ҮГЭН ТОГЛООМ

Сэтгэн бодох, асуудал шийдвэрлэх чадвар шаардсан уламжлалт үгэн тоглоом

Сүмбэр уул 
Нэг хүүхдийн хоёр гарын арван хуруугаар хоёр хүүхэд хэлэлцэж тоглоно. Тоглохдоо дунд ба ядам хурууг давхарлаж, чигчийг чагтлаад, хоёр долоовор хурууг баруун гарын эрхийтэй нийлүүлэн “Сүмбэр уул” босгоно.

1. Сүмбэр уул босгосон гурван хурууг нар зөв эргүүлэн эхний хүүхэд:
- Энэ юу вэ? Гэж асуухад нөгөө хүүхэд:
- “Сүмбэр уул” гэж хариулна.

2. Эхний хүүхэд уул босгосон эрхий, долоовор хуруунуудыг зааж,
- Энэ юу вэ? Гэж асуухад, нөгөө хүүхэд:
- Алтны уурхай (Эрхий хуруу)
- Мөнгөний уурхай (Зүүн гарын долоовор хуруу)
- Шүрэн уурхай (Баруун гарын долоовор хуруу) гэж хэлнэ.

3. Эхний хүүхэд уулын ам бүрийг зааж,
- Энэ юу вэ? Гэж асуухад, нөгөө хүүхэд:
- Тэмээний бэлчээр
- Адууны бэлчээр
- Үхрийн бэлчээр гэж хариулна.

4. Эхний хүүхэд ам бүрийг зааж,
- Үүгээр орвол яах вэ? Гэхэд нөгөө хүүхэд:
- Буур хазна. Азарга тангарна. Бух мөргөнө гэнэ.

5. Эхний хүүхэд баруун гарын давхарласан дээд талын дунд ба ядам хурууг зааж,
- Энэ юу вэ? Гэхэд, нөгөө хүүхэд:
- Аав, ээж хоёрын суудал гэнэ.

6. Эхний хүүхэд зүүн гарын давхарласан доод талын дунд ба ядам хурууны үзүүрийг зааж,
- Энэ юу вэ? Гэхэд, нөгөө хүүхэд
- Аав, ээж хоёрын манаж байгаа Асар, Басар хоёр нохой гэж хариулна.

7. Эхний хүүхэд чагталж байгаа чигчий хурууг зааж,
- Энэ юу вэ? Гэхэд, нөгөө хүүхэд:
- Холбоотой хоёр бяруу гэнэ.

8. Эхний хүүхэд баруун гарын сул байгаа эрхий хурууг зааж,
- Энэ юу вэ? Гэхэд нөгөө хүүхэд:
- Шаварт унасан шарга даага гэнэ.

9. Эхний хүүхэд:
- Шаварт унасан шарга даагыг гаргах уу? Байх уу? гэж асуунгуут баруун гарын сул байгаа эрхий хурууг барьж авна. Нөгөө хүүхэд үүнээс урьтан амжиж хурууны чагтлаануудыг тайлж хоёр гараа сул болгон дээш өргөхийг эрмэлзэнэ.

Энэ хоёр үйлдлийг хэн урьтаж хийсэн нь хожно.
 
Монгол ахуй соёл, монгол хүний онцлогийг тусгасан өгүүллэг, үлгэр

Чөдөр 
Би ааваар чөдөр зангидахыг заалгана. Торго шиг зөөлөрсөн эр сур гарынх нь аясаар ид шидийг олно. Хоёр алгаа үлээн байж, эр сурыг томоход чөдрийн сум бий болно. Аав хэлнэ.
- Эрч нь сайн тусмаа бөх болно. Дараа нь аав хааг нь гаргана. Чөдрийн хаа гэж урд талынх нь хоёр салааг хэлж байна. Төөлнө. Сөөмлөнө. Дөрвөн хуруу тавьж хэмжинэ. Аав хэлнэ.
-   Хэмжээ дамжаа нарийн байх учиртай. Эс тэгвээс морь зовоочихно. Сураа давхарлаж шилбийг хийнэ. Торго шиг эр сурнаас хамгийн зөөлнийг нь сонгоно. Дараа нь гогцоогоо гаргана. Тэгээд хумсыг нь хийнэ дээ. Зөөлөн хуш мод бүр ч их тохиромжтой. Чөдрийн алга ийнхүү бэлэн болно.  Аав хэлнэ.
-   Морины сагаг зулбалахгүй боллоо. Үс нь ч гэмтээгүй хөлтэй морь үлийнд бүдрээд унадаггүй юм. Чөдөр зангидахад ухаан улам төвлөрч, гарт бяд сууна. Би чөдөр зангидах дуртай билээ. Аав минь “Хол ойрын хүнийг унаанаас салгав даа” гэдэг сэн.
Таны үг одоо ч чихэнд сонсогдоно. Би хүүдээ энэ үгийг улбаалан захина. Хүн бүр өөр өөрийн хүлэгтэй билээ.

Д.Нямаа

Тусч хүү
Хаврын мал төллөлтийн үеэр Жаргал хүү сайн малчин Намсрай гуайнд хуваарилагдав. Жаргалыг “Хонь хариулъя” гэхэд Намсрай гуай хаширлаад зөвшөөрсөнгүй. Харин гэрийн ойр зуурын ажилд туслуулдаг байлаа. Гэтэл нэг өдөр өвгөний бие муудаж арга буюу Жаргалын гуйлтыг зөвшөөрөв. Жаргал өдөрт малаа тууж, шөнө нь жижүүрлэж, цурам хийлгүй хононо. Анхны шөнө таван хонь хургалав. Дараагийн шөнө долоо, гурав дахь шөнө дөрөв. Санасныг бодвол бас гайгүй. Эх, төл хоёрыг сольчих вий хэмээн хаширлаж, ижил өнгийн нарийн даавуу уяж, ялган таних тэмдэг тавьж байлаа. Олон хоног нойргүй хонох амаргүй байв. Намсрай гуайн бие яваандаа сайжирч, өндийн суух болов. Түүний царайд баярын мишээл тодорч байлаа. Энэ нь Жаргалын ачаар төлийн гарзгүй өнгөрснийх ажээ.

Ж.Дүгэржав

Эргэн тойронд тулгардаг асуудлыг хөндсөн зохиолч болон зохиолын баатрын бодол мэдрэмжийг хүүхдэд мэдрэгдтэл дүрсэлсэн сургамжтай өгүүллэг, үлгэр

Бяцхан бамбарууш
Бяцхан бамбарууш эхтэйгээ ойн дунд суудаг байжээ. Нэгэн өдөр зэргэлдээ ойгоос хэдэн бамбарууш зочлон ирж, өвс хулс модны мөчрөөр ур муутайхан овойлгосон гэрийг нь,
-    Яасан гоё гэр вэ? гэж магтацгаав.
-    Энэ юу ч биш, нөхөд минь. Бид гал түлж, самар хуурдаг гэж бяцхан бамбаруушийн гайхуулахад,
-    Уухай, сайн худлаа ярь! Баавгай хэзээ тэгж гал түлж байсан юм бэ? гэж ирсэн зочид нь ам амандаа хүнгэнэлдэв.
-    Үнэн, худлаа гэвэл та нар харж бай гэж бяцхан бамбарууш хашхирлаа.
Бяцхан бамбарууш ойд зугаалж яваад хайрцаг чүдэнз олсон юм байж. Тэр чүдэнзийг нь эх нь аваад нуучихжээ.
-    Аль вэ чиний гайхуулаад байсан гал чинь? гэж ирсэн бамбаруушийн нэг
нь асуув.  Бяцхан бамбарууш хамаг юмаа онгичин байж хайрцаг чүдэнзээ олов. Бүх бамбарууш түүнийг тойрон:
-    Хачин маягтай эд байна гэж шагшицгаав. Бяцхан бамбарууш:
-    Та нар харж бай, гал гэж ийм юм байдаг юм гээд чүдэнзээ зураад орхисон нь дүй муутай гар нь чүдэнзнийхээ модыг хуга даржээ. Зочид элгээ хөштөл хөхрөлдөв. Бяцхан бамбарууш дахиад л чүдэнзээ зурав. Гал манас хийж, утаа боллоо. Бүх бамбарууш цочин ухарцгаав.
-    Харав уу та нар, гал гэж үүнийг хэлдэг юм гэж бяцхан бамбарууш онгирон хашхирлаа. Гэтэл гал өвсөнд авалцаж эхийнх нь барьсан овоохой шатаж улаан гал болов. Зочин бамбаруушууд ам хамраа даран хахаж цацан зугтаахдаа,
-    Хамаагүй асаавал чүдэнз шиг аюултай юм алга! гэж хүрхрэлдэв.

Д.Дамбийжанцан

Хөөрхөн шувууд 
Манай багш “Та нар гэртээ харьсны дараа ямар нэг шувуу олж хараад, тэдгээрийн нэрийг мэдэж, яаж байгааг нь ажиглаад ирцгээгээрэй” гэсэн даалгавар өгсөн юм.
Би гэртээ харьж, хоолоо идсэний дараа багшийн өгсөн даалгаврыг хийхээр боллоо. Гадаа гараад эргэн тойрон харж байтал гурван хөөрхөн шувуу хаанаас ч юм нисэн ирж, манай пингийн дээвэр дээр буугаад, тэндээс газар бууж, хогны савны дэргэд үсрэлдэн, юм тоншин түүж байв. Гэтэл би нэрийг нь мэдэхгүй байлаа. Гэртээ бушуухан эргэж ороод, ахаасаа:
-    “Жижигхэн шувуудыг юу гэж нэрлэдэг юм бэ?” гэж асуулаа. Ах:
-    “Бор шувуу” гэдэг юм гэв. 
-    Тэд газраар юу тоншиж, түүгээд байгаа юм бэ? Чулуу, шороо иддэг юм уу? гэж би дахиад асуулаа. Ах инээж:
-    Үгүй! Тэд чинь шороон дотроос ургамлын үр, талх, идэх юмны үлдэгдэл хог түүн идэж байгаа юм гэлээ. 
Би талхны үйрмэг авч гараад, хаяж өгөхөд тэдгээр шувууд нисээд, холхон очиж буулаа. Би пингийн хажууд очиж нуугдаад, сэмхэн харж хүлээгээд суулаа. Тэгтэл нэг бор шувуу нисэж ирээд, талхны үйрмэгийг тоншин идэж эхлэв. Дараа нь хэд хэдэн бор шувуу, бас хоёр тагтаа нэмж ирээд, миний хаясан талхны бүх үйрмэгийг идлээ.
Түүнээс хойш би өглөө, оройн цайнд хэрэглээд үлдсэн талхны үйрмэгийг цуглуулж байгаад шувуунд өгдөг болжээ.

Д.Содномдорж

Хоёр жолооч 
Энхээ ээжтэйгээ гадуур яваад буцаж иртэл хашааных нь үүдэнд борооны ус тогтчихоод мэлтийж байв. Ээж нь тоосгоны булан, томоохон чулууг тэр усанд шидэж, гишгүүр хийгээд Энхээг үүрч арай гэж гарав. Гэртээ ирсэн хойноо Энхээ, Мөнхөө ахдаа:
-    Ээж намайг үүрсэн дээ. Маргааш бас үүрнэ дээ гэв. Мөнхөө түүнийг сонсож хэсэг бодсоноо:
-    Энхээ, хоёулаа аав шиг машин жолоодоод гадаа шороо зөөе гэв. Хоёр хүүд өөрсдөө сууж багтдаггүй, нэгэн том машин байдаг аж. Энхээ маш их баярлаж, машинаа чирч, ахыгаа дагаж гарлаа.
Хоёр хүү машинаа чирээд шороо ачиж, зөөж эхлэв. Шороог өнөөх устай хонхорт аваачиж асгана. Тэдний найзууд ч ирж, ханцуй шамлан ажилд орлоо. Зөөгөөд л байлаа. Асгаад л байлаа. Хонхрын ус улам багассаар л. Зөөсөөр байгаад бүр харанхуй болов. Хашааны үүдэн дэх ус ч алга болж, хонхор газар ч тэгшрэв. 
Маргааш нь тэднийг хүн бүр магтах болов. Энхээ ах дээрээ ирж:
-    Ах аа, ах аа! Та бид хоёр ёстой сайн хүүхдүүд тийм ээ? гэхэд Мөнхөө:
-    Тийм ээ, чи бол надаас илүү сайн хүүхэд. Яагаад гэвэл хонхрын усыг шороогоор дүүргэж, ээжийдээ үүрүүлэхээ байсан шүү дээ гэв.

Д.Содномдорж

Усны хайгуулчин 
Элсэн хөрст хонхорт бар цоохор цахилдаг хөх дэлбээгээ наранд ээн, алсыг харуулдан байтал шар зөгий нисэж ирээд,
-    Би газрын гүнээс ус олж, ан амьтдад худаг гаргаж өгөхөөр явж байна. Чиний үндсэнд ус мэдрэгдэнэ үү? гэтэл дэрс дэргэдээс нь,
-    Уужим дэлхийн хөрсний ус цахилдаг, дэрс хосолж ургасан газар л байдаг юм даа гэв.
Эндээсээ шар зөгий хүнгэнэн дүнгэнэн нисэж яваад шоргоолжтой уулзав.
- Шоргоолж минь, бар цоохор цахилдаг, дэрс хоёрын ургасан хөрсний өнгөнд ус ойрхон байдаг юм уу? Надад үзэж өгч туслаач! гэж зөгий дүнгэнэв.
Газрын хөрсийг шоргоолж хэдэн өдөр гүн өрөмдөн орсноо эргэж гарч ирээд ус их ойрхон байна гэв. Бар цоохор цахилдаг, дэрс ургасан газрын хөрсийг зөгий ухаж, ус ундруулж орчныхоо ан амьтдын цангааг гаргаж ачтай тустай ажил хийжээ.

Д.Базаррагчаа

Эвт шаазгайн үүр 
Хавар цагт хангай нутагт салхи шуурга дэгдэх нь элбэг. Шаазгай шувуу ийм хүчтэй шуурганд ч нурахааргүй үүр өөртөө засаж авдаг гэнэ. Шаазгай үүрээ хэрхэн барьдаг вэ? 
Хоёр шаазгай үүр засаж байна. Нэг нь дэлэм хэрийн гишүү зууж, арай ядан дамналдуулсаар ирэхэд, нөгөө нь гишүүний үзүүрээс үмхэж, хамжин дээш өргөнө. Тэгээд гишүү зууж ирсэн нь үлдэж, хошуугаараа гишүү мөчрийг нааш цааш засаж янзална. Харин, нөгөө нь хаашаа ч юм бэ нисэж одоод, удаж удаж бас нэг гишүү зуусаар ирнэ. 
Ийнхүү хоёул ээлжлэн нисэж ирнэ. Тэгснээ эцэж ядарсан бололтой хоёул хэсэг сууж амарна. Бас яаж дулаан, бөх бат үүр засахаа хэлэлцэх мэт зогсоо чөлөөгүй шагшралдана. Бас үүрээ ямар болсныг шинжих мэт нисэж бууж, өрсөн гишүү мөчрөө засаж янзална. Хааяа зууж ирсэн гишүү нь доош уначихна. Тэгмэгц хоёул чанга чанга шагшран доош буугаад, нөгөө гишүүгээ хамжин зууж ниссээр дахин үүрэндээ тавина. 
Ингэж барьсаар хүчтэй салхинд ч нурахааргүй сайхан үүр барьдаг.

Д.Давааням

Эрх ишигний үлгэр
Жигтэйхэн зөрүүд зантай эрх хөх ишиг байжээ. Эх нь
-    Үр минь ишиг минь нохой руу ойртож болохгүй шүү гэж захиж гэнэ. 
Гэтэл хөх ишиг уяатай нохой руу очив гэнэ. Банхар нохой унтаж байлаа. Ишиг нохойн толгой руу мөргөөд авч гэнэ. Банхар нохой аймшигтайгаар архиран өндийж гэнэ ишиг майлан зугтаж гэнэ.  Эх нь ишгээ үнэрлэн:
-    Үр минь ишиг минь ээжийнхээ үгэнд орохгүй бол ингэдэг юм шүү дээ. Хурц  эвэртэй эр ямааны уурыг битгий хүргээрэй гэж захиж гэнэ. 
Хөх ишиг эхийнхээ үгэнд орсонгүй. Хотын захад хэвтэж байсан эр ямааны нуруун дээр дэвхрэн гарчээ. Гэтэл эр ямаа уурлан босож ишгийг унатал мөргөв. Эх нь ишгээ үнэрлэн:
-    Үр минь ишиг минь ээжийнхээ үгэнд орохгүй бол ингэдэг юм шүү дээ. Орой үдшийн цагт хотноос хол битгий тоглоорой. Чоно иднэ шүү гэж захиж гэнэ.
Эрх хөх ишиг эхийнхээ үгэнд оролгүй хотны захаар тонгочин давхив. Бүрэнхий харанхуйгаар чоно дайрч гэнэ. Гэтэл нохой хуцаж эзэн нь буудав. Эрх хөх ишиг айж, үүнээс хойш эхийнхээ үгэнд ордог болж гэнэ.

О.Цэндсүрэн

Тоншуул хөх бух хоёр

Тоншуулыг хөх бух дагамтгай. Тоншуул түүнийг ер хөөхгүй. Харин ч бүр дуртай. Юу л олдоно хагасыг нь тэр муу өөдөсхөн шувуунд хаяж өгдөг гээч. Ямар учраас ингэж хөл алдаад байна вэ? гэвэл ийм учиртай.
Тоншуул мод тоншиж байхдаа хойноо юу болж байгааг мэддэггүй. Хэрэв харцага ирвэл. Харцага ар шил рүү нь цоо тоншин унагаж мэднэ. Харин хөх бух байвал санаа зоволтгүй. Хөх бух түгшүүрийн дохио өгч байдгаараа хашхирна. Тоншуул ч бушуухан амиа хоохойлох аргаа бодно.
Найзын тус ийм сайхан. Тоншуул урт наслах болтугай. Яагаад гэвэл ой мод маань улам илааршина шүү.

Ж.Мягмарсүрэн

Жаахан луувангийн их хүч

Өнөөдөр ногоо хураах өдөр. Идэр, Ивээл хоёрыг ирэхэд ургаж байгаа сонгино, лууван, төмс, манжингууд маш их баярладаг юм. Яагаад гэвэл тэр хоёр ногооны талбайн эргэн тойрны хог ургамлыг түүж цэвэрлэдэг, хөрс шороог сийрэгжүүлж өгдөг билээ. Цэвэрлэж услаад явах бүрд нь хүнсний ногоонууд дараа ирэхэд нь бүр сайн ургаж баярлуулна даа гэж бодоцгоодог билээ.

Энэ удаа томчууд савар, хүрз барьчихсан харин хөвгүүд сагс барьсан харагдав. 
Луувангууд “ашгүй дээ одоо л нэг Идэр, Ивээл хоёртой найз болох нь. Биднийг хөрснөөс ухаж гаргаад ямар том болоо вэ гэж магтана даа гэж хоорондоо ярилцав. 
Харин хамгийн том, бүдүүн лууван 
●    Та нар ч гэнэн байна даа, тэд та нарыг магтаж байгаад л идчихнэ дээ...
Өөр нэг өөдөсхөн биетэй лууван:
●     Бид сайн ургаж энэ хөвгүүдийг хүч чадалтай, өндөр нуруутай, хурц хараатай болгох үүрэг хүлээсэн баатрууд шүү дээ. 
Гэнэт бүдүүн лууван:
●    За намайг авах гэж байна. Энэ чийгтэй, харанхуй хөрснөөс одоо л нэг гарч амрах нь. Баяртай андуудаа гэлээ. 
Том лууванг татаж гаргасан Идэрийн аав:
●     Өө хөөрхий, энэ луувангийн гол нь хатуурчихаж малын тэжээл рүү хий гээд Ивээлд өгөв. 
Өөдөсхөн лууван одоо намайг татаж гаргана даа гээд догдлон хүлээж байлаа. Идэрээ хөлөөрөө өвдөглөн өнөөх луувангийн эргэн тойрны хөрсийг нь гараараа зөөлөн сэндийлэв. Тэгээд үзүүрээсээ шарласан навчны угнаас болгоомжтой татлаа. Жаахан лууван өөрөө ч яаран гараад ирлээ. “
Лууван: 
●    Намайг тарьж, услан, зэрлэг өвсийг зулгааж, хортон шавжаас хамгаалж том болгосонд баярлалаа гэж чангаас чанга хэллээ. 
Идэрээ өөрийнхөө хураасан лууванг шорооноос нь салган сүүлнээс нь бариад дээш өргөв. Нарны цацраг дулаан илчээрээ тэднийг ивээн гийгүүлнэ. 

А. Найгалмаа

Ес суртахуун, сайн муу зан чанар (шударга, шударга бус, сайн, муу, ач тус, өрөвч нинжин сэтгэл, өгөөмөр сэтгэл, шуналтай зан, онгироо зан)-ыг  харуулсан үлгэр өгүүллэгүүд

Миний буруу 
Наран “Богино өгүүллэгүүд” гэсэн гоё зурагтай ном авчирсан нь хүүхдүүдийн сонирхлыг  ихэд татав. Надад ч түүнийг унших хүсэл төрөв.
Гэтэл Бат, номыг гуйж аваад ширээн дээрээ орхиод гарах хооронд би  “Уншаад, маргааш авчраад өгье. Яав л гэж” бодоод цүнхэндээ хийв. 
Маргааш нь би уншсан номоо гэртээ мартчихжээ. Энэ үед Наран:
-    Би номоо авъя гэв. Бат:
-    Би өчигдөр гэртээ хариад унших гэтэл миний цүнхэнд байгаагүй. Чи номоо авсан юм биш үү? гэхэд Наран: 
-    Би аваагүй, чи яасан худалч хүүхэд вэ? гэхэд Бат: 
-    Би аваагүй. Харин чи яасан худалч хүүхэд вэ? гэж муудалцлаа. Би хүүхдүүдээс  ичиж, “Би авсан” гэж хэлж чадсангүй.
Энэ явдал миний сэтгэлийг зовоосоор маргааш хичээлдээ ирэв. Баттай тааралдаад:
-    Бат аа. Чи намайг уучлаарай. Би энэ номыг аваад, өчигдөр гэртээ мартсан байсан юм. Одоо авчирлаа гэхэд Бат над руу гайхан харснаа:
-    Ээ, чи хулгайч юм уу? Чамаас болоод би Наранг “худалч” гэж гомдоосон гэв.
-    Би хулгайч биш ээ гэж намайг уйлан хэлэхэд Бат:
-    Хүний юмыг зөвшөөрөлгүй авахыг хулгай хийх гэдэг. 
-    Би уншмаар санагдаад авчихсан юм. Миний буруу. Би ахиж хүний юмыг зөвшөөрөлгүй авахгүй гэхэд Бат:
-    Би ч гэсэн Наранг “худалч” гэж гомдоосон. Хоёулаа уучлалт гуйя. Явъя гэв.  
  
Биелүүлэх ёстой амлалтууд 
Бидэнд биелүүлэх амлалт ямар олон байдаг юм бэ? гэж намайг хэлэхэд:
●    Чи хэнд тийм олон амлалт өгсөн юм бэ? гэж Наран асуулаа.
●    Би энэ амлалтыг биелүүлнэ гэж хэнд ч хэлээгүй. Гэхдээ л биелүүлэхээс өөр аргагүй зүйл байдаг. Заавал ногоон гэрлээр гарна. Хүний эд зүйлийг зөвшөөрөлгүй авч болохгүй. Харин би ээжтэйгээ гар барин амласан амлалт бий гэхэд Наран: 
●    Бас ямар амлалт байгаа юм бэ? гэж сонирхон асуулаа. Би:
●    Хоол идээд аяга тавгаа хураана. Гаднаас ирээд гараа заавал угаана гэхэд Наран: 
●    Ээжтэйгээ гар барьж амласан бол заавал биелүүлэх л болж дээ. Харин би өөрөө өөртөө амласан амлалт бий гэж Наранг хэлэхэд би гайхан:
●    Өөрөө өөртөө юу? гэж асуусанд:
●    Тийм ээ. Өдөр бүр ном уншина. Өдөрт гучин удаа дээсэн дээр үсэрнэ.  Амархан юм шиг энэ амлалтаа хэн ч хараагүй байхад биелүүлээгүй үе надад зөндөө бий. Харин аав минь надад:
●    Амлалтаа биелүүлэхгүй бол хүмүүс чамд итгэхгүй шүү дээ охин минь. Яг л хоньчин хүүгийн үлгэр шиг худалч болно. Тэгээд өөрөө өөртөө амласнаа биелүүлэхгүй бол “Чи өөртөө итгэхээ болино шүү” гэлээ. 
Аан. Өөрөө өөртөө итгэхгүй гэнэ ээ? Хачирхалтай юм аа. Өөртөө үнэнч бай гэсэн үг юм байх даа.   

Эелдэг зан
Хоёр хөгшин олон жил хамт амьдрахдаа нэг ч муудалцаж хэрэлдэж үзээгүй юмсан жээ. Нэг өдөр өвгөн нь хүмүүс яагаад хэрэлдэж муудалцаад байдаг юм бол оо. Хоёулаа ганц удаа ч гэсэн энэ хүмүүс шиг хэрэлдэж үзэх сэн гэжээ.
Гэтэл хөгшин нь, юунаас эхэлж хэрэлдэхээ мэдэхгүй байна шүү дээ гэжээ. Нөгөө хөгшин нь бодож байснаа, ширээн дээр нэг аяга тавья. Тэгээд би минийх гэж хэлье. Харин чи бас минийх гэж хэл. Тэгээд л хэрэлдчихье гэжээ. Хэлсэн ёсоор ширээн дээр аяга тавиад, энэ миний аяга гэж нэг нь хэлэв. Нөгөө нь, үгүй миний аяга гэж хэлэв. Чинийх биш, миний аяга гэж хэлж байна шүү дээ гэхэд нь, за яахав чинийх бол чи ав гэж гэнэ.
Ингээд тэд хэрэлдэж чадсангүй гэнэ.

Гурван ханхүү ба цэцгийн үр 
Эрт цагт нэгэн хаанд гурван сайхан хүү байжээ. Нэгэн өдөр хаан гурван хүүгээ дуудаад ингэж хэлжээ.
-    Та нарт цэцгийн үр нэг атгыг өгье. Та нар гурван жилийн дараа авчраарай гэжээ.
Тэгтэл том хүү нь энд тэнд хаячих вий гээд хайрцагт хийж цоожилжээ. Дунд хүү нь цэцгийн үрээ аваад зах руу явж зараад хадгалжээ. Отгон хүү нь цэцгийн үрээ талбай дээр тариад цэцгийн талбай байгуулж гэнэ.
Хаан гурван жилийн дараа гурван хүүгээ дуудаад:
-    Гурван жилийн өмнө миний та нарт өгсөн үр хаана байна гэхэд том хүү нь хайрцгаас  хорчийсон үрээ аавдаа өгчээ. Дунд хүү нь хадгалсан мөнгөөрөө  зах явж өөр нэг үр авч өгчээ. Харин отгон хүү нь хоосон иртэл аав нь:
-    Чи яагаад хоосон ирэв гэхэд отгон хүү аавыгаа дагуулаад талбай руу явжээ. Тэнд маш гоё сайхан цэцэг ургасан байжээ. Отгон хүү хаан аавдаа:
-    Энэ  бол таны надад өгсөн цэцгийн үр. Яг одоо цэцэг дэлгэрдэг улирал бөгөөд нэг сар хүлээвэл би танд цэцгий үр өгч чадна гэжээ.
Хаан аав отгон хүүдээ улсаа даатгаж захируулахаар болов.

Д.Давааням

Лусын эзэн  
Тариачин гол руу сүхээ унагачихжээ. Харамссандаа эрэгт лаг хийтэл суугаад уйлав. Лусын эзэн хүн уйлахыг сонсоод өрөвдсөндөө голоос алтан сүх гаргаж ирээд:
-    Энэ чиний сүх үү? гэж асуулаа. Тариачин:
-    Минийх биш гэжээ. Тэгэхээр нь мөнгөн сүх үзүүлэв. Нөгөөх нь бас л:
-    Минийх биш гээд тоосонгүй. Дараа нь өөрийнх нь сүхийг үзүүлбэл:
-    Наадах чинь мөн байна гээд шүүрэн авчээ. Чин үнэнээ хэлсэнд баярласан лусын эзэн тариачинд нөгөө 3 сүхийг гурвууланг нь өгөөд явуулав. Тариачин эр тосгондоо ирээд болсон явдлыг найз нартаа өгүүлэхүйд нэгийх нь шунал асаж шууд гол руу гүйжээ. Сүхээ чулуудчихаад эрэгт уйлж суутал лусын эзэн гарч ирээд алтан сүх үзүүлж:
Энэ чиний сүх үү? гэж гэнэ. Нөгөө эр баярлан:
Мөн, мөн гээд орилж гарчээ. Лусын эзэн тэр эрийг худал хэлж буйг мэдээд алтан сүхээ ч өгөлгүй, өөрийнх нь сүхийг ч өгөлгүй алга болсон гэдэг.

Тэнгэрт өлгөөтэй бяслаг 
Эрт дээр цагт ийм нэгэн явдал болжээ. Тун ч эрх дураараа гөлчгийтэй нэгэн хулгана байж гэнэ. Гөлчгий нь тэр үдэш оройн хоолоо голж заавал бяслаг иднэ гэж усан нүдэлжээ. Хөөрхий эх нь эрх үрээ аргадаж “ээж нь одоохон одоохон” гэсээр бяслагийн эрэлд гарчээ.
Бэлэн зэлэн бяслаг хаанаас зам дээр хэвтэж байх билээ. Эхийгээ ирэхгүй удаад байхаар нь гөлчгий гэрээсээ гарчээ. Намуухан үдшийн одод түгж, жирвэс жирвэс ирмэлцэнэ. Зүүн уулын оройгоос гэгээ цацрах нь саран мандаж буйн тэмдэг. Хором хормоор дээшлэх хорьдын тэргэл сарыг эрх гөлчгий анх удаа олж харлаа. Тэгээд “Еэ гялай еэ гялай” Ямар том бяслаг вэ? Яагаад уулын орой дээр тавьсан юм бол? Ээж минь үүнийг олж ирэхээр явж дээ. Араас нь очиж ээждээ тусалдаг хэрэг. Ийнхүү гөлчгий уул өөд өгсөж гарлаа. Яваад л байж яваад л байж. Өлийгөөд нэг харвал өнөөх бяслаг маань тэнгэрт хөөрсөн байж гэнэ.
-    Ёох, ёох энэ ер нь ямар хачин бяслаг вэ? Тавагнаасаа дээш хөөрдөг бяслагийг би ер нь үзээгүй юм байна гэж гөлчгий амандаа бувтнавал,
-    Тэнэгхэн гөлчгий минь тэр чинь бяслаг биш cap байхгүй юу гэх хэн нэг нь хэлэх шиг болов. Гөлчгий гайхан, Та хэн гэгч вэ? Надад юм хэлэв үү? гэвэл,
-    Би бол бүх хулганын хаан Мануул гэгч байна. Одоо чамайг оройн зоог болгоно гэх нь тэр. Айж сандарсан гөлчгийд цэхийсэн ногоон нүднээс өөр юу ч харагдсангүй. Гөлчгий,
-    Та... та намайг өршөөгөөч гэсээр ухарч байтал тас гэдрэгээ савж ёроолгүй мэт ангалд унах нь тэр. Хаана юунд унасныг бүү мэд. Харин нөгөө аймшигтай ногоон нүд ойр хавьд байсангүй. Хэсэг хугацаа өнгөрсний дараа харанхуй хонгилын тэртээ үзүүрээс өчүүхэн дэнгийн гэрэл наашилж буйг гөлчгий олж харлаа.
Дэнгийн гэрэл ойртох тусам гөлчгий улам айж чичирсээр байлаа. Гэвч энэ амьтан бол сайхнаас сайхан сэтгэлт шаргалхан зурам байлаа. Гөлчгий зурамны цооног нүхэнд уначихсан юм санж. Зурам хөөрхий гөлчгийг өрөвдөн хооллож ундлаад унтуулж гэнэ.
Намуухан үдшийн нам гүмийг эвдэж үглэн хайлан үр зулзагаа хайж яваа эх хулганыг олоход тийм ч хэцүү байсангүй.
“Үр хүүхдээ дураар нь өсгөх, өөрт нь хожим гай болно” гэж зурам түүнд сургамжилсан юм гэдэг.

О.Сундуй

Галуу мэлхий хоёр 
Эрт урьд цагт нэгэн нуурт хэсэг галуу, мэлхийн хамт оршин амьдардаг байжээ. Намар цагийн тунгалаг цэлмэг хөх огторгуйд өмнө зүгийг чиглэн аялах гэж байсан хэсэг галуун сүргийн өмнөөс балчиг намагт үүрд оршин насыг барсан өчүүхэн муу мэлхий шүлэглэн ийнхүү өгүүлэх:
-    Балчиг намгийн ёроолд нэг насыг барах гэгч юутай уйтгартай, юутай гаслантай вэ. Хязгааргүй огторгуйн уудамд  цэнгэн зугаацах та нарын баяр баясгаланг бахдан бахархана. "Вааг-вааг-вааг" гэж вааглан дууджээ.
Гэтэл галуун сүргийн нэг хэлсэн нь:
-    Араатан, жигүүртэн бид хэн маань ч амьтны аймгийнхан болохоор уйтгарт тэр мэлхийг урамшуулж, орчлон дэлхийн юмнаас үзүүлж, нүдийг нь тайлъя. Гагцхүү авч явах аргыг бодоцгооё гэхэд нэгэн галуу даруй нэг бургасны мөчир авчирч:
-    Энэ мөчрийн дундаас мэлхийг зуулгая. Тэгээд хоёр үзүүрээс нь бид хоёр дамнацгаая гэжээ. Галуун сүрэг түүнийг зөвшөөрөн хүлээгээд бургасны мөчрийг аманд нь зуулгаж, хүчирхэг хоёр галуугаар дамнуулан нисэн оджээ.
Ийнхүү мэлхий аялж явахдаа “Би ч бас гайхамшигтай эр юм даа. Далавчгүй байтлаа зэллэн нисэж яваа жигүүртнүүдийн манлайд нь явж байх юм” гэж бодож явав. Тэгтэл хот айлуудын дээгүүр галуун цуваа зэллэн өнгөртөл хүүхэд шуухад, амьтан хүн тэднийг үзэж:
-    Харав уу, та минь
-    Тэр тэр, хоёр галуу мэлхий авч явахыг нь хараач. Яасан уран аргатай ухаантай галуунууд вэ гэж шагшин магтаж, гайхалдан шуугилдахад мэлхий дотроо “Галуунуудыг гайхаж магтаад байхаар юу байгаа юм бэ” гэж бодож байв.
 Гэтэл намгийн мэлхийнүүд бас галуун цувааг харж шуугилдахад мэлхий тэвчиж ядан бусад нөхдөдөө гайхуулан “Би энэ аргыг олсон юм. Миний эр чадлын хүч” гэж хэлэх гээд:
-    Би...би...миний миний...гэж өгүүлэх гэж амаа ангайтал зууж явсан бургасныхаа мөчрөөс салж, газарт бяц унаж, олон нөхдийнхөө өмнө хөгөө дэлгэсэн юм гэнэ лээ.

Үгийн тоо: 263 үг

Баавгай ба хоёр найз
Хоёр найзад мөнгөний хэрэг гарчээ. Тэгээд хөрш элдүүрчинд баавгайн арьс зарж мөнгөтэй болохыг хүсжээ. Харамсалтай нь баавгайн арьс тэдний гарт ороогүй хөвч ойдоо байсан. Гэхдээ хоёр найз удахгүй анд явж баавгайн арьс авчирна гэж амлажээ.
Нэгэн өдөр найз хоёр буу саадаг агсан баавгайн авд мордов гэнэ. Өмнөөс нь гэнэт аварга том баавгай гарч иржээ. Түүнийг харуутаа хоёр найз ихэд айж, нэг нь модонд авиран гарахад нөгөө нь амжилгүй үхсэн мэт газар элэглэн унав гэнэ.
Баавгай түүнийг үнэрлэснээ хажуу талаар нь нааш цааш хөлбөрүүлж үзжээ. Залуу эр амьсгалаа түгжин хэвтэхэд баавгай түүнийг үхсэн гэж бодоод цаашлан одов гэнэ.
Аюул холдсон хойно модонд авирсан найз нь бууж ирээд “Баавгай чамд ямар нэгэн юм хэлэв үү?” гэж асуухад газар хэвтэж үлдсэн найз нь “Хэлсэн! Тэр миний чихэнд агнаагүй баавгайн арьсыг худалдаж болдоггүй юм шүү!” гэж хэллээ хэмээн хариулжээ. 

Франц Жах Де Лефонтен

Мөхөөлдөс 
Энхээ гэртээ ганцаараа үлдэв. Мөхөөлдөс идэхээр цаасыг нь задалтал хаалга тогшлоо.
-    Хэн бэ?
-    Халтар байна.
Энхээ хүү Халтар найзтайгаа тоглохоор тохиролцсон байжээ. Энхээ баярлаад хаалгаа тайлах гээд очингуутаа гэнэт зог туслаа. Тэр гартаа байгаа мөхөөлдсөө хараад, хаалганы түгжээг тайлах уу, байх уу гэж эргэлзэв. Халтартай мөхөөлдөс хуваавал өөрт нь тун жаахан юм оногдмоор санагдана. 
-    Яасан эрт ирдэг юм бэ? гэж найздаа ундууцав. 
-    Юун эрт гэж? Одоо үд болчхоод байна гэж найз нь хариулав. 
-    Чи жаахан хүлээж бай. Орноосоо босоогүй байна гэж хэлээд амжиж нэг хазав.
Найзынх нь явах цаг болоход Энхээ гаргаж өгөхөөр, пальтогоо шүүртэл, ханцуйнаас нь нэг юм шолхийн унав. Ороосон алчуур нь задрахад дотроос нь гялгар ууттай мөхөөлдөс гарч ирлээ. Харамсалтай нь юу ч үгүй хайлж орхижээ. Ядахдаа гялгар уут нь цоорхой байсан бололтой. Сүүн шингэн нь алчуураа норгоод завааруулжээ.
Зөвхөн гадна талынх нь торх нь үлдсэн байжээ. 
-    Мөхөөлдөс хайлчхаа юу даа гэж Халтарыг гайхахад, Энхээгийн царай улайж:
-    Энд хэн хийчихдэг байна аа гэхээс өөр юм дуугарч чадсангүй.

Ш.Цэнд-Аюуш

Саван гэмшив 
Үүрийн ягаан туяа цонхоор гэрэлтэв. Бяцхан Болд хүү өглөө болгон эртлэн босож, биеийн тамирын дасгал хийнэ. Гар нүүрээ угаагаад, цэмцийн сууж, цайгаа ууж, сургуульдаа очдог заншилтай ажээ.
Түүнийг босоход ариун цэврийн хэрэглэлүүд нь байр байрандаа байв. Гэтэл мөлгөр гөлгөр биеэ гайхуулан бүжиглэж буй ягаан саван:
Анхилуун сайхан үнэртэй билээ, би
Ариутган цэвэрлэх чадалтай билээ, би
Болдыг цэвэрхэн явуулдаг билээ, би
Бусдаас илүү чадалтай билээ, би.
Харин тэгэхэд голигор цүндгэр оо, годгор туранхай сойз, өрвөгөр ширүүн алчуур, өөдгүй муу ус та нар бол хий хэвтэхээс цааш, хэрэгцээ багатай зүйл шүү дээ гэсэнд нөгөө дөрөв нь дуу нийлүүлэн:
Саван та анхилуун сайхан үнэртэй, ариутган цэвэрлэх чадалтай ч гэсэн цэнгэг тунгалаг усгүйгээр цэвэрлэн ариутгаж чадахгүй. Сойз, оо хоёр ч шоовдорлогдож хэзээ ч байгаагүй. Алчуур, ус хоёр ч ариун байлгахын төлөө зүтгэсээр ирсэн билээ. Тавуулаа хамтраад тансаг ариуны төлөө зүтгэе ээ гэжээ. Саван “Муу үгээр бусдыгаа дайрч, өөдгүй зангаар өөрийгөө магтлаа” гээд гэмээ мэдэж гэмшээд, ягаан царай нь улам улаан болсон гэдэг.

Ц.Уламбаяр 

Сайн хүү 
Манай айлын нэг хүү цэцэн ухаантай, сэргэлэн, зан ааш маш эелдэг тул түүнийг муулах хүн нэг ч үгүй. Хүүгийн нэрийг Баясгалант гэдэг. Нэг өдөр Баясгалантыг сургуульдаа ирэхэд үерхдэг хүүхэд нь угтан очиж,
-    Бэхийн савыг хагалчихсан гэхэд,
-    Зүгээр зүгээр. Шил шаазангаар хийсэн байтугай ган төмрөөр үйлдсэн сав ч эвдэрдэг юм гэв.
Сэтгэл зовсон найз нь маш их баярлажээ. Сургуулиасаа буцаж явахдаа заалгасан номоо бодсоор, доош харж явтал, урдаас нь нэг хүн гэнэт гарч ирээд, унатал дайрав. Хүү босож ирээд, инээмсэглэн,
-    Эрхэм ах танаас уучлал хүсье. Би таныг харалгүй гэмтээх шахлаа гэхэд нөгөө хүн,
-    Гэмгүй гэмгүй. Би чамайг дайрснаас биш чи намайг дайраагүй шүү гэж хэлэв. Тэгээд хоёулаа танилцан, нэр усаа мэдэлцээд, салж явав.
Хүүхдүүд Баясгаланттай нөхөрлөхийг ихэд хичээнэ. Хүү өөрийгөө өргөмжлөх, нэр алдарт тун дургүй бөгөөд өөрийгөө даруу авч явдаг тул хүмүүс түүнийг ихэд хүндэлнэ. Энэ хүү
“Зан сайтай хүнд
Нөхөр хань олон
Замаг сайтай усанд
Загас жараахай олон” гэдэг зүйр цэцэн үгийн гайхамшигт жишээ болжээ.

Зохиогч: С.Буяннэмэх
Үгийн тоо: 162 үг

Халуун сэтгэл
Тэнгэр бүрхэг байлаа. Одот цоохор эрвээхэй ниссээр бяцхан багваахай цэцгийн дэлбээнд буув. Түүнийг буух агшинд багваахай дэлбээгээ хумьж орхив.
-    Багваахай чи яагаад дэлбээгээ хумьж байгаа юм бэ? Надтай тоглох дургүй байгаа юм уу?
-    Үгүй л дээ. Би даараад байна. Үүлс нарыг халхлаад байгааг чи харж байгаа
-    Чи ийм жаахан юм чинь дааралгүй дээ. Би ерөөсөө “Нарыг битгий халхлаач” гэж үүлэнд очиж хэлье гээд эрвээхэй  үүлсийн зүг нислээ. Нисээд байж, нисээд байж. Сүүлдээ ядарч цуцаад эргээд иржээ. Тэгээд багваахай цэцэгт хандан:
-    Үүлс их хол юмаа. Би тэнд хүрч чадсангүй.  Харин би чамайг далавчаараа бүрхэн дулаацуулъя гэж хэлээд түүний дээр бууж  гэнэ. Багваахай дэлбээгээ дэлгээд:
-    Эрвээхэй, би одоо дулаацчихлаа. Чи их халуун сэтгэлтэй юмаа гэжээ.

О.Сундуй

Халуун сэтгэл
Энэ муу сохор номин юу хийж чадах билээ дээ. Ядахдаа хараа муутай гэж
дорго боддог байв. Тэглээ ч гэсэн нэгэнт хамт өвөлжихөөр ярилцсан учир ямар ч байсан дуугүйхэн байж урь үзэхээр шийджээ.
-    Хүүе найз минь, хүйтэрч байна, эртхэн газар ухаж дулаан байр ухаж
авъя гэж сохор номины хэлэхэд:
-    Тэгэхээс дээ гэж дорго дурамжхан хэлснээ “Үүр засахад хамгийг нь би л
хийнэ. Энэ ч надад тус хүргэхээсээ дараа болно” гэж санаа алдав. Дулаан үүр засахаар газар ухахад сохор номин ид шидийг үзүүлэв.
Дорго нөхрөө ийм гайхалтай ажилладгийг  үзээд бахдан баярлаж суужээ.

Д.Давааням

Тээрэмчний шударга хүү
Эртээ урьдын цагт нэгэн ядуу тээрэмчний хүү голын захад амьдардаг байв. Хүү нэг өдөр зэгс огтолж байгаад хутгаа голын усанд унагачихжээ. “Хутгаа яаж олно доо” гэж санааширч зогстол гэнэт урт намирсан үстэй лусын дагина алтан хутга барьсаар голоос гарч ирэв. Үзэсгэлэнт лусын дагина, “Энэ таных уу?” гэж асуухад хүү хутгыг удаан ширтэж байснаа, “Үгүй” гэж толгойгоо сэгсэрлээ. Дараа нь лусын дагина мөнгөн хутга гаргаж, “Энэ мөн үү?” гэж асуулаа. Хүү мөн л толгойгоо сэгсрэв. Эцэст нь дагина төмөр хутга гаргаж ирэхэд хүү толгойгоо дохин, “Баярлалаа. Энэ миний хутга мөн байна” гэж инээмсэглэн хэлэв.
Гэтэл лусын дагина өнөөх гурван хутгыг голын эрэг дээр гарган ирээд, “Шударга занг чинь шагнаж байгаа юм. Чи энэ гурван хутгыг гурвууланг нь авч болно” гэж хэлээд ус руугаа шумбан оджээ. Тариачин эр хүүдээ тохиолдсон явдлыг сонсонгуутаа, “Хялбар аргаар мөнгө олж болох нь” гэж хашхираад голын эрэг рүү яаран гүйв. Тэгээд хутгаа усанд шидчихэв. Хэдхэн хормын дараа лусын дагина алтан хутга барьсаар гарч ирээд, “Энэ таных уу” гэж асуухад тээрэмчин толгой дохин, тийм ээ гээд гараа сунгалаа. Лусын дагина өгөхөөр сарвайсан хутгаа татан авч, “Худал үгэнд шагнал байдаггүй юм” гэж хэлээд голын ус руу шумбан оржээ. Тээрэмчин гэр лүүгээ буцаж явахдаа, “Би дэмий зүйл хийжээ. Шударга үнэн гэдэг л хамгийн чухал юм байна” хэмээн санаа алдан хэлэв. 

Үгийн тоо: 216

Соёлын ялгаатай байдлыг харуулсан улс орны үлгэрүүд

Алтны тухай үлгэр
(Солонгос ардын үлгэр)

Нэг удаа баавгай зах дээрээс алт худалдаж аваад шуудайд хийж үүрээд замаар алхжээ. Алт хийсэн шуудайны ёроол цоорхой байсныг баавгай мэдсэнгүй гэнэ. Шуудайны цоорхойгоор алт гээгдсээр байв.
Энэ үеэр худалдаа хийгээд буцаж явсан ах дүү хоёр их замаар алт цувруулан хаясныг үзээд түр саатлаа. Дүү нь их алт үзээд сэтгэл хөдөлж:
-    Энэ алтыг би ганцаараа авна. Яагаад гэвэл би эхэлж харсан гэв. Ах нь дүүдээ сургамжлан:
-    Гэнэт их алттай болохоор хүмүүс сэжиглэж мэднэ. Түүнээс болоод энэ
алтны эзэн өс санаж болох юм шүү. Хэн ч гэсэн алтыг хаяагүй нь мэдээж. Энэ алтны эзэн салангаасаа болж гээснээс зайлахгүй гэжээ.
Ухаант ахынхаа үгийг шунаг сэтгэлт  дүү нь тас зөрөөд алтыг цуглуулан
авахаар явж гэнэ. Тэр хүү өврөөрөө дүүрэн алт чихээд сэтгэл нь ханасангүй. Бас хормойгоороо дүүрэн алттай болжээ.
Тэгээд зогссонгүй “Би бусдаас илүү баян болох юм сан” гэж бодоод гутлынхаа түрий рүү алт түнтийтэл чихээд явж байтал алтаа гээснээ мэдсэн баавгай замаар эргэж явахдаа хүүтэй тааралдаад учиргүй хилэгнэж:
-    Чи миний алтыг авна гэн ээ! гээд хүүг алгаджээ.
Замын хажууд ухаангүй хэвтсэн дүүгээ олж үзээд ах нь уй гашуу болжээ.

Цэцэггүй ваар
Эрт урьд цагт нэг оронд цэцэн мэргэн, аз жаргалтай хаан байдаг байжээ. Гагцхүү нас дээр гарсан бас тэгээд хүүхэдгүйдээ л хааны сэтгэл дундуурхан байдаг байж. Нэг өдөр хаан “Би гүрэн улсынхаа хамгийн үнэнч шударга хүүхдийг сонгон авч үрчилье” гэж бодоод бүх хүүхдэд цэцгийн үр тараан өгүүлж,
-    Тэр үрээс хамгийн гоё цэцэг тарьж ургуулсан охин, хүүгийн аль нэгийг
үрчилж авна гэж гэнэ.
Хүүхэд бүр үрээ суулгаад өглөө, үдэш хоёр усалдаг байжээ. Сон Ир гэдэг жаал үрээ хичээнгүйлэн арчлах авч арав хоног, хагас сар, сар болоход ваартай үр нь чихэлсэнгүй гэнэ. “Яасан жигтэй юм бэ” гэж Сон Ир хүү арга барагдаж ээжээсээ,
- Миний цэцэг яагаад ургахгүй байна вэ? гэж асуужээ. Яагаад ургахгүй байгаад санаа зовж байсан эх:
- Өөр шороонд суулга л даа гэж гэнэ. Сон Ир өөр хөрсөнд суулгасан авч бас л ургасангүй гэнэ. Тэгсээр байтал хаан цэцгээ үзэх өдөр болжээ. Олон хүүхэд гоё хувцсаа өмсөөд ваартай цэцгээ барьсаар гудамжинд гарчээ. Хүүхэд бүр өв залгамжлах хун тайж болохыг хүссэн байжээ.
Гэвч яахаараа энэ билээ? Яагаад хаан цэцгийг нь харж хүүхдийн өмнүүр явахдаа царайд нь баярласны шинж тэмдэг илрэхгүй байна вэ? Тэгтэл байшингийнхаа үүдэн дээр хоосон ваараа бариад уйлан байгаа Сон Ирийг хаан харж дуудан авчруулаад:
-    Чи яагаад хоосон ваартай байгаа юм бэ? гэж асуужээ. Сон Ир нус
нулимсаа татан байж үрийг хэрхэн яаж тарьсан тэгээд ургаагүй учрыг хэлж, хүний цэцэрлэгт тарьсан алимаас нууцгай нэгийг авчихсаны цээрлэл байх гэж гэнэ. Уул хариултыг сонсоод хаан Сон Ирийг тэвэрч:
- За энэ л миний үнэнч хүү байна! гэж гэнэ.
- Хаан яагаад хоосон ваартай хүүг үрчилж авч байгаа юм болоо? гэж хүмүүс шуугилдахад,
- Олон түмээн! Хүүхдүүдэд өгсөн үр бол чанасан үр байсан юм гэж хаан тайлбарлаж гэнэ. Хүмүүс цөм хааныг сайшаан толгой дохиход өөр үр тарьсан гоё цэцэгтэй хүүхдүүдийн царай ичихдээ халуу шатан улайсан гэдэг. 

Өдөр тутамд тохиолддог хөгжилтэй,  сургамжтай, бусдыг хүндэлж, бусдад талархсан  үйл явдлыг дүрсэлсэн өгүүллэг  

Үлгэр
Хөөрхөн охин бодож бодож
Хөгжилтэй үлгэрээ ингэж эхлэв.
Урт сахалтай өвгөн байжээ.
Уран гартай өвөө ажээ.
Олон сайхан хүүхэдтэй юм байжээ.
Отгон нь гэвэл над шиг ажээ.
Амтат чихрээр манжингууд хийжээ.
Ар араас нь цувруулж тавьжээ.
Гарахын хооронд хүүхдүүд нь идчихжээ.
Гайхширсан өвөө дуугүй өнгөрчээ.
Амтат чихрээр мөөгнүүд хийжээ.
Ар араас нь цувруулж тавьжээ.
Босохын хооронд хүүхдүүд нь идчихжээ.
Бодлогоширсон өвөө дуугүй л өнгөрчээ.
Амтат чихрээр маамуунууд хийжээ.
Ар араас нь цувруулан тавьжээ.
Хэд хоног өнгөрсөн ажээ.
Хийсэн зүйл нь хэвээрээ л байжээ.
Арааны шүлс асгараад л байжээ.
Айлын хүүхдүүд тэсээд л өнгөрчээ.
Маамууд бид хайртай гэжээ.
Магнай тэнийн эцэг нь баярлажээ.
Хөөрхөн охин бодож, бодож
Хөгжилтэй үлгэрээ ингэж төгсгөв.

Саргай цэцэг болжмор хоёр
Алсын уулнаас хотын цэцэрлэгт нэгэн болжмор нисэж ирээд,
-    Танай энд сайхан байна. Жийв, жийв! Саргай цэцэг бутаараа цэцэглэжээ. Жийв, жийв! Өтгөн сагсгар саргай цэцэг минь чамтай найзалъя гэж гуйж гэнэ.
-    Чиний магтаал надад хэрэггүй. Чамтай нөхөрлөөд ч ашиггүй. Бүхэл шөнөдөө тэнгэрийн од намайг ширтэж байдаг. Сар над руу гэрлээ тусгаж, өглөө бүр алтан гургалдай уран хоолойгоор миний дэргэд дуугаа дуулдаг. Тэгэхэд болжмор чи өөрийгөө юу гэж бодно вэ? Өд сод чинь сагсайгаад ямар үзэмжгүй юм бэ? Чамаас муухай үнэр ханхалж байна. Хошуунд чинь шавхай шавар наалджээ. Фу! фа! Цаашаа тонил! гэж саргай цэцэг болжморыг хөөв. Болжмор дахин юу ч хэлсэнгүй нисэж одов.
Саргай цэцэгтэй хамт амьдрахыг эртнээс хүссэн өөр нэг амьтан байдаг ажээ. Тэр нь бор ногоон өнгөтэй төөлүүр хорхой юм. Төөлүүр хорхойд цэцгийн дэлбээ идэхэд амтлаг, дээр нь хэвтэхэд зөөлөн байдаг гэнэ.
Саргай цэцгэн дээр төөлүүр хорхойг ирж сууснаас хойш түүний дэлбээ бараг үгүй болжээ. Нэг өдөр нөгөө болжмор цэцгийн дээгүүр нисэн өнгөрөхдөө үүнийг ажиглаж мэдээд,
-    Ах дүү нар аа, нааш ирээрэй! Энә саргай цэцгэн дээр суусан төөлүүр хорхойг устгая! Жийв, жийв! гэж жиргэн дуудав. Болжморууд дорхноо цугларч төөлүүр хорхойг нүд ирмэх зуур устгав.
-    Та нарт баярлалаа. Сайн санаатнууд зовлонгоос ангижруулж ач тус болдог юм байна гээд саргай цэцэг болжморт талархал илэрхийлээд дахин ургаж эхэлжээ.

Ч.Арьяасүрэн

Үглээ чогчиго 
Хадтай толгойд гарч
Хавийн бараа харъюу гэтэл
Жаахан чогчиго ээрээд
Заавал надтай ярих гээд
Өмнүүр ороод чог чог
Өөдөө хөөрөөд чог чог
Хажуугаар ирээд чог чог
Харганан дээр буугаад чог чог
Чогчиго минь дээ, би чинь
Цочоож үргээх дайсан биш
Өндөр толгойн хаданд
Өндөг чинь байгааг мэднэ
Өөрийн дүүтэйгээ жишээд
Өрөвдөж хайрлахаа мэднэ
Ай холдсон чинь дээр чог чог
Айгаад байна шүү, би чинь чог чог
Ангаахай болоогүй ч тэд минь чог чог
Амь минь юм шүү дээ чог чог
Сандраад хэрэггүй чогчиго минь
Санаа амар яв даа чи минь
Хорхой шавжаа түүж
Ходоодоо дүүргэх чинь дээр
Тарган зурам унаж
Ташаа тулан сууж
Хөлөөс дайжих шавжийг
Хөөж барьсан чинь дээр
За тэгвэл явлаа чог чог
Зайдуу гарч авлая чог чог
Хагалав даа, хагалав даа чог чог
Г.Ловор

Тугалын дуртай навч алга болсон нь

Ногооны талбай дээр олон ногоон бөмбөг байхыг бяцхан тугал хараад маш их гайхлаа. Хааяа ирж гэдсээ цадтал иддэг байсан навчнууд ор мөргүй алга болжээ.  Тугал болгоомжтой ойртсоор нэг бөмбөгийг үнэрлэтэл иддэг навчтай нь адилхан байв. 
Тугал:  
●    Энд байсан амттай навчнууд хаашаа алга болчихов оо?
Байцаа: 
●    Бид далбагар том навчаа хумиад бөөрөнхий байцаа болсон. Одоо чи биднийг идэж чадахгүй. 
Тугал амаа хамаг чадлаараа том ангайлган байцааг хазах гэсэн боловч үнэхээр чадсангүй. 

Тугал: 
●    Сонин юм даа. Та нар навч байснаа яаж бөөрөнхий байцаа болсон юм бэ? 
Байцаа:
●    Бүх зүйлс өөрийн гэсэн цаг хугацаатай. Намар болохоор бид ургаж гүйцээд навч бүрээрээ нийлж, ашиг шимтэй амтат байцаа болдог. Хүмүүс биднийг тарьж, услаж, арчилдаг болохоор ийм том болж ургадаг.  Чи ч гэсэн хэдхэн жилийн дараа том болно. 
Тугал: 
●    Айн, би тэгээд та нар шиг бөөрөнхий  алаг бөмбөг болох хэрэг үү?
Байцаанууд инээлдэн 
●    Яалаа гэж дээ тугал минь, чи дэлэн дүүрэн сүүтэй том үнээ болно гэлээ.
Тугал: 
●    Аан. Би ч гэсэн тэгвэл том болоод сүүгээ хүмүүст өгнө дөө, сайхандаа  гэв. 

А. Найгалмаа

Оршин суугаа газарт байдаг уул ус, түүхт газар, холбоотой  домог

Хараацай хэдгэнэ хоёр 
(Монгол ардын үлгэр)

Эрт урьд цагт жигүүртний хаан хангарди газар дээр ямар амьтны мах хамгийн сайхан амттайг мэдэхээр болов. Тэгээд хараацай, хэдгэнэ хоёрыг дуудаж ирүүлээд хэлэв.
-    Та хоёр энэ дэлхийн эргэн тойрон нисээд ямар амьтны мах илүү сайхан 
амттайг мэдэж ир! гэжээ. Хараацай, хэдгэнэ хоёр зарлиг ёсоор нисэн оджээ. 
Тэр өдрийн тэнгэр цэлмэг, нар дуртмал, найртай дулаан байв. Хараацай шувуу хаан эзнийхээ зарлигийг мартаад хөх тэнгэрт хөөрөн нисэж, хөгжилтэй сайхан жиргэн дуулж, цэнгэж явав.
Хорон муу санаат хэдгэнэ харин харгуй замд дайралдсан хамаг амьтныг хатгаж, халуун цусыг амталж явав. Тэгж байтал нар шингэж, тэд ч буцах болж тэмдэгт газраа уулзаад, буцах замдаа хараацай хэдгэнээс асуув:
-    Ямар амьтны мах хамгаас амттай гэж мэдэв чи? гэсэнд, хэдгэнэ:
-    Хүний мах л хамгийн амттай юм гэж мэдлээ. Хүндэт хаан маань одоо хүний махаар л хооллох болно гэв.
Хараацай шувуу харамсан гашуудаж хөөрхий хүн төрөлхтнийг хөнөөлөөс яаж аврах билээ гэж гайхаш нь барагдаад:
-    Амьд хүний цусыг яаж амсаж үзээ вэ чи? гэсэнд, хэдгэнэ: 
-    Аа тэр юухан байх вэ. Хатгуураа хатгаад хэлээрээ амталж үзлээ гэсэнд, хараацай:
-    Tэp сүрхий амталдаг хэл чинь аль вэ? гэсэнд, хэдгэнэ:
-    Энэ гэж амаа ангайн хэлээ үзүүлсэнд, хараацай хэлийг нь суга татчихжээ. Tэp цагаас хойш хэдгэнэ урьдын адил донгодож чадахаа байгаад зүгээр 
дүнгэнэдэг болчхож гэнэ. Тэгээд шувууны хаанд очиж хэдгэнэ хойно урд нь бөртгөнөн гомдол зарга мэдүүлэн байдаг чадлаараа дүнгэнэсэн боловч нэгэнт хэлгүй болсон болохоор юу ч хэлж чадсангүй.
-    Юу гэж дүнгэнээд байгаа юм бэ? Юу ч ойлгохгүй байна гэж шувууны хаан унтууцан хилэгнэж:
-    Хараацай чи хэл! Юуны мах илүү амттай вэ? гэсэнд,
-    Хамгийн амттай нь могойн мах гэжээ. Шувууны хаан хараацайн үгийг үнэмшээд, могой барьж иддэг болов гэнэ.
Одоо хангардийн удмаас ганц элээ үлдсэн бөгөөд хааныхаа нэг адил могой идэх дуртай болсон нь тэр гэнэ.

Элээ чогчиго хоёр  
(Монгол ардын домог үлгэр)

Эрт цагт элээ, чогчиго хоёр сонин сайхан дуу сурахаар алсын алсад одох болжээ. Нисэн ниссээр зорьсон газраа хүрч гэнэ. Тэгээд ээрэм их талд нэгэн чулуун дээр сууж дуу сурч эхэлжээ. Гэтэл элээний нойр нь хүрээд унтаад өгчээ.
Энэ хугацаанд чогчиго уйгагүй оролдсоор олон дуу аялгуу сурч авчээ. Харин элээг гэнэт сэртэл эхээсээ төөрсөн унаганы янцгаах дуу сонсогдож гэнэ. Элээ зөвхөн тэр дууг л сурчээ. Ийнхүү чогчиго олон янзаар дуугарч байхад элээ зөвхөн унага шиг дуугардаг болсон гэдэг, дархад домог байдаг.