байх даа? 
Тийм сонин газарт очих сон!

Зуны улиралд ч гэсэн 
Хүв хүйтэн байдаг гэнэ. 
Зун болсон ч гэсэн
Зузаан хувцастай байдаг гэнэ. 
Хүйтэн зун гэж бас байдаг аа? гэж
Хүүхэд бид нар гайхлаа. 

Б. Чандмань 

7. Навч
“Хөөрхөн навчтай хүү шүү” гэж
Хөгшин ээж минь хэллээ.
Хаана байна, тэр навч?
Хайлаас, улиас юм уу, би?

“Хаанаас даа, хүү минь, хаанаас
Хэлбэр нь адилхан болохоор л
Хүний чихийг навч гэдэг юм” гээд
Хөгшин ээж минь инээлээ.  

“Дэмий зүйл асуув уу?” гээд 
Хоёр навч минь улайлаа. 
Дэргэдээс харин ээж минь 
“Зүгээр дээ, хүү минь” гэлээ. 
Б.Чандмань 

 
Утгат хэсгээр нь зогсоц хийж, дууны өнгө өгсүүлж уруудуулж хөгжил баяртайгаар унших шүлэг

8.    Дэлхийг би үүрч явна

Өглөө бүр хичээлдээ явна
Өдөр бүр хичээлдээ явна.
Сурагчийн цүнхээ үүрээд явна.
Сургуульдаа би баяртай явна

Үүргэвчит шинэхэн цүнхэн дотор минь
Үзэг харандаа ном дэвтэр
Үзтэл бүгд бүрэн бий
Үзэж сонирхоход бүгд бүрэн бий

Газар дэлхийн хүн амьтантайгаа
Гадаад далай хүчит давлагаатайгаа
Улс гүрэн минь хот тосгонтойгоо
Уудам нутаг минь мал сүрэгтэйгээ

Сурах бичгийн минь хуудсанд байдаг юм
Сүрагчийн цүнхэнд багтаж явдаг юм
Эрдэм ном цүнхэнд минь байна
Эх орон номонд минь байна
Дэлхийг би үүрч явна
Дэнхийтэл даагаад алхаж явна

Н.Доржцэрэн

9.    Эмээ

Дэндүү халуун жин үдэд
Дээлээ дэлгэж сүүдэр босгоод
Намайг дор нь тоглуулж орхиод
Наранд өөрөө шарагдан суудаг

Миний эмээ
Ийм л эмээ

Олны хөлхөх гудамжинд гарч
Орсон цасыг шүүрдэн явдаг
Хамаг хүүхэд халтирах вий гэж
Хавийн цасыг арилган явдаг

Миний эмээ
Түмний эмээ

Үдээр шиг туранхай жаал хүүг
Үдшийн цэнхэр дэлгэцээс хараад
Хэний үр юм бол доо хөөрхий
Хэдэн бууз хүргэж өгөх сөн гэнэ

Миний эмээ
Дэлхийн эмээ

Ж.Дашдондог

10.    Тусч хүү

Хойд айлын настай эмээ
Холоос усаа барьж байна
Эмгэн ээжээс ялгаа юу вэ?
Эмээгийн усыг элбэж авчиръя.
Алсаас усыг нь дамнаж ирэхэд
Ачтай жаал гэж эмээ баярлана.

Хөрш айлын хөгшин өвөө
Хөрөөдсөн түлээ хагалж байна
Өвгөн ааваас өөрц юу вэ?
Өвөөгийн түлээг хамжиж хагалъя
Түлээний модыг нь жиргэж өгөхөд
Тустай жаал гэж өвөө баярлана

11. Өргөж явах нэр

Амгалан дэлхийд мэндэлж
“Хүүхэд” нэр авлаа
Аав. Ээж хоёроосоо
“Хүү” нэр авлаа.

Ах, эгч нараас
“Дүү” нэр авлаа
Өвөө эмээ хоёроос
“Ач” нэрийг авлаа.

Үеийн олон нөхдөөс
“Найз нэрийг авлаа
Суурийн хоньчдод тусалж
“Хургачин” нэрийг авлаа.

Сургуульд саяхан орж
“Сурагч нэрийг авлаа.
Сурч мэдэхийг бэлгэдсэн
Эрхэм энэ нэрээ

Суу билгээ дайчилж
Эгнэгт өргөж явъя

Т.Жамьянсүрэн
  
12. Өвөө эмээдээ золгоорой

Өвлийн улирлын сүүлчийн өдөр
Өөдлөх хаврын анхны өдөр
Өлзий дэмбэрэлтэй шинийн нэгний өдөр
Өвөө эмээдээ айлчилж очоорой.

“Та амархан сайн байна уу?” гээд
Тохойг нь түшин золгоорой.
“Тавтай сайхан шинэлэв үү?” гээд
Духан дээрээ үнсүүлээрэй.

Өглөө нар шиг мандаж яваарай
Өндрийн цэцэг шиг дэлгэрч яваарай гээд
Өвөө эмээ чинь чамайг ерөөнө
Өдрөөс өдөрт чи сайн хүн болно.

Т. Галсан

13. Хамгийн хүнд жинтэй зүйл

Агаар жинтэй, 
Үс хүртэл жинтэй гэж 
Ангийн багш өнөөдөр
Хүүхэд бидэнд заалаа.

Хамгийн хүнд жинтэй нь 
Доромж муухай үгс 
Хамаагүй хэлж болохгүй
Найзуудаа гомдооно гэж хэллээ. 

Өөдгүй муу үгийг 
Хэзээ ч хэлж болохгүй!
Үнэнч найзуудаа гомдоох үгийг 
Хэрхэвч хэлж болохгүй! гэхэд

Өхөөрдөм тоглоомнууд минь 
Үг дуугүй сонсоно. 
Үг хамгийн хүнд жинтэй гэж 
Багшийгаа би дуурайн хэллээ. 

Б.Чандмань

14. Гурван алим

Эгч нь дүүдээ гурван алим өгч гэнэ.
Эрдэнэ түүнд тун их баярлаж гэнэ.
Хоёр нь том, нэг нь жижиг байж гэнэ.
Идэлгүй явсаар Эрдэнэ гэртээ ирж гэнэ.

Бөндгөр алим амт нь сайхан даа
Бөөрөн талдаа улаан нь гоёхон доо
Ганцаараа би үүнийг идэхгүй дээ
Ганбат Төмөр хоёртой хуваана даа гээд

Хамт тоглодог хоёр хүүд
Хамгийнхаа том алимыг өгч гэнэ.
Үнэхээр баярлаад нөхөд нь авч гэнэ.
Үлдсэн нэгийгээ өөрөө идэж гэнэ.  

Д.Содномдорж

15. Туулай

Бөөрөнхий бор туулай би
Бөг бөг шогшдог би
Бөлтгөр хар нүдэндээ
Бөөн бөөн нулимстай би

Үндэс мэрж амьдардаг би
Өвгөн бүргэдээс айдаг би
Хоргодож бутандаа хэвтдэг би
Хурганы хүүхдээс айдаг би

Тал дундаа давхидаг би
Тайган халтраас айдаг би
Дэвхэрч дэгдэж явдаг би
Дэлдэн хоёр чихтэй би

Харайж цовхчиж явдаг би
Харсан зүгтээ дэгддэг би
Хармаг хар нүдтэй би…
Хайрлаж хэн хамгаалах вэ?

П.Хорлоо