ШҮЛЭГ

Сонирхолтой санаа, сонирхолтой дүрслэл бүхий дуу шүлэг

1.Өвөл

Тэртээ уулын энгэрээр
Цаначин хүүхдүүд хурдална.
Тэднээс хоцрохгүй гэсэн шиг
Чаргаар зарим нь гулгана.

Өндөр уулын өврөөс
Өвлийн жавхааг үзлээ.
Багачууд хүүхдийн дуунд
Байгаль тэгж сэргэлээ.

Тэгшхэн цэнхэр мөсөн дээр 
Тэшүүрээр хүүхдүүд уралдана.
Тэдэнтэй зэрэгцэх хүслээр
Тэнцэж зарим нь тогтоно.

Болор мөсөн дээрх өвлийн зургийг харлаа.
Багачууд хүүхдүүдийн дуун 
Байгаль дэлхийд тарлаа.

Д.Давааням

2. Миний аав

Хацар дээр минь бичиг байна
Харуутаа л уншдаг хүн аав л байна.
Айлын маамууг
Уйлуулчхаад харихаар
Аав нь хүүдээ
Гомдлоо гэх юм

Хөдөөний эмээд
Зам заагаад ирэхлээр
Хүүдээ аав нь
Баярлалаа гэх юм.

Өргөн духан дээр минь бичиг байна
Үзүүтээ уншдаг хүн аав л байна.
 Тоглоомынхоо машиныг
Эвдээд нуучихсан чинь
Тун ч томоогүй дээ
Жолооч минь гэлээ

Энхээ найзтайгаа
Элбээд засчихсан чинь
Овоо доо
Миний инженер гэлээ.
Миний нүүрэн дээр бичиг байна
Мэдчихдэг хүн аав л байна.

Т.Галсан

3. Монгол ухаан

Хар ус самардаггүй
Хаалга алдалж зогсдоггүй
Хайч ангайлгаж тавьдаггүй
Хайлган монгол ухаан

Сав хоосон буцаадаггүй
Санаснаа биелсэнд тооцдоггүй
Сар өдрийг товлодоггүй
Саруул монгол ухаан

Уурган дээгүүр алхдаггүй
Усанд ам гардаггүй 
Утас зангидаж өгдөггүй
Уужим монгол ухаан

Суварганы сүүдэр дээр гишгэдэггүй
Суухдаа ташуур тулдаггүй
Суниахдаа сугаа тэнийлгэдэггүй
Суут монгол ухаан

Зөөхий сүүгээ дээжилдэг
Зөн совинд итгэдэг
Зөв эргэж тойрдог
Зөөлөн монгол ухаан

Газар хөндөхдөө аргаддаг
Гал голомтоо тахидаг
Гар сунгаж золгодог
Гайхам монгол ухаан

Т.Жамьянсүрэн

4.Миний хэнз хурга

Миний хэнз хурга
Магнай халзан зурвастай.
Мянган хонины дундаас
Би хармагц таньдаг.
Мярс мярс майлж
Намайг чиглэсээр ирдэг.

Дун цагаан үстэй
Дуран хар нүдтэй
Түмэн хонины дунд
Түүнээс хөөрхөн амьтангүй
Төрсөн хот дотроо
Тэр бид хоёр тоглодог.

Өвдөг юугаа сөгдөөд
Өөрийнхөө ээжийг хөхдөг.
Өвөр дээр минь гараад
Өхөөрдмөөр өхөөрдмөөр эрхэлдэг.
Нааш цааш дэгдэн
Малчин хүнийг баясгадаг.

Д. Нацагдорж 

5.Тэмээний хүүхдүүд

“Тэмээний хүүхдүүд” гэж 
Говийнхон ярьдаг юм.
“Тэмээнд яваа хүүхдүүд” гэж 
Хавийнхан мэддэг юм.

Өөрөө ч би багадаа
“Тэмээний хүүхэд” явлаа.
Өргөн говийн нартай 
Тэмээ хариулдаг байлаа.

Ил газраас харахад
Дөрвөн зүг саруул.
Их үдийн говийн
Алс хаяа цэнхэр.

Хэний мал хаа явааг
Тэмээний хүүхдүүд үзнэ.
Хэрэв та зам асуувал 
Тэмээний хүүхдүүд хэлнэ.

Д. Нямаа

6. Туулай

Борхон саарал туулай бөмбөн бөмбөн үсэрч
Боролж шугуйн дундуур дэгдэн дэгдэн дэвхрээд
Босоо хоёр чих нь сэртэн сэртэн хайчилж
Богино хархан сүүл нь годос годос хөдөлнө

Дэрс бутны дээгүүр дээр дээр харайж
Хагд өвсний дундуур хальт мөлт үзэгдэхэд
Урьхан хөөрхөн хошуу нь шөмбөс шөмбөс хөдөлж
Урсгал номхон нүд нь бүлтэс бүлтэс анивхийнэ

Эрчит хөлийн хурданд уужим дэлхий товчлогдож
Ирт шүдний хүчинд уран зураг сийлэгдээд
Өвгөн аавын өвсөнд үдшийн бүрийгээр айлчилж
Өчүүхэн бага бөжиндөө амьдралын замыг сургана.

Д.Цэвэгмид

7.Хөгөө тарьсан Суманхүү

Суманхүү нэг өглөө
Сургуульдаа явах болоод
Цүнхтэй номоо эртэл
Цөмөөрөө алга байжээ.

Хөгөө тарьсан Суманхүү
Хөндий бүхэнд эржээ.
Авдар савны араар
Дэвтэр ном нь таржээ

Өнгө зүсийг минь будлаа гэж
Өмнөх дэвтрүүд уурлажээ.
Хуудас дүүг минь урлаа гэж
Хавтас ах нь дургүйцжээ.

Ном дэвтрээ хайрлана гээд
Амлалт өгөөд гуйжээ.
Та нарыг одоо хайрлана гэж
Тангараг тавиад гуйжээ.

Ч.Лхамсүрэн

8. Ааруулын амт

Айл бүрийн дээвэр дээр
Ааруул хурууд дэлгээтэй.
Алаг шаазгай элээ хоёр 
Ахин дахин эргээтэй.

Сайхан ааруулаа хамгаалж
Сэнс хийж босгов.
Сэнгэнэсэн эргэлтээр нь
Сэрүүн салхи хөдлөв.

Шаазгай ч зориглож ойртсонгүй
Элээ ч эгцэлж ирсэнгүй.
Хатсан ааруулаас амсахад
Хачин сайхан амттай байв.

“Хамгаалж харсан хүнд 
Тийм амттай байдаг юм” гэж
Хайртай ээж минь баярлаж
Тэндээс надад хэлж байв.

Ө. Баасанжав
                 

9. Бусдынх биш минийх 

Өргөн магнай минь өвөөгийнх
Өндөр нуруу минь аавынх
Уран гар минь эмээгийнх
Ухаан сүүхээ минь ээжийнх гэнэ 

Өвлөсөн бүхэн минь өрөөлийнх  юм бол
Өөрөө би юутай болъё доо?

Хонхойдог хацар минь эгчийнх
Бүлтийдэг нүд минь ахынх 
Дэлдгэр чих минь авгынх
Дэрвэгэр сормуус нагацынх  гэнэ

Эгдүүтэй бүхэн минь бусдынх  юм бол
Эднээс ялгагдах юутай болъё доо?

Найздаа тусалдаг найрсаг сэтгэл
Нямбайлж хувцсаа эвхдэг зуршил
Сурсан хичээлээ давтдаг зүтгэл
Хэлсэн үгэндээ хүрдэг чанар

Хичээсэн бүхэн минь минийх юм байна
Хэн ч булаахгүй өв юм байна

Б.Цэндсүрэн