ЕРТӨНЦИЙН ГУРАВ
Өнгө, хэлбэр хэмжээ, дүрс, тоо зэрэг бодит зүйлээр адилтгасан дүрслэл бүхий Ертөнцийн гурав
1. Ертөнцийн гурван олон
Өртэй хүний маргааш олон
Өдрийн хоолны эзэн олон
Өнчин хүний ноён олон
2. Ертөнцийн гурван байхгүй
Үнэн үгэнд худал байхгүй
Үхрийн эвэрт цас байхгүй
Өмх модонд цавч байхгүй
3. Ертөнцийн гурван байдаггүй
Хүн залуугаараа байдаггүй
Хүлээс чангаараа байдаггүй
Хөвд ногооноороо байдаггүй
4. Ертөнцийн гурван хурдан
Салхитай тэнгэрийн үүл хурдан
Саруул ухаантны санах хурдан
Сайн морины явдал хурдан
5. Ертөнцийн гурван тэнэг
Эрхэм тэнэг морио магтана
Дунд тэнэг эхнэрээ магтана
Адгийн тэнэг биеэ магтана
6. Ертөнцийн гурван давхарга
Өндөр тэнгэр үүлэн давхаргатай
Өвсөн дэлхий цасан давхаргатай
Өргөн далай мөсөн давхаргатай
7. Ертөнцийн гурван ядуу
Эрдэм номгүй гэдэг нэг ядуу
Эд хөрөнгөгүй гэдэг хоёр ядуу
Эв эегүй гэдэг гурван ядуу
8. Ертөнцийн гурван битгий
Үнсээ битгий өвстэй газар асга
Үхрээ битгий шүлхийтэй газар бэлчээ
Өвөлжөөгөө битгий жавартай газар барь
9. Ертөнцийн гурван баян
Дэлхий өвсөөр баян
Далай загасаар баян
Дээдэс (огторгуй) одоор баян
10. Ертөнцийн гурван тансаг
Агаарт байдгаас сар тансаг
Аглагт байдгаас цэцэг тансаг
Араатанд байдгаас арслан тансаг