ШҮЛЭГ
Дүрслэх ба авиа дуурайх үгс давтагдан орсон хөгжилтэй, сонирхолтой шүлэг
1. Аль нь олон бэ?
Бүтэн бяслагийг
Зүсэж иддэг.
Хэсэг хэсгээр нь
Хэрчиж иддэг.
Хэрчсэнийг нь
Хэрчим гэнэ.
Зүссэнийг нь
Зүсэм гэнэ.
Бүтнийг нь
Бүхэл гэнэ.
Бүхэл гэдэг
Бүтэн ганц.
Хэрчим гэдэг
Хэдэн ганц.
Аль нь олон
Аль нь цөөн бэ?
Г.Ловор
2. Би зураг зурсан
Би
Зураг зурсан.
Дугуй цамцтай
Дөрвөлжин өмдтэй
Гурвалжин гуталтай
Дүүгээ зурсан.
Дүү
Зураг зурсан.
Гурвалжин малгайтай
Дөрвөлжин цамцтай
Дугуй гуталтай
Намайг зурсан.
Бид
Зураг зурсан.
Дугуй нартай
Гурвалжин уултай
Дөрвөлжин голтой
Дэлхийгээ зурсан.
Г.Ганболд
3. Шугам
Эгч намайг сургуульд ороход
Энэ шугамыг өгсөн юм.
“Хичээлд чинь хэрэг болно шүү.
Хямгадаж яваарай” гэж хэлсэн.
Зураг зурахад ч хэрэгтэй
Зураас татахад ч хэрэгтэй
Хэсэглэж хуваахад ч хэрэгтэй
Хэмжээ авахад ч хэрэгтэй
Хичээл бүхэнд ашигладаг
Хүүхэд бүрд хэрэгтэй
Энэ шугамаа хэрэглэж сурчхаад
Энхрий дүүдээ бэлэглэнэ дээ.
Х.Дэмбэрэл
4. Эрвээхэй
Эрээн цоохор
Эрвээхэй
Эрэг нугаар
Дэрвээхэй
Цэцэг цэцгээр
Хэсээхэй
Цэнгэн баясан
Нисээхэй
Үдийн нарнаа
Жаргаахай
Үүлэн сүүдрээс
Үргээхэй
Газрын цэцэг
Найгаахай
Ганган бүжиг
Хийгээхэй
Тэнгэрийн цэцэг
Эрвээхэй
Тэндхийн бүжигт
Эргээхэй.
Ж.Дашдондог
5. Уур үүл
Уур үүл
Тэнгэрт хэвийнэ.
Удах ч үгүй
Дэлхийг шавшина.
Нүүсэн үүл
Усаар тургивч
Буусан газраа
Тосоор ундална.
Уур уур
Газарт савсана.
Удах ч үгүй
Тэнгэрт хөвсийнө.
Дэгдсэн уураас
Манан хөөрч
Дээшлэн хурж
Үүл нэвсийнэ.
Уур үүл
Усан эхтэй.
Газар тэнгэр
Бат холбоотой.
Т.Жамьянсүрэн
6. Эх нутгаа саналаа
Гэрээсээ гарч сум ороод
Гэрээ би саналаа.
Сумаасаа аймаг ороод
Сумаа би саналаа.
Аймгаасаа хот ороод
Аймгаа би саналаа.
Эндээс хилээ алхаад
Эх орноо бүтнээр нь саналаа.
Д.Пүрэвдорж
Утгат хэсгээр нь зогсоц хийж, дууны өнгө өгсүүлж уруудуулж хөгжил баяртайгаар унших шүлэг
7. Ээж минь
Эрээн алчууртай
Ногоон дээлтэй
Ээжийгээ
Эрээн алчууртай нь
Ногоон дээлтэй нь
Зурчихлаа би
Будчихлаа би.
Ээж минь
Хувин дүүрэн ус
Худгаас барьдаг
Ээжийгээ
Худгаас татсан
Хувинтай устай нь
Зурчихлаа би
Будчихлаа би.
Ээж минь
Найрсаг зантай
Наддаа хайртай
Ээжийнхээ
Найрсаг зантайг нь
Наддаа хайртайг нь
Хэрхэн зурах вэ би
Хэлж өгнө үү та!
Ж.Дашдондог
8. Зун
Намираа бороо орж
Навч цэцэг дэлгэрнэ.
Нарийн голд очиж
Наадаж бид шумбана.
Дэгдэн дэгдэн явж
Дэнжийн цэцэг түүнэ.
Эргэн тойрон гүйж
Эрээн эрвээхэйтэй тоглоно.
Өгөөмөр баян зуны
Өдөр бүр нь сайхан.
Өвөөлж хөхөө донгодоод
Өгүүлж баршгүй гайхам.
Д.Маам
9. Солонго
Намираа борооны дараа
Нар таатай ээлээ.
Өнгөрсөн борооны наагуур
Өнгийн солонго татлаа.
Тэр солонгыг барих гэж
Тэнхээгээрээ бид хурдаллаа.
Цагариган солонго харин
Цаашаа зугтан одов.
Байгалийн сайхан солонгыг
Барьж болдоггүйг мэдлээ.
Р.Ядмаа
10. Хургачин хүү
Ногоон торгон дээр
Сувд байх шиг
Ногоон талдаа
Хурга минь бэлчинэ.
Хургаа хариулаад
Унтаж болохгүй.
Яагаад гэвэл
Чоно ирнэ.
Хургаа өсгөхөд
Хонь минь нэмэгдэнэ.
Би өсөөд
Баатар болно.
Өвсний сайханд
Хургаа хариулаад
Үдэш ирээд
Таргаа ууна.
Б. Бааст
11. Хөөрхий дөө гөлөг минь
Тосоод ирэх эзэнгүй
Тоглуулж суух найзгүй
Хөөрхий дөө энэ гөлөг
Хүн хүнийг дагах юм.
Тэжээж тэтгэх эзэнгүй
Тэвэрч эрхлүүлэх андгүй
Зайлуул даа энэ гөлөг
Зам даган шогших юм.
Өдөржин шогшивч хоолгүй
Өрөвдөөд ирэх ээжгүй
Эвий дээ энэ гөлөгний
Эзэн нь би болъё доо.
О.Сундуй
12. Анхны цас
Сав саяхан орсон
Шив шинэхэн цас
Эх нутгийг бүрхээд
Их сайхан байна даа.
Мөнгөн цасан дээгүүрээ
Хөнгөн чаргаар тоглоцгооё.
Уруу газар гулгахдаа
Буруу хазгай явчихгүй.
Хад чулуу мөргөлгүй
Мод бургас шүргэлгүй
Хашийн цасан дээгүүрээ
Хавтай сайхан наадацгаая.
Эрүүндээ сахалтай
А.Барто
13. Божгор хүү
Божгор хүү хичээлээ үзнэ.
Бодлого тоо толгойд эргэнэ.
“Болно, болохгүй” гэсэн хариултууд
Болжмор шиг шаагилдаад хэцүү.
Эмээ минь миний хичээлд
Эрвийх дэрвийхээрээ тусална.
Эмээ бид хоёрыг харж
Ээж аав минь өхөөрдөнө.
Маш сайн хичээгээд
Магад хариуг олвол
Өдөр өдрийн хичээлээ
Өөрөө хийж сурна.
Б.Нэргүй
14. Миний ээж
Монгол үзэсгэлэнт саран гуа, намайг төрүүлсэн ээж
Яруу сайхан эгшгээрээ бөн бөн бүүвэйлсэн ээж
Зөөлөн цагаан гараараа хөдөлгөн өлгөсөн ээж
Зүйтэй уран үгсээрээ сурган хүмүүжүүлсэн ээж
Д.Нацагдорж
15. Хамгийн хөөрхөн амьтан
Хамгийн хөөрхөн амьтан
Хаана байдаг юм бэ? гэж
Эрэгт амьдардаг зараанаас
Эрхэм загас асуужээ.
Миний үрээс энхий
Мяндас зөөлөн амьтан
Энэ хорвоод байхгүй гэж
Ээж зараа хариулжээ.
О.Сундуй