БЭЛГЭ ДЭМБЭРЛИЙН ҮГС
Хүүхдэд ерөөж хэлэх үг
Аавдаа ачлалтай
Ээждээ энэрэлтэй
Нойронд сэргэг
Номонд мэргэн болоорой.
Урт настай,
Удаан жаргалтай,
Аавдаа ачтай,
Ээждээ элбэрэлтэй,
Төр улсдаа тустай яваарай!
Идэр биес нь
Эрүүл сайхан уу?
Эрдэм номын
Хишиг буян нь арвин уу?
Төрдөө алдартай
Түмэндээ хүндтэй
Төрсөндөө ээлтэй
Түвшин жаргаж яваарай.
Шинэ дээл мялаах бэлгэ дэмбэрлийн үг
Урд хормойг нь
Унага даага гишгэг!
Хойд хормойг нь
Хонь хурга гишгэг!
Дотоод хормой чинь
Тос өөх болог
Эд нь хэврэг,
Эзэн нь мөнх,
Улам сайхныг
Эдэлж яваарай!
Настан бууралд хэлэх бэлгэ дэмбэрлийн үг
Ная насалж
Нас бүрдээ жаргаарай!
Зуу насалж
Зуун намрыг үзээрэй!
Үр ачийнхаа сайныг үз
Үрээ дааганыхаа хурдыг үз
Бэлгэ дэмбэрлийн үгийн хариу
Тэр сайхан ерөөл
Тэгш сайхан орштугай
Ахын ерөөл
Алт болог ээ!
Эгчийн ерөөл
Эрдэнэ болог ээ!