УРАН ЗОХИОЛЫН ЭХ

Монгол ахуй соёлын онцлог туссан үлгэр,  монгол зохиолчдын өгүүллэг

Цэцэн хүү

Эрт урьд цагт бусдаар өөрийгөө магтуулж сурсан омог ихтэй нэг ноён байж гэнэ. Ноён нэг удаа цэцэн хүүтэй тааралдаад:
- Хүү чи хэл, миний энэ тал нутагт хэний зүтгэл их вэ? гэж асууж гэнэ. Ноёны занг мэддэг цэцэн хүү бодож байгаад зориуд:
- Үхрийн зүтгэл их гэж хариулжээ. Өөрийг нь гэж хэлэх байх гэж бодсон ноёны бодол талаар болсонд ихэд цочсон ноён:
- Аа, яагаад? гэсэнд цэцэн хүү:
- Үхэр өвс ногоо иддэг боловч тийм хүнд юмыг чирч чаддаг биш үү! гэж хариулжээ. Ноён:
- Тэгвэл тал нутагт хэн хамгийн чадалгүй вэ? гэсэнд цэцэн хүү:
- Хэлүүлэлтгүй, ноён та шүү дээ! гэж сэтгэл ханамжтай хэлж гэнэ. Ноён дэлбэртэл уурлаж:
- Муу худалч! Чи намайг яаж ингэж доромжилж чадаж байна вэ? гэсэнд,
-  Би үнэн хэлж байна. Та маш амттай идээ, хоол идэж байгаа атал тэр тэргийг ч хөдөлгөж чадахгүй шүү дээ. Итгэхгүй бол одоо тэрэг чирч үзье гэхэд ноёны нүд нь бүлтийн хэлэх үггүй болж гэнэ.

Эх сурвалж: Монгол ардын үлгэр 378 дугаар тал 

Хоёр найз

Хөдөө айлын сэргэлэн хүү байжээ. Хүү дөнгөж таван настай мөртлөө маш ухаалаг. Нэг өдөр үеийн нөхөртэйгөө наадаж явсаар хот айлаас зүүн тийш орших их хадны дэргэд хүрчээ. Хоёр найз наадан байтал нар нэгэнт хэлбийх дөхжээ. Ээж, аав, ах эгч нар нь хөвгүүдээ эрэн зүг зүгт сандран гүйлдэв.
Бяцхан хоёр хүү сая тоглохоо больж харихыг завдав. Гэнэт хадны араас нэг том чоно өнгийсөөр гарч ирээд амаа ангалзуулан бяцхан хөвгүүдийг үзмэгцээ тэдний зүг гэтэж гэнэ.
... Гэтэл томхон нэг нь түүнийг үзээд их л айн сандарч бархиран уйлж зугтан одов. Харин балчир бага нь ганцаар хоцорч зугтах аргагүй болов. Зугтаж болохгүйг мэдэн ийш тийш самбаачлан харвал хажууд нь нэгэн бургас хэвтэнэ гэнэ. Балчир хүү түүнийг шүүрэн авмагц өмссөн цамцаа тайлж үзүүрт нь өлгөөд, зүүн гартаа атгаж дээш өргөж, баруун гарын бяцхан нударгаа зангидан, хоёр хөлөө бэхлэн зогсож, амаа ангайж, шүдээ ярзайлгаад сүр бадруулан зогсов.
Чоно энэ байдлыг үзээд шууд ирж барихыг баахан сэжиглэж ангайсан амаа хамхиж, хоёр нүдээ бүлтийлгэн харж, гайхсан мэт болж ширтэж байв. Тийнхүү хэн хэндээ халдаж ядсан байдал гаргаж байх чөлөө завсар нөгөө хүүгийн уйлах чимээгээр эцэг эх нь хүүгээ олж аваад тэндээс бэдрэн явсаар эрэлхэг бяцхан хүүг олжээ. Араатны аманд тулгарсан хүүгээ ээж аав нь аварч харцуул чоныг хөөн авлажээ.

С.Буяннэмэх

Мэргэн ухаант тариачин 

Эрт урьд цагт ноёд түшмэд  хүний ухаан санааг дэнсэлж үздэг заншилтай байв. Нэгэн түшмэл нутгийнхаа цэцэн мэргэн гэж нэрд гарсан тариачин өвгөний хурц ухааныг мохооё гэж санажээ.  Өвгөнийг хоёр үхэр хөллөсөн анжсаар газар хагалж байхад нь очоод:
-        Хүүе өвгөн, ингэж тариа тарихад хоёр үхэр чинь хэчнээн алхдаг вэ?”  гэхэд өвгөн, түшмэлийг тэргээр ирснийг мэдсэн учир:
-        Ээ түшмэл минь, таныг энд ирэхэд тэрэгний чинь дугуй хэчнээн эргэсэн бэ? гэж хариу асуусанд түшмэл хэлэх үггүй болоод буцжээ. Дахин нэг удаа  тариачин өвгөнтэй уулзахдаа хошигносон байдлаар:
- Өвгөн гуай, танайд маргааш айлчилж очъё. Хоёр шарынхаа сүүгээр тараг бүрээд хүлээж бай! гэжээ. Маргааш нь түшмэл ирж өвгөнийг хэчнээн дуудсан боловч гарч ирсэнгүй. Харин өвгөний хүү аавынхаа захисан ёсоор гарч ирээд:
- Та юун зочин бэ? гэж ажиг ч үгүй асуусанд, түшмэл:
- Аавтай чинь уулзах гэж явна. Гэртээ байхгүй юм уу? гэв.
- Аав минь саяхан хоёр шараа саахаар яваад ирээгүй байна гэж хүүг хэлэхэд түшмэл гайхаж:
- Эр үхрийг саах ёс бий юу? гэж хүйтнээр инээхэд хүү тачигнатал инээж:
-  Эр үхрийн сүүгээр тараг бүрэх гэж хаана байдаг юм бэ? гэж хэлээд түшмэлийг чадсан гэдэг.
 Ингээд тэр түшмэл, өвгөн болон түүний хүүгийн цэцэн мэргэнийг биширч, харин хэрэг явдлаа зөвлөн хэлэлцдэг болж гэнэ.

Эвт шаазгайн үүр 

Хавар цагт хангай нутагт салхи шуурга дэгдэх нь элбэг. Шаазгай шувуу ийм хүчтэй шуурганд ч нурахааргүй үүр өөртөө засаж авдаг гэнэ. Шаазгай үүрээ хэрхэн барьдаг вэ?

Хоёр шаазгай үүр засаж байна. Нэг нь дэлэм хэрийн гишүү зууж, арай ядан дамналдуулсаар ирэхэд, нөгөө нь гишүүний үзүүрээс үмхэж, хамжин дээш өргөнө. Тэгээд гишүү зууж ирсэн нь үлдэж, хошуугаараа гишүү мөчрийг нааш цааш засаж янзална. Харин, нөгөө нь хаашаа ч юм бэ нисэж одоод, удаж удаж бас нэг гишүү зуусаар ирнэ. Ийнхүү хоёул ээлжлэн нисэж ирнэ. 

Тэгснээ эцэж ядарсан бололтой хоёул хэсэг сууж амарна. Бас яаж дулаан, бөх бат үүр засахаа хэлэлцэх мэт зогсоо чөлөөгүй шагширна. Бас үүрээ ямар болсныг шинжих мэт нисэж бууж  өрсөн гишүү мөчрөө засаж янзална. Хааяа зууж ирсэн гишүү нь доош уначихна. Тэгмэгц хоёул чанга чанга шагшран доош буугаад, нөгөө гишүүгээ хамжин зууж ниссээр дахин үүрэндээ тавина. Ингэж барьсаар хүчтэй салхинд ч нурахааргүй сайхан үүр барьдаг.

Д.Нямаа

Зараа үнэг чоно гурав 

Эрт урьд цагт чоно үнэг зараа гурав амьдарч байжээ. Ганц чавга олоод хэн идэхийг хэлэлцэж. Чоно:
-    Архинд хэн амархан согтдог нь идье гэв. Энэ саналыг бүгдээрээ зөвшөөрөв. Чоно:
-    Би амсаад согтдог гэв: Үнэг:
-    Би үнэрлээд согтдог гэв. Зараа:
-    Би сонсоод согтдог гээд гуйвж байж гэнэ. Ингээд зараа идэхээр болж гэнэ. Гэтэл үнэг:
-    Уралдаад хэн түрүүлсэн маань идье гэжээ. Энэ саналыг бүгд зөвшөөрөөд
уралдаж гэнэ. Зараа үнэгний сүүлэнд зүүгдэн явжээ. Үнэг хар эрчээрээ давхиж ирээд өөрийгөө түрүүлсэн гэж бодоод эргэж хартал зараа ард нь зогсож байв. Зараа:
-    Чи чинь одоо л ирж байгаа юм уу? гэж хэллээ. Ингээд зараа түрүүлсэн болж амтат хар чавгаа иджээ.

Үйл явдлын дэс дарааллыг тодорхой ойлгомжтой гаргасан, гол баатрын хийсэн үйл хөдлөлийн шалтгаан үр, дагаврыг харуулсан, сонирхолтой, сургамжтай богино үлгэр, өгүүллэг  

Булаг

Нэгэн өглөө гурван аянчин булгийн дэргэд уулзаад “Надаас үлгэр жишээ ав!” гэсэн бичиг байхыг үзжээ. Тэд ямар учиртай бичиг вэ, хэмээн хэлэлцэж өөр өөрийнхөөрөө тайлбарлаж гэнэ. Эхний хүн Гол горхи энэ булгаас эх авч, өргөн хөндийгөөр урсахдаа уулын ам бурийн усыг нэгтгэн их мөрөн болдог. Энэ бичиг бидэнд, хэрэв баян болъё гэвэл тасралтгүй ажилла хэмээн сургаж байна” гэв. Хоёр дахь хүн “Энэ бичээс өөр санааг илэрхийлж байна. Булгийн ус ирсэн бүхний цангааг тайлдаг. Тэгэхлээр ямагт хүнд тустай зүйл хийж бай! гэсэн санааг хэлж байна” гэв. Гурав дахь аянчин нөгөө бичгийг тайлж “Бид усыг хамгийн цэвэр тунгалаг булгаас нь уудаг. Булингартай усыг хун байтугай амьтан ч уудаггүй биз дээ? Тэгэхээр надаас жишээ авч сэтгэлдээ булингаргүй цэвэр тунгалаг яв! гэж байгаа юм биш үү?” гэжээ. Та юу гэж бодож байна хүүхдүүд ээ.

Елин Пелин

Царс зэгс хоёр

Өтгөн ойн ойролцоо нэгэн царс мод хэсэг зэгсийн хамт ургасан байжээ. Царс мод өөрийгөө маш том, хүчтэй гэж онгирон, зэгсийг үргэлж басдаг байжээ. Нэг өдөр маш хүчтэй шуурга шуурч, царс мод шуургыг тэсэж чадалгүй унажээ. Шуургыг тэсэж гарч чадсан зэгсийг гайхсан царс:
-        "Чам шиг ийм туниа муутай зэгс яаж энэ салхинд тэсэж үлдэв ээ? гэхэд зэгс:
-        "Бид салхитай хэрхэн зохицохыг мэддэг учраас түүнийг тэгж их эсэргүүцдэггүй юм даа" гэж бахархалтайгаар хариулжээ.


Туулай арслан хоёр

Эрт урьд цагт нэг их мөрний эрэг дээр маш сайхан ургасан алимны мод, тэр модны дор сахлаг өвсөн дотор нэгэн туулай хэвтэж байжээ. Тэр алимны үр боловсорч, унах дөхөөд байтал гэнэт ширүүн салхи гарч гэнэ. Салхины хүчээр алим усанд унахад шал гэсэн дуу гарахад тэр дууг туулай сонсож айгаад ухаан жолоогүй ойн зүг зугтжээ. Зугтаж явахад нь ижил туулайнууд нь сандарч явахыг үнэг хараад асуужээ.
-        Чи яагаа вэ? гэхэд
-        Аймаар муухай амьтан дуугарч байна гэж гэнэ. Түүнийг сонсоод бүгд дүрвэж ойн гүн рүү зугтав.
Ойн амьтад цөм хошууран зугтаж гүйлдэв. Араатны хаан хүчит арслантай тааралдав. Арслан учрыг асууж, очиж үзэхээр явлаа. Арсланг үзвэл юу ч үзэгдсэнгүй боловсруулсан жимс усанд унаж шал гэх чимээ гарав. Арслан туулайг дагуулж авчраад жимсийг үзүүлж унаад шал гэх чимээг нь сонсгож харуулаад туулайд сургамжлан:
-        Алив юмны цаад учрыг нягтлан мэдэлгүй шал гэх жаахан чимээнээс их юм болгон дэвэргэж, айсны уршгаар ойн олон амьтныг айлгаж цочоож хэртхийлгэн айлгаж зугтааж дүрвүүлсэн шуугиан дэгдээсэн бурууг нь ойлгуулан хэлж өгөөд юмны цаад учрыг олж ул суурь буурьтай хандаж байхыг сургамжлан сануулжээ.

Сайн үйлс

Туяа сургуулийн ойролцоох нэгэн орон сууцанд амьдардаг. Орцны хажууханд ганц бутлаг мод ургасан байдаг байлаа. Туяа орцны үүдэнд ээжийгээ хүлээн зогсохдоо тэрхүү модыг ажиглан харав. Бут элдэв хогонд дарагдсан байлаа. Дарагдсан хогны завсар зайгаар цухуйх мөчрүүд, ”-Надад туслаач” гэж гараа сарвайн аврал эрж буй хүүхэд шиг өрөвдөлтэй харагдана.

Туяа гэртээ эргэн орж уут авчран бутны ёроол дахь хогийг цэвэрлэн хогийн цэг дээр аваачин хаяв. Бас хоёр сав усаар бутаа усаллаа. Маргааш хичээлдээ явахдаа нөгөө бутаа хартал, “Маш их баярлалаа“ гэж байгаа мэт мөчрүүд нь тонголзон найгах нь үнэхээр тааламжтай. Урам орсон Туяа дахин нэг мод авчран дэргэд нь суулгаад, “-Ингээд чи найзтай боллоо. Та хоёр салаа мөчрөө даахгүй сагалгар сайхан мод болоход чинь би тусална.” гэж хэлээд явлаа.

С.Наранчимэг

Бөжин туулай

Бөжин туулай төөрчээ. Бүлтийсэн нүдээрээ эргэн тойрноо харна. Тэгтэл үнэгний гавар ирээд:
-    Туулай чи хаашаа явж байна гэв.
-    Би гэрээсээ төөрөөд явж байна, надад туслаач гэлээ. 
Гавар бөжинд туслахаар дагуулан явжээ. Замд таарсан хулгана: 
-    Бөжин, бөжин. Гавар чамайг хуурч байна гэжээ. Бөжин айсан ч хариу хэлсэнгүй. 
Харин гавар инээгээд:
-    Чи надад итгэж байхад би чиний итгэлийг алдахгүй ээ, итгэл хамгийн сайхан зүйл гэж ээж дандаа хэлдэг гэв.
Бөжин тайвширч дэлдэн чихээ дэлдийлгэн баярлав.
Тэд явсаар туулайн үүрэнд иржээ. Туулай ээж нь бөжингөө тэврэн авав. Бөжин гавар руу харж:
-    Хулгана надад, түүнд битгий итгэ гэсэн. Харин гавар өөрт нь итгээрэй гэсэн. Би гавар найздаа итгэсэн учраас гэртээ ирлээ, ээжээ гэв. 
Туулай ээж нь баярлан:
-    Үрд минь тусалсан гавар чамд баярлалаа. Амьтны үрс ялгаагүй юм байна. Ариун сэтгэл нь ижил юм байна гэв.

Б.Нэргүй 


Өлсгөлөн үнэг

Эрт цагт нэгэн өлссөн үнэг хоол олж идэхээр хэсүүчилж явав. Хэчнээн хайгаад түүнд идчихээр зүйл олдсонгүй. Аргаа барсан үнэг явсаар ойн захад ирэхэд голдоо нүхтэй томоо гэгч мод өмнө нь харагдав. Модны нүх дотор нэгэн хайрцагтай зүйл байв. Үнэг үүнийг хараад идэх юм байж магадгүй хэмээн ихэд баярлав. Шууд нүх рүү үсрэн ороод хайрцгийг задлан үзтэл дотор нь зүссэн талх, мах, жимс байв. Энэ хайрцагтай хүнс нь модчин өвгөний үдийн хоолондоо идэхээр бэлдэн тавьсан зүйлс байжээ. Үнэг олсон олзоо ихэд баярлан бүгдийг идэж орхив. Амтархан идэж дуусмагц үнэгний ам цангав.  Ойролцоох цөөрөм рүү очиж ус уухаар шийдлээ.  

Модны өнөөх нүхээр буцаж гарах гэсэн боловч яаж ч хичээгээд гарч чадсангүй. Хэтэрхий их идсэнээс гэдэс нь бүдүүрч орж ирсэн нүхээрээ багтаж гарсангүй. Үнэг ихэд бачууран өөрөө өөртөө “Ээ дээ, би энэ нүхээр орохдоо юу хийж байгаагаа сайн бодох ёстой байж дээ” хэмээн харамсан харамсан хэлжээ.

Үнэг шаазгай хоёр

Ойгоор өлсөж үхтэлээ шогшсон үнэг, аварга ганц модны чөлөөнд сүрэг шаазгай хүрч ирэхийг харав. Үнэг өндөр өвсөнд нуугдав. Шувууд эмээж айх юмгүй газар бууж, сэг зэм гээд элдэв дээдийг эрээлэлгүй гоочлох ажээ. Түхгэр тарган шаазгайг хараад арааны шүлс нь асгарсан зальт шар: 
“Азаа үздэг хэрэг” хэмээн өөртөө хэлэв. Тэгээд наадамдаа улайрсан цагаан сүүлтийг үргээлгүй мяраасаар модон дор очин амаа ангайгаад үхсэн мэт хэвтээд өглөө. Удсан ч үгүй нэг шаазгай үнэгийг үзээд модноос буугаад ирлээ. Алгуур алгуур дөхсөөр унжсан улаан хэлийг нь дураар тонших гэтэл эвэр хошуугаа хавх буух шиг хэмх зуулгав аа хөөрхий.

Леонардо да Винчи

Хулгана тахиа муур гурав 

Хулганы гөлчгий гадуур зугаалж, хашааны дотуур явж байгаад орж ирэн:
- Ээж ээ, би гадаа явж байгаад хоёр амьтан харлаа, нэг нь үнэхээр аймаар, нөгөө нь их аятайхан юм гэхэд ээж нь:
- За тэгээд ямар амьтан хараа вэ? гэхэд:
- Улаан залаа, хар хөлтэй, дэгээ шиг хамартай, нүд нь бүлтгэр, харахаас аймаар амьтан байна лээ. Тэгээд намайг дэргэдүүр нь өнгөрөхөд амаа ангайж , хөлөө өргөөд маш чангаар хашхирахад би айсандаа хаачихаа мэдээгүй гэв. 
- Түүнийг чинь азарган тахиа гэдэг юм. Хэнд ч муу юм хийдэггүй. Тэр амьтнаас айх хэрэггүй. Чи тэгээд өөр ямар амьтан хараа вэ?
- Наранд биеэ ээгээд хэвтэж байсан нэг амьтан харсан. Хүзүү нь цагаан, хөл  нь саарал, суулээ шарвалзуулаад намайг харж байсан гэхэд ээж нь:
- Хүү минь, чи тэнэг байна даа. Тэр чинь муур гэдэг амьтан. Бидэнд их аюултай шүү гэж захижээ.

Лев Толстой

Лууван туулай хоёр

Бүхнийг яаж айлгадаг болъё доо гэж туулай боджээ. Тэгээд төмрийн дарханд очиж:
- Надад чонын шүд хийж өгөөч гэж гуйжээ. Дархан дор нь туулайд чонын шүд хийж өгчээ.
Ингээд чонын шүдтэй туулай талд харайн явлаа. Замд нь нэг ямаа тааралдав. Туулай сүртэй нь аргагүй шүдээ хавиран:
- Чамайг одоохон барьж иднэ дээ гэж хэлэхдээ “Ямаа ч лав үнхэлцгээ хагартал айна даа” хэмээн боджээ. Гэвч ямаа огт айсан шинжгүй:

- Намайг зоогловол зоогло. Харин би ногооны хашаа руу очиж лууван цадталаа идчхээд ирье гэтэл туулай:
- Лууван хаана байгаа юм бэ? Намайг аваад яваач гэж хашхиран хэлэх нь тэр.
Ямаа, туулайг дагуулан ногооны газарт очиж цадатлаа лууван идэв. Энэ үед туулай, чонын шүдтэй гэдгээ ч таг мартжээ.

В.А.Сухомлинский

Цас, мөс, ус 

Цас дун цагаан өнгөтэй. Цасан доор юу байгаа нь нэвт харагдахгүй. Чахарсан чимээ гарч, гутлын улны мөр үлдэнэ. Цас сэвсгэр учраас хүрзээр овоолж болно. Гараар базаж бөөрөнхийлж болно. Салхинд туугдан нэг дор овоорсон цасыг хунгар гэдэг. Цастай үед хүчтэй салхи гарвал цасан шуурга үүснэ. Мөс өнгөгүй. Мөсөн доор байгаа чулуу, загас нэвт харагдана. Ийм бодисыг тунгалаг гэж хэлнэ. Мөс хатуу учраас сүх, царилаар хагалж авна. Хагалж авсан мөсийг цохивол бутарна. Ус хөлдөж мөс болно. 

Цас, мөс ямар ашиг тустай вэ? Цасан дээр чарга, цанаар гулгана. Цасан дээр гарсан мөрөөр ямар амьтан хаашаа явсныг мэдэж болно. Бас шинэ, хуучин мөрийг ялгаж болно. Мөсөн дээр тэшүүрээр гулгана. Гол мөрөн хөлдөж, мөстэй болсон хойно гүүргүй газраар морьтой, машинтай хүмүүс гарч болно. Харин дулаахан өвөл голын мөс нимгэн байдаг тул гарах хэрэггүй юм. Цас мөсийг хайлуулж, унд хоолонд хэрэглэнэ. Иймд ус, цас, мөс хүний амьдралд чухал ашиг тустай.

Д.Базар

Моддын маргаан

Модод, бидний дотроос хэн маань илүү вэ гэж маргалдав. Хамгийн түрүүнд хуш ингэж ярилаа.
- Би бүх модны дарга. Миний үндэс газрын хөрсний гүнд орно. Миний иш их бүдүүн. Олон том гишүүтэй, гишүү бүхэндээ мөчиртэй, мөчир бүхэндээ боргоцойтой, боргоцой бүхэндээ самартай. Би хүйтнээс айхгүй, шилмүүс минь ногооноороо өвөлжинө. Уулын оройд ургана гэжээ. Алимны мод сонсоод хэлсэн нь:
Хуш, чи өөрийгөө бүү магтаад бай. Чи хэдий бүдүүн иштэй, самартай боловч чиний самрыг хүн зөвхөн чөлөө цагтаа хэрэглэнэ. Харин миний алимыг хүн бүхэн хүндэтгэн, идээнийхээ дээж болгон шилэн тавганд хийж ширээн дээр тавьдаг юм гэжээ. Нарс шилмүүст оройгоо сэгсрэн хөдөлгөж хэлсэн нь:
- Та нар биеэ магтахаа байгаач. Та нарын зөвхөн самар, жимсийг хүмүүс идэж хэрэглэнэ. Харин миний ногоон шилмүүсийг эмэнд хэрэглэнэ. Ишийг минь барилгад хэрэглэнэ. Ишийг банз болгон хөрөөдөж, ширээ, сандал авдар, шүүгээ хийнэ гэжээ.

И.Микитов

Хээрийн хулгана, хотын хулгана хоёр 

Хотын ихэмсэг сагсуу хулгана хээрийн хулганыд зочилжээ. Хээрийн хулгана зочноо вандуй, улаан буудайгаар дайлахад хотын хулгана:
- Ийм ядуу зүдүү амьдарч, ийм муу хоол иддэг болохоор чи туранхай байгаа юм шүү дээ. Найз минь, манайд зочилж хотын амьдралтай танилц гэжээ. Дараа нэг өдөр хөдөөгийн хулгана хотыг хулганыд зочлон очиж гэнэ. Гэрийн эзэд унтсан хойно хотын хулгана зочноо нуугдсан газраас нь гаргаж түүний үзэж харж ч байгаагүй тийм хоолоор дайлахад хээрийн хулгана юунаас нь идэхээ мэдэхгүй байж гэнэ. Тэгээд:
- Чиний хэлсэн үнэн юм аа. Бид их муу амьдардаг юм байна. Ерөөсөө би хотод ирж амьдаръя гэж хэлж дуусаагүй байтал гартаа лаа барьсан хүн хаалга татан орж ирээд хулгана агнаж гарчээ. Нөгөө хоёр хулгана арай гэж зугтаж амжихад хээрийн хулгана:
- Үгүй ээ, манай хөдөө илүү амар тайван юм. Амтат сайхан хоол байхгүй ч айх аюулгүй, амар тайван нутагтаа байсан нь дээр юм байна гэж хэлжээ.

Лев Толстой

Галуу мэлхий хоёр

Эрт урьд цагт нэгэн нуурт хэсэг галуу, мэлхийн хамт оршин амьдардаг байжээ. Намар цагийн тунгалаг цэлмэг хөх огторгуйд өмнө зүгийг чиглэн аялах гэж байсан хэсэг галуун сүргийн өмнөөс балчиг намагт үүрд оршин насыг барсан өчүүхэн муу мэлхий шүлэглэн ийнхүү өгүүлэх :
-    Балчиг намгийн ёроолд нэг насыг барах гэгч юутай уйтгартай, юутай гаслантай вэ. Хязгааргүй огторгуйн уудамд цэнгэн зугаацах та нарын баяр баясгаланг бахдан бахархана. "Вааг-вааг-вааг" гэж вааглан дууджээ.
Гэтэл галуун сүргийн нэг хэлсэн нь:
-    Араатан, жигүүртэн бид хэн маань ч амьтны аймгийнхан болохоор уйтгарт тэр мэлхийг урамшуулж, орчлон дэлхийн юмнаас үзүүлж, нүдийг нь тайлъя. Гагцхүү авч явах аргыг бодоцгооё гэхэд нэгэн галуу даруй нэг бургасны мөчир авчирч:
-    Энэ мөчрийн дундаас мэлхийг зуулгая. Тэгээд хоёр үзүүрээс нь бид хоёр дамнацгаая гэжээ. Галуун сүрэг түүнийг зөвшөөрөн хүлээгээд бургасны мөчрийг аманд нь зуулгаж, хүчирхэг хоёр галуугаар дамнуулан нисэн оджээ.
Ийнхүү мэлхий аялж явахдаа “Би ч бас гайхамшигтай эр юм даа. Далавчгүй байтлаа зэллэн нисэж яваа жигүүртнүүдийн манлайд нь явж байх юм” гэж бодож явав. Тэгтэл хот айлуудын дээгүүр галуун цуваа зэллэн өнгөртөл хүүхэд шуухад, амьтан хүн тэднийг үзэж:
-    Харав уу, та минь
-    Тэр тэр, хоёр галуу мэлхий авч явахыг нь хараач. Яасан уран аргатай ухаантай галуунууд вэ гэж шагшин магтаж, гайхалдан шуугилдахад мэлхий дотроо “Галуунуудыг гайхаж магтаад байхаар юу байгаа юм бэ” гэж бодож байв.
Гэтэл намгийн мэлхийнүүд бас галуун цувааг харж шуугилдахад мэлхий тэвчиж ядан бусад нөхдөдөө гайхуулан “Би энэ аргыг олсон юм. Миний эр чадлын хүч” гэж хэлэх гээд:
-    Би...би...миний миний...гэж өгүүлэх гэж амаа ангайтал зууж явсан бургасныхаа мөчрөөс салж, газарт бяц унаж, олон нөхдийнхөө өмнө хөгөө дэлгэсэн юм гэнэ лээ.

Арслан хулгана хоёр 

Араатны хаан арслан ойд явж байгаад ихэд ядарсан тул үүрэндээ ирээд унтаад өгчээ. Тэгтэл нэг хулгана дээгүүр доогуур нь гүйгээд унтуулсангүй гэнэ. Арслан сэрээд хулганыг барьж аваад уурандаа базахын даваан дээр хулгана өршөөл эрэн гуйж гэнэ.
-    Намайг битгий алаач! Магадгүй нэг өдөр чамд тус болох ч юм билээ үү? гэв. Арслан хулганы үгийг сонсоод инээд нь хүрч:
-    Чи ийм жижигхэн байж надад яаж тусалж чадах вэ дээ, гэхдээ яах вэ чамайг амьд үлдээе гэв.
Тэр явдлаас хойш хэсэг хугацаа өнгөрөв. Нэг өдөр арслан анчдын тавьсан торонд орчхоод хэчнээн үсэрч цовхчоод торноос гарч чадсангүй. Тэгтэл амийг нь өршөөсөн өнөөх хулгана тэр хавиар явж байгаад хөөрхийлөлтэй байдалд орсон арсланг олж харав. Тэгээд шууд л торыг шүдээрээ мэрсээр арсланг торноос чөлөөлөв. Хулгана, арсланд хандан:
-    Чи намайг жижиг гэж голж байсан харж байгаа биз дээ. Би амийг чинь аварч чадлаа шүү дээ гэв.
Арслан үүнээс хойш ямар ч тус багаддаггүй юм байна гэдэгт итгэдэг болжээ.

Тогоон чинэ байцай

Байцайны мөнгөлөг цэцгэн дээгүүр жижиг цагаан эрвээхэй эргэлдэн нисэж:
-    Тогоон чинээ байцай юуны хүчээр ургаа вэ? гэв. Гэтэл:
-    Би услаагүй бол ингэж сайхан ургахгүй байсан гэж шуудууны ус инээмсэглэв. Тэгтэл тээр дээрээс:
-    Би илчээрээ ээгээгүй бол ургахгүй байсан гэж нар хэлэв. 
-    Би шимт тэжээл өгөөгүй бол байцай чи ийм том болж ургахгүй байсан гэж бууц хөрс хажуугаас хэлэв. Тогоон чинээ байцай:
-    Би үй түмэн үрээс ургасан билээ. Өчүүхэн жижиг үр минь ийм том болоход нар, бууц, ус их тус хүргэлээ. Гэхдээ өчүүхэн жижиг үрийг минь хүн тариагүй бол би ургаж чадахгүй байсан гэж хариулав. Эрвээхэй:
-    Ачит хүн, ариухан ус, алтан нар, аятайхан бордоо танд баярлалаа гэж дуулан эргэлдэв.

Т.Жамьянсүрэн

Зугтсан гутал 

Хүүхдүүд өдрийн хоолоо идээд тавтайхан нойрсож харагдана. Тэд гутал хувцсаа байр байранд нь цэмцгэрхэн хураажээ.
Нэг савхин гутал олноосоо онцгойдуухан амаа дорвойлгон уйлж байв.
-    Хүүе яаж байгаа чинь энэ вэ?
-    Энэ....го...го... Готов л намайг ханзалчихсан. Би хоршоонд байхдаа хэчнээн гоё байлаа. Гэтэл лааз, чулуу.... Тааралдсан юмаа өшигчсөөр хамрыг минь нарим буулгаад, амыг минь цуулчихсан. Одоо би яана аа ий.. ий.. ий гэнэ.
-    Нөгөө өрөөсөн чинь хаачсан бэ?
-    Тэр тэр, зугтаж явна.
-    Өө та нар чинь нэг хүүхдийн гутал байж яаж байгаа юм бэ? Нааш ир!
-    Үгүй би очихгүй, яасан ч очихгүй гээд өсгийгүй болчихсон өрөөсөн гутал хазганан явсаар далд орчхов.
Готовын янзаар явбал Горьгүй болох нь байна шүү Гутлаа муухай эдэлбэл Гомдол гаргах нь байна шүү!

Л.Соронзонболд

Чоно зараа хоёр 

Чоно, зараатай таарч ийн ярилцжээ.
- Зараа, чи учиггүй энэ олон зүүгээр яадаг байна аа?
-Учгаар яах юм, тэртэй тэргүй сүвэгчгүй юм чинь.
-    Тэгвэл учиг ч үгүй, сүвэгч ч үгүй, хэрэггүй олон зүүгээ хээр авч хаявал таарна.
-    Яаж болох вэ, чоно гуай? Араатан танаас айлгүй хэдэн үг сольж байгаа маань түүний л ач шүү дээ. Ээ халаг, ээ халаг

Г.Ловор

Яагаад 

Зөгий дүүтэйгээ бал цуглуулахаар алаг цэцгэн дундуур аялжээ. Дүү зөгий нь цэцгээс цэцгэнд дамжин амтат шүүсийг их л ховдоглон ууна. Ажилчин зөгий цэцгийн амтат шүүсийг хурааж ханаад, дүү зөгийтэйгөө хамт явахаар дуудсан боловч тэр нь биеэ дааж нисэж чадахгүй байлаа. Ажилчин зөгий амттай шүүсээ тээсээр, дүүгээ аврахаар эмч зөгий рүү яаравчлав.

Д.Базаррагчаа

Бариул

Ямаа ишгэндээ сууц барив. Ишиг ирж үзээд “Болох байлгүй дээ” гэснээр ажил дуусав. Эргэн тойронд нь дахин дахин явж үзэхэд нэг л зүйл ишгэнд огт таалагдсангүй гэнэ дээ. Тэгснээ “Энэ сайхан хаалганд ийм муухай бариул үзэмжгүй юм байна” гэж бодоод хаалганы бариулыг аваад хаячихжээ.
Яг тэр үеэр ой дотроос чоно гарч ирэв. Ишиг сууцандаа орох гэсэн боловч
хаалгаа онгойлгож чадсангүй.

Д.Давааням

Дөрвөн хүсэл 

Митя ууланд чаргаар, гол дээр тэшүүрээр гулгаж улаан хацарлачхаад, гэртээ ирж аавдаа; “Өвөл яасан сайхан юм бэ? Би үргэлж л өвөл байгаасай гэж бодох юм” гэв. 
Аав нь: “Чи тэгвэл өөрийн хүслээ миний тэмдэглэлийн дэвтэрт бич” гэхэд Митя бичжээ. Хавар болов. Митя ногоон нугаар эрээн эрвээхэй дураараа хөөж, цэцэг түүж яваад аавдаа ирж “Энэ хавар яасан гоё юм бэ? Үргэлж л хавар байдаг болоосой гэж би хүсэх юм” гэж хэлэв. 

Аав нь тэмдэглэлийн дэвтрээ гаргаад, Митягийн хүслийг бичүүлэв. Зун болов. Митя аавтайгаа хадланд гарчээ. Хүү бүхэл өдрийн турш загас барьж, жимс түүж, сайхан үнэртэй ногоонд өнхөрч зугаалаад орой нь аавдаа: “Өнөөдөр ч харин дураараа зугааллаа даа. Болдог сон бол зун битгий л гүйцээсэй билээ?” гэж хэлэв. Митягийн энэ хүсэл ч мөн тэмдэглэлийн дэвтэрт бичигджээ. Намар болов. Жимсний цэцэрлэгээс улаахан алим, шар лийр түүлцэв. Митя баяр хөөр болж, аавдаа “Намар ч бүх улирлын хамгийн сайхан нь юмаа” гэжээ. Аав нь үүнд, өөрийнхөө тэмдэглэлийн дэвтрийг гаргаж, өвөл, хавар, зуны тухай мөн л ингэж ярьдаг байсны нь үзүүлжээ.  

К.Д.Ушинский

Ес суртахуун, сайн муу зан чанар (шударга, шударга бус, сайн, муу, ач тус, өрөвч нинжин сэтгэл, өгөөмөр сэтгэл, шуналтай зан)-ыг  харуулсан амьтны тухай үлгэрүүд

Атаархуу хэрээ

Эрт цагт нэгэн хар хэрээ байв. Нууранд сэлж яваа цасан цагаан өд сөдтэй үзэсгэлэнт хун шиг болох юмсан гэж бодно. Сайн ажиглавал хун усан дээгүүр хөвөх ургамал, ногоогоор өдөржин хооллож байх юм гэнэ. Хэрээ “Аанхан, би ч гэсэн хун шиг усан дээрх өвс, ногоог идээд байвал түүн шиг сайхан цасан цагаан өдтэй болох юм байна” гэж боджээ. Тэгээл дасч сурсан ойн дахь гэрээ орхин нуур цөөрөм рүү ирэв.
Тэгээд өдөр бүр живэх нь холгүй л усанд булхан өөрийгөө угаасан ч тэр ердөө цайрахгүй байв. Бүр цаашлаад чадахгүй байсан ч хүчлэн идсэн өвс, ногоо нь түүний биеийг тураан тамирдуулж, хөөрхий хэрээ эцэст нь амиа алдсан гэнэ.
Ингэж галууг дуурайж ,хэрээ хөлөө хөлдөөнө гэгч болжээ.
 
Леонардо да Винчи

Цангасан илжиг

Илжиг усандаа яг цагтаа гэлдэрч иржээ. Энэ үед нугаснууд цөөрөм дотор дураараа нэг тонгочин далавч, сүүлээрээ ус үсчүүлэн хамаг усыг нил булингар болгосон байлаа.  Илжиг хоолой нь хатаж, тэсэх аргагүй болсон ч уухыг завдалгүй, хажуу тийшээ болоод булингар намдахыг тэвчин хүлээв.
Нугаснууд сая нэг намдацгааж уснаас гарч одов. Илжиг ахин ус руу дөхөж ажвал булингартай хэвээрээ байв. Илжиг дахиад л толгойгоо гудайлган холдлоо.
- Ээжээ, илжиг яагаад уснаас уухгүй байгаа юм бэ? Ус руу дахин дахин дөхөж очсон хэрнээ, огт амсахгүй буцаад явчих юм гэж илжигний аашийг сонирхсон үгэнд дуртай зулзаган мэлхий асуув.
- Яагаад гэвэл, илжиг бохир ус ууснаас хатаж үхэх нь дээр гэдэг юм. Усыг цэвэршиж, тув тунгалаг болтол нь хүлээж чадах тэвчээртэй гэж эх нь хариулжээ.
- Үгүй, ер яасан зөрүүд эд вэ!
- Хүү минь тэр зөрүүд биш, харин тун хүлээцтэй амьтан. Илжиг ямар ч зовлон бэрх, муу болгоныг тэсэн өнгөрөөж чадна. Тэвчээр хүлээцгүй хүн л түүнийг зөрүүд, ярдаг гэж хочилдог юм шүү дээ гэж эх учрыг гаргаж өгчээ.

Леонардо да Винчи

Аргат бор 

Нэг малчин айл байжээ. Тэднийх олон хүүхэдтэй юм санж. Цөмөөрөө л ажилч хичээнгүй, харин хамгийн отгон нь нэлээн адтай, аргатай жаал гэнэ. Тэгээд ч тэр үү, түүнийг Амарбаяр гэхээсээ Аргат бор гэлцэх нь олон. 
Нэгэн өглөө ээж нь:
−    Сүү уух хүүхэд байна уу? гэхэд Аргат бор бусдаасаа түрүүлэн дуугарч:
−    Би би! гэв.
−    Өрөм, ааруул идэх хүүхэд байна уу? гэхэд Аргат бор бас л:
−    Би би! гэв.
−    Үд боллоо. Ээж нь хуушуур хайраад:
−    Хуушуур хэн идэх вэ? гэтэл Аргат бор бусдаасаа урьтаж:
−    Би би! гэв.
−    Үдэш боллоо. Ээж нь тараг бүрээд:
−    Тараг хэн уух вэ? гэтэл Аргат бор мөн л бусдаасаа өрсөж:
−    Би би! гэв.
Унтахын өмнө ээж нь:
Маргааш хэн хонины ээлжид явах вэ? гэтэл Аргат бор бусад руугаа харж:
Ээжийн асуултад би л ганцаараа хариулаад байх юм. Бусад нь ганц ч гэсэн “Би, би” гэхэд яадаг байна аа?” гэтэл гэр дүүрэн инээлдэж гэнэ.

Ж.Дашдондог

Ухаант туулай үлгэр 

Эрт урьд цагт унага хээр унтаж байгаад эхээсээ хоцорч төөрч гэнэ. Тэгээд ганцаараа ижил олон сүрэг, ээжийгээ хайж яваад нэгэн ууттай зүйлтэй таарчээ.
Унага ууттай зүйлийг ихэд сонирхон онгойлгож үзмээр санагдаж гэнэ. Уутны амыг тайлтал дотроос нь өлөн хөх чоно араа шүдээ ярзайлган үсрэн гарч ирээд:
-        Ха ха, ходоод гэдэс хонхолзож байна гэж жигтэйхэн. Хурмаст тэнгэр үүнийг мэдээд надад амтат зөөлөн зоог явуулжээ гээд унагыг идэхээр завдаж гэнэ. Унага айн сандарч яахаа мэдэхгүй бүлтэлзэн байтал бутан дундаас бор туулай дэгдэн дэгдэн гарч ирж гэнэ. Туулай явдал учрыг дуулсны эцэст:
-         Чоно гуай, чоно гуай та энэ өчүүхэн жижиг уутанд багтаж байсан гэж үү? би лав итгэхгүй байна. Хэрвээ багтвал би унагатай хамт өөрийгөө ч бас идүүлье гэж гэнэ. Чоно магад уутанд багтах нь дамжиггүй тул, харин унаган дээрээс туулайг нэмээд зооглох боллоо хэмээн сэтгэж зөвшөөрөөд уут руу орохоор болжээ. Уут руу уухилан ортол туулай:
-        Тээр хэлээгүй юу сүүл нь багтахгүй байна гэхэд чоно сүүлээ уутанд хийтэл, унага туулай хоёр эвлэн уутны амыг нь сайн боогоод хээр орхижээ. Ингэж унага ухаант туулайн ачаар чононд идүүлэх аюулаас аврагдсан гэнэ лээ.

Шунаг ноён

Эрт урьд цагт нэг шунахай ноён нэг газрын ард иргэдийг таяг тулж атга будаа гуйх хүртэл нь мөлжиж хоосруулаад, өөр газар шилжиж явахдаа түшмэлдээ зарлиг болгож:
- Намайг үдэж бэлэг  өгөх хүн байна уу? Тийм хүмүүсийг нэгийг ч үлдээлгүй  цуглуулж авчир! гэсэнд, түшмэл нь явж олон зарц цуглуулаад:
- Манай ноён өөр газарт дэвшиж явах боллоо. Бэлэг өгөх хүн байвал хурдан авч ирцгээгтүн! гэж зарлажээ. Энэ үед олны дотроос нэг бадарч гарч ирээд:
- Манай энэ газрын уул ус тун сайхан үзэсгэлэнтэй юм. Бид ноёндоо үүнийгээ л бэлэглэе гэжээ.
Түшмэл ноёндоо очиж энэ үгийг мэдүүлсэнд, ноён ордноосоо гарч ирээд тэр газрын уул усыг баахан харж зогссоноо түшмэлээс:
- Бушуу бийр, бэх авчир. Энэ сайхан уул усыг би зурж авъя гэжээ. Тэгээд тэр ноён гартаа барьж байсан эвхмэл сэвүүрээ дэлгэж, тэр газрын уул усыг нэг ч үлдээлгүй зурж авч гэнэ.

Эх сурвалж: Монгол ардын үлгэр 379 дүгээр тал 

Хэн нь ухаантай вэ? 

Бух, сэрх, хуц гурав уулзаад хэн нь ухаантай болохоо маргажээ. Тэд бие биесээ ухаантайгаа гайхан мэтгэлцэв гэнэ. Хэн нь ч тэнэг гэж хэлүүлэхийг хүсэхгүй
байлаа. Тэгээд хэн нь цэцэн, тэнэгээ шийдүүлэхээр илжгэнд очжээ. Тэд: 
- Бидний хэн нь ухаантайг хэлж өгөөч гэхэд илжиг:
- Та нар, өвс яагаад ургаад байдгийг хэл. Хэн илүү бодож хамгийн ухаалаг хариу хэлсэн нь ухаантай амьтан болог гэжээ. Бух:
- Бороо орж байгаа учраас ногоо ургадаг гэхэд сэрх:
- Нар гарч ногоо ургадаг гэв. Харин хуц л дуугүй зогсов. Түүнээс хойш хоёр гурван жил өнгөрөхөд ам нээсэнгүй. Илжиг, “Хуц дуугүй байгаа нь бүгдийг мэдэж байгаа хэрэг. Сэрх, бух хоёр хариулсан ч алдаа мадагтай байж болох юм биш үү” гэж бодоод хамгийн ухаантай нь хуц гэж шийд гаргасан гэдэг.

В.А.Сухомлинский

Хонхтой муур 

Нэг муурыг ирснээс хойш хулгануудад их хэцүү болж, өдөрт л хоёр гурваараа муурын идэш болдог болжээ. Хулганууд цуглаад цаашид муураас өөрсдийгөө хэрхэн хамгаалахаа ярилцаж гэнэ. Гэтэл нэг хулгана:
- Өөрсдийгөө хэрхэн аврах аргыг би мэдэж байна. Муур бидэн рүү ирж явааг мэддэггүй болохоор бид амиа алдаад байна шүү дээ. Тэгэхээр тэр муурын хүзүүнд хонх зүүчихье. Муур ойртох бүрт гарах хонхны чимээгээр бид зугтаад байж болно шүү дээ гэж хэлэхэд нэг хөгшин хулгана:
- Наадах чинь уул нь их сайхан санаа байна. Гэтэл тэр хонхыг чинь муурын хүзүүнд хэн зүүх билээ. Ийм мэргэн санаа сэдсэн чи л муурын хүзүүнд хонх зүүж чадвал бид их баярлана гэжээ.

Лев Толстой

Чоно хэрэм хоёр 

Модны мөчир дамжин дүүлэн нисэж явсан жижигхэн хэрэм сэрэмж алдан, унтаж байсан чоны дээрээс уначхав. Чоно сэрж, ухасхийн босоод барьж идэх гэтэл хэрэм:
- Чоно гуай, та намайг суллаад явуулчхаач гэхэд чоно:
- За яахав тэгье. Харин хэрэмнүүд та нар яагаад үргэлж хөгжилтэй баяртай байдгаа хэлж өгөөч. Гэтэл би дандаа гутарч гуниглаж явдаг. Та нарыг харахад мөчир дамжин хөгжилдөн наадаж байх юм гэхэд хэрэм:
- Чи ууртай, хэрцгий болохоор уйдаж гуниглаж байгаа юм шүү дээ. Зүрх сэтгэлд чинь уур хилэн, хорсол занал буцалж явдаг болохоор тэр. Харин хэрэм бид хэнд ч муу юм хийдэггүй. Сайхан сэтгэлтэй болохоор үргэлж хөгжилтэй баяртай байдаг юм гэжээ.

Лев Толстой

Чихэр идсэн түүх 

Болд, дүү Энхээгээ цэцэрлэгээс аваад гэр рүүгээ явжээ. Дүүгийнхээ гарт байгаа баавгайтай чихрийг хараад Болдын хорхой хүрч гэнэ. Дүүгээсээ чихэр гуйна гэдэг их л ичгэвтэр санагджээ. Гэтэл Энхээ:
-    Ахаа дархан цаазтай амьтан гэж ямар амьтныг хэлдэг юм бэ? гэж асуулаа. Болд жаахан бодсоноо баавгайтай чихрийг зааж:
-    Чиний наад чихрийн цаасан дээрх баавгай ч дархан цаазтай амьтан шүү дээ. Чи дархан цаазтай амьтны зураг цуглуул. Би чамд маргааш зөндөө олныг олж өгье. Харин чихрээ над өгөөд цаасыг нь хадгал гэв. Энхээ ахдаа чихрээ задлаад өгтөл Болд хүүе гэхийн завдалгүй үмхэж орхив.
Болд, Энхээ хоёр гэртээ ирэв. Энхээ нөгөө чихрийн цаасаа ээждээ үзүүлж дархан цаазтай амьтны зураг цуглуулах гэж байгаагаа хэлжээ. Тэгтэл ээж нь Энхээгийн толгойг илж:
-    Баавгай чинь дархан цаазтай амьтан биш шүү дээ. Улсын их хурлаар
агнах устгахыг хориглосон амьтныг хэлдэг юм гэж хэлээд номын сангаа уудалж нэг юм эржээ. Энэ бүхнийг гал тогооны өрөөнөөс чагнаж байсан Болд толгойгоо илсээр ээж, дүү хоёр дээрээ орж ирэв. Ээж нь номын завсраас нэг марк гаргаж,
-    Май Энхээ, энэ чиний цуглуулгын анхны зураг болог. Аргаль угалз гэдэг дархан цаазтай амьтан гээд өгөв. Болд юу ч хэлэлгүй шал ширтэн духайсаар суув. Гэтэл ээж нь,
-    Худал хэлэх ч хортой шүү! гэжээ.

Зөгийн бал 

Норов хүү ээжийгээ ирэхийг тэсэн ядан хүлээнэ. Ээж нь ирэхээрээ саванд хадгалсан зөгийн балаас өгнө. Арван найман цаг болоход ээж нь ирээгүй л байлаа. Хүү тэсэж чадсангүй, тавиур дээрээс зөгийн балтай савыг авч ширээн дээр тавих гэж байгаад алдаж орхижээ. Ээж нь ирээд:
-    Зөгийн бал... хэн асгаа вэ? гэхэд Норов шилээ маажин хэсэг чимээгүй байснаа:
-    Манай муур асгачихсан юм гэв.
Ээж нь муураа хөөж гаргаад хаалгаа хаав. Цонхоор харахад муур их л даарч байгаа бололтой цасан дээр цомцойн суугаад өрөвдөлтэйгөөр мяу мяу гэж дуугарч байлаа. Норов тэсгэлгүй уйлчхав.
-    Миний хүү яав? гэж ээжийгээ асуухад:
-    Би... би балыг асгачихсан юм гэж арайхийн хэлэв.

Д.Давааням

Зөрүүд охин 

Миний дүү хичээлээ давт, маргааш заавал онц аваарай гэж хайртай эгч нь зөвлөж хэлээд Хандаа охины толгойг иллээ.
-    Үгүй би одоо тоглоно. Өглөө эрт хичээлээ давтана. Үргэлж л “давт, давт” гэх юм. Өөрөө л хичээлээ давтахгүй юу гэв.
-    Тоглох нь зөв, миний дүү. Тоогоо одоо бодчих. Цагийн хуваарьтай ажиллавал цаашдаа чамд хэрэгтэй шүү. Эгч нь сайн зааж өгье, ингээд бод, миний дүү гэтэл уурлаад дүү нь гараад явчихлаа. Учирлаад эгч нь ядаж орхилоо.
Тоглох тусам Хандаа охин тооныхоо хичээлдээ тааруухан гэнэ. Өглөө эрт давтсан ч үгүй, сургуульдаа яваад өгсөн гэнэ.
Харин өнөөдөр тооны хичээлд Хандаа охин асуугдсан гэнэ. Авсан дүнг нь та нар асуух ч хэрэг байна уу даа.

Ж.Хорлоо

Цээний цэцэг

Надмид хүү хэн нэгнийг юм заах гэвэл “Мэднэ ээ, мэднэ!” гэж хэлдэг байжээ. Эх нь өглөө цээний цэцэг түүлгэхээр хүүгээ явуулав.
-    Миний хүү! Цээний цэцэг танигдахгүй байж мэднэ. Би зааж өгье гэхэд Надмид:
-    Мэднэ ээ, мэднэ! Мэдэлгүй яах вэ гээд явжээ.
-    Хүү явсаар тариан талбай өнгөрч уулын бэлд хүрэв. Тэнд халгай зөндөө ургасан байхыг хараад “Энд цээний цэцэг элбэг ургадаг гэж дуулсан. Энэ лав мөн дөө!” гэж баярлан, халгай таслан авахдаа гараа түлчхээд уйлсаар иржээ.

Д.Давааням

Хоёр ямаа 

Хавцлын давчуухан зам дээр хоёр ямаа дайралджээ.Нэг нь дээшээ авирах гэж, нөгөө нь доошоо буух гэж явжээ. Харин маш нарийхан зам учраас бие биедээ зам тавьж өгөх боломжгүй тул эврээрээ нэгийгээ холдуулах гэж тэмцэлдэж эхэлжээ. Тэгтэл хоёр ямаа хоёулаа өндөр хавцлаас нисэн унажээ.
Хэсэг хугацааны дараа өөр хоёр ямаа тэр газар дайралдав. Харин энэ удаа гайхалтай зүйл болжээ. Нэг ямаа нь өөрийн байгаа газартаа доош сөхрөхөд нөгөө ямаа нь түүний дээгүүр гишгэн гарахад сөхөрсөн ямаа босоод уулын орой уруу өгсжээ.

Түргэн гар

Манай айлд арван настай Баадай гэдэг хүү бий. Баадай хүүгийн гар нь жигтэйхэн түргэн хөдөлгөөнтэй. Бусдаас боов, чихэр, тоглоом авахдаа тун ч шалмаг хурдан билээ. 
Аав нь нэг өдөр хоёр хөөрхөн эрээн бөмбөг авчирч гэнэ. Тэр бөмбөгийг үзэнгүүтээ Баадайн хоёр гар яах ийхийн зуургүй ухасхийн дүүгээсээ өрсөн хоёуланг нь шүүрэн авсан гэнэ. 
Бас нэг өдөр ээж нь цаасан уутаар дүүрэн алим авчрав. Түүнээсээ зургаан настай охин дүүд нь нэг ширхгийг өгөхийн хооронд Баадайн түргэн гар нүд ирмэх зуур тав зургаан алим шүүрчхээд, хагасыг нь шалан дээр өнхрүүлж орхив. 
Оройн хоол болмогц л Баадайн хоёр гар аль хэдийн аяга, халбагаа зэхчихсэн байдаг ажээ. Нэг орой хоолны дараа ээж нь Баадайг дуудаж,
−    Миний хүү аяга, халбагаа угааж цэвэрлэ гэхэд
−    Баадай дуугарсангүй гэнэ. Гэтэл дүү нь,
−    Ээж ээ, ахын хоёр гар алга болжээ гэв. Ээж нь ирээд үзвэл Баадай дээлээ нөмрөөд, хоёр гараа нуучхаад хэнэггүй зогсож байжээ. Тэгэхэд дүү нь ээждээ гараа үзүүлээд,
−    Надад гар байна. Би цэвэрлэе гэжээ.
Миний охин сайн байна. Идэж уухдаа гартай байгаад, ажил хийхдээ гараа нуудаггүй юм гэж ээж нь хэллээ.

Ч.Лхамсүрэн

Өдөр тутамд тохиолддог хөгжилтэй,  сургамжтай үйл явдлыг дүрсэлсэн өгүүллэг 

Ногоон гэрэл

Хүү гарцаар гарах гэж ногоон гэрэл асахыг хүлээн зогсов. Замаар машин яваагүй ч ногоон гэрлээр гарч байгаарай гэж багш нь заасан. 
Гэтэл нэгэн эмэгтэй хүүхдээ хөтлөн улаан гэрлээр зам гарлаа. Хүү тэднийг дагаад гарах ёстой юм шиг санагдав. Гэхдээ багш тэгж болохгүй гэсэн учир ногоон гэрэл хүлээв. Дахин нэг ах гүйгээд гарав. Хүү бодно.
Багш минь ногоон гэрлээр гарч байгаарай гэсэн, багшийн заасан бүхэн сайн зүйл байдаг. Би багшдаа л итгэж байна. 
Энэ удаа ангийн охин ирж хажууд нь зогсоод хамт ногоон гэрэл хүлээв. Нөгөө ангийн танил хүү ирж мөн л хажууд зогсов. Тэгтэл цагдаа хувцастай ах ирээд тэдний ард зогсов. Хүүгийн сэтгэл тайвширлаа. Ногоон гэрэл асав. 

Б.Нэргүй

Өндрөөс өндөрт үсрэн гүйе

Нэг өдөр Сувдаа хичээлдээ ирж яваад Сугартай таарав.
Сувд: Сугар аа. Чи яагаад ийм гунигтай явж байгаа юм бэ?
Сугар: Зүгээр ээ. Яагаа ч үгүй. 
Сувд: Зүгээргүй л байна даа. Чи юм нуугаад байгаа юм уу? гэв. Сугар жаахан эргэлзэж байснаа: Намайг хүүхдүүд “Давжаа биетэй, хатсан алим” гэж шоолоод, надтай юу ч ярихгүй байна. Би өндөр болохгүй бол яана аа гээд уйлчхав.
Сувд: Хүний өндөр нам хэнд ч хамаагүй ээ. Бие биеэ гомдоох л муухай. Би ч гэсэн энэ жилээс өндөр болж байна. Битгий гунигла гээд нулимсыг минь арчиж өглөө.
Орой нь би жижиг цаас авч нугалаад нэг талд нь ягаан өнгийн зүрх зурж, нөгөө талд нь “Чи бол найзыгаа ойлгодог, сайн охин шүү” гэж бичив.
Маргааш нь хичээл дээр Сувдад өнөөх бичгээ гаргаж өглөө. Тэр уншиж үзсэнээ “Баярлалаа” гэж инээмсэглэн хэлэв. 
Сувдын баярласныг хараад би ч гэсэн баярлаж өндрөөс өндөрт үсрэн гүймээр санагдлаа.  

Тусламж 

Болд эвгүй гишгэснээс хөл нь гэмтжээ. Ядаж өнөөдөр утасгүй явж байгаа. Замын хажуугийн сандал дээр арай гэж ирж суув. Дэргэдүүр олон хүн нааш цааш явсаар байв. Болд “Миний хөл өвдөөд байна. Надад туслаач” гэж хэлмээр байвч зүрх хүрсэнгүй. Хөл нь улам их өвдөв. Нэлээд суусны дараа өмнөөс ирж яваа нэг ахыг хараад:
-    Ах аа! Надад туслаач. Би хөлөө гэмтээчихлээ гэж арайхийн хэлэв. Тэр ах миний хөлийг гаргаж үзсэнээ:
-    Их хавдсан байна. Уджээ гэв. Энэ үед тэнд явж байсан хүмүүс бүгд л анхаарал тавьж байв. Тэрээр гэмтлийн түргэн дуудаж аав руу залгалаа. Удалгүй түргэний тэрэг, аав хоёр зэрэг ирэв. Би аавыгаа хараад уйллаа. Нөгөө ах:
-    Аав нь ирсэн болохоор ах нь ингээд явъя. Хурдан эдгээрэй гэхэд Би ч уйлсан хэвээрээ:
-    Ах аа!  Маш их баярлалаа гэлээ. Аав ч:
-    Миний хүүд тусалсан танд маш их баярлалаа гэв. 
-    Ийнхүү анх удаа л зориг гарган бусдаас тусламж хүслээ. Бүх хүн тусч сайхан сэтгэлтэй юм аа.   

Шувууны үүр 

Үхрийн нүдний бутан доороос шувуу дэрхийн нисэж, бидний толгой дээгүүр эргэлдэж байв. Бид үхрийн нүдний өтгөн ногоон мөчирт болгоомжтойгоор ойртон очиж, шувууны үүр оллоо. Үүрэнд цэнхэр өнгөтэй дөрвөн өндөг байв. Бид зөвхөн харж л байлаа. Хоёр шувуу шагшралдан биднийг тойрч “Бүү хөдөлгө! Бүү хөдөлгө!” гэж гуйж байгаа юм шиг байлаа. Бид үүрийг хөдөлгөх байтугай дэргэд нь ч зогссонгүй.

Бид олсон үүрээ үргэлж эргэж үздэг байлаа. Шувууд бидэнд дорхноо даслаа. Зуны эхээр цэнхэр өнгөтэй өндөгнүүдээс шар амтай нүцгэн ангаахайнууд гарсан байв. Өндөгний хагарсан хуурай хальсууд үүрний дэргэд байх юм. Шувууд ангаахайдаа хоол олж өгөхөөр нисэцгээж, биднээс огтхон ч айхгүй болжээ.
Ангаахайнууд өсөж томроод далавч нь ургаж үүрээс нисэн одсон үед нь бид сайхан зассан үүрийг болгоомжтойгоор авч хоосон хайрцагт хийж гэртээ хадгалав.
Тэр хайрцгийг бид харах тусам бидэнд итгэсэн шувуудын тухай ярьдаг юм.

И.Микитов

Ах дүү хоёр 

Ах, дүү хоёр байж гэнэ. Ах нь гурван настай, дүү нь нэг настай юм санж. Ах нь дүүдээ туйлын хайртай, цаг ямагт дүүтэйгээ наадна. Дүүгээ унтах хэвтэх, уйлах орилоход нь сувилан зугаацуулна. Ийнхүү ээждээ их л тустай эрхэм сайн хүү билээ. Гэвч насан балчир, хашир томоогүй тул байн байн эндүү ташаа зүйл үйлдэнэ.
Нэг өдөр эх нь хүүгээ унтуулаад үнээгээ саахаар гарч одоход ах нь дүүгийнхээ дэргэд сууж өлгийг нь хөдөлгөж сувилан унтуулж байтал дүүгийнх нь нүүрэнд ялаа суугаад тайван нойрсуулдаггүй гэнэ. Ах, гараар ялааг үргээх гэтэл нэг ялаа хацарт нь шигдээд нисдэггүй гэнэ шүү. Тэгэхлээр ах нь хилэгнэж, гараа далайгаад ялаан дээр буулгаж орхив. Гагцхүү ялаа нь аль хэдийн нисэн одсон бөгөөд дүүгийнх нь хацар агшин зуур улайж дүү нь байж ядтал чарлав.
Ах нь сая эндүүрснээ мэдэж хэчнээн аргадавч дүү нь улам уйлсаар. Эх нь хүүгийнхээ чарлах дуунаар сандран орж ирвэл нялх хүүгийн нь нэг хацар улайгаад хавдсаныг үзэж ихэд гайхан яасныг асуув.
-    Миний дүүгийн хацар дээр нэг ялаа суугаад босохгүй болохоор нь
цохиод авсан нь дүүгийн хацар тааралджээ гэж өчив.
-    Ээ тийм үү? Нүүрэнд нь суусан ялааг үргээхээс биш цохиж болдоггүй юм.
Хойшид сайтар мэдвэл зохино гэж ээж нь хэлжээ.

Худалч 

Нэг хүү хонь хариулж яваад
-    Чоно ирлээ! Чоно!  гэж байдаг чадлаараа хашхирав.
Эрчүүд сандран ирэхэд чоно ирээгүй байжээ. Хүү хоёр гурван удаа тэгж хашхирахад хэн ч түүнийг тоосонгүй. Харин жинхэнэ чоно ирэхэд хүү:
-    Хурдан ирээрэй! Чоно! Чоно! гэж хашхирахад тариачид түүнийг өмнөх шигээ хуурч байна гэж бодоод ирсэнгүй.
Энэ удаа чоно айх аюулгүйгээр бүх хонийг нь барьж иджээ. 

Лев.Толстой

Үнэг тогоруу хоёр 

Үнэг, тогоруу найзууд юм.
Үнэг, тогорууг дайлахаар шийдээд урьжээ. Түүнийг ирэхэд будаа чанаж пял тавагт хийж өгөв. Тогоруу, пял тавгаас юу ч идэж чадсангүй, бүх хоолыг үнэг долоож дуусгав.
Дараа нь тогоруу үнэгийг дайлахаар урьжээ. Тогоруу үнэгийг ирэхэд будаа чанаж нарийн хүзүүтэй лонхонд хийж тавив. Үнэг лонхыг тойрон эргэлдэв. Толгой нь лонхонд орсонгүй. Бүх хоолыг тогоруу иджээ.
Үүнээс хойш үнэг тогоруу хоёр нөхөрлөсөнгүй гэнэ.

Эзоп үлгэр 

Аадар бороо 

Нарс, улиас, хус ургасан ойн захад, өргөн голын эрэг дээр манай зуслан байдаг юм. Тэр ойд янз бүрийн жимс ургах тул бид түүж иддэг байлаа.
Халуун нартай нэгэн өдөр би гэрийнхэндээ хэлэлгүй, ойд очиж, саваа дүүртэл жимс түүгээд, амттай жимсийг ханатлаа идлээ.
Гэтэл илчит нар бөөн үүлний цаагуур ороод, цахилгаан цахилж, тэнгэр дуугаран, мөндөртэй бороо хувингаар асгасан юм шиг оров. Сандрахдаа өтгөн навчтай хус модны ёроолд суугаад их уйлсан билээ.
Төдий л удалгүй их бороо зогсож, нар үүлний цаанаас гарах үед гэртээ харилаа. Гэрт нэг ч хүнгүй байв. Гэдэс өлссөн тул тараг ууж, ааруул өрөм идэж байтал “Олдсонгүй” гэж ярилцах үг гадаа сонсогдов. Гүйгээд гарсан чинь “Миний хүү энд байна” гэж ээж минь намайг тэврэв. Түүнээс хойш аав ээждээ хэлэлгүй явахаа болилоо.

Нөхрийн тухай яриа

Дондог, Нямаа хоёр найзындаа тоглож байв. Хоймрын авдран дээрх болор цом Дондогийн анхаарлыг татав. Тэр болор цомыг сонирхон үзээд, буцааж тавихдаа алдаж орхилоо. Нямаа:
-  Хүмүүс хүрээд ирнэ, зугтъя! гэв. Дондог цомын хэлтэрхийг түүж байхдаа:
-  Би Ханд гуайн өмнө буруугаа хүлээнэ, явахгүй гэв. Нямаа аль хэдийнээ явчихсан байлаа. 
Энэ бүхнийг гэрийн сүүдэрт юм оёж суусан Ханд гуай сонсоод:
-  Хүү минь, гараа эсгэчхэв дээ. Чи хэнтэй яваа юм бэ? гэхэд Дондог:
-  Найзтайгаа. Тэр яваад өгсөн. 
-  Тэр чинь чиний найз мөн үү? гэж Ханд гуай эргэлзэн асуув.

Д.Давааням

Торх

Нэгэн хүү дүүрэн тостой торх гэртээ хүргэхээр өнхрүүлж явжээ. Өөд газар торхоо чүү ай өнхрүүлсээр хөтөл дээр гарч ирвэл гэр нь ойрхон харагдаж байв. “Ингэж биеэ зовоож байхаар өөрийг нь явуулчихъя. Гэрийн гадаа төвөггүйхэн хүүрчихнэ биз” гэж бодоод торхоо газрын уруу түлхчихжээ.
-       Том торх ойж бууж явсаар гэрээс бүр өнгөрч гүн жалганд тогтов. Хүү жалга дотроос торхоо гаргах гэж өдөржин ноцолдоод дийлсэнгүй гэнэ.

Д.Давааням
 

Үхэр хулгана

Хоёр үхэр хулгана өндөг олжээ. Түүнийг идэх сэн гэж хүсэвч өндгийг булаах гэсэн хэрээнүүд нисээд амраадаггүй. Яавал энэ өндгийг хэрээнүүдэд алдчихгүй байх вэ? гэж тэд боджээ.

Зөөе гэхээр хүч хүрдэггүй, өнхрүүлье гэвэл хагарчхаж мэднэ. Үхэр хулганууд ухаан зарж байгаад ингэж шийджээ. Нэг нь дээшээ харж хэвтээд өндгийг тал талаас нь хөлөөрөө тулахад нөгөө нь түүний сүүлнээс чарга чирч яваа юм шиг угзарсаар өндгийг шалан доогуур авч оржээ.

Д.Давааням

Шаазгай туулай хоёр

Шаазгай шагшрахыг туулай сонсов.
Хойд хоёр хөл дээрээ цогнойн чихээ соотойлгов.
Ийш тийш харав. Шаазгай,
-       Урт чихтэй юм гэсэндээ сонор байна шүү! гэсээр дэргэд нь годгос хийн буув.
-       Миний урт чих ч яах вэ дээ, тийм байж. Харин чиний наад урт сүүл юунд хэрэгтэй юм дээ?
-       Нисэхэд жигүүр, буухад чаргуул, эргэхэд залуур болдог гэж шаазгай
-       Тэгэхээр нь туулай,
-       Өө, чиний сүүл миний чихийг гүйцэхгүй юм байна. Миний чих даарахад хучуур, халууцахад хөргүүр болдог юм шүү дээ гээд харайн холдож гэнээ.

Г.Ловор

Навч яагаад унадаг вэ?

Намар болоход ургамлын навч аажим шарлаж хагдарна. Зарим ургамлын навч унадаг. Яагаад?
Намар нарны илч буурч, хүйтэн сэрүүн болоход навчийг ногоон өнгөтэй болгодог мөхлөг нь задардаг. Навчны эсийн дотор улаан шар өнгөтэй будагч бодис үлдсэнээс навч улайх, шарлах зэргээр хувирна.
Хүйтрэхэд ургамал хөрснөөс ус авах нь багасна. Түүнчлэн навч хөгширдөг. Энә үед навчны эсэд ургамлын амьдралд хэрэггүй эрдэс давс их хэмжээгээр хуримтлагдсанаас навч унадаг.
Ямагт навчтайгаа байдаг ургамлыг мөнх ногоон ургамал гэдэг. Тэдгээр ургамлын навчны зарим нь унаж байхад шинэ навч ургаж байдгаас мөнх ногоон харагддаг байна.

Д.Базаррагчаа

Хэрэм

Нэгэн анчин ойгоос хэрэм барьж авчраад торонд хийн тэжээв. Эзэн нь нэг удаа хэрмээ хооллож байгаад торныхоо хаалгыг хаахаа мартаад явжээ. Хэрэм торноос гарангуут бут сөөг дамжин харайсаар ойдоо ирэв. Нөхөд нь түүнд баярлав. 
-       Анчныд ямар амьдарч байв? гэж сонирхон асуухад:
-       Эзэн минь надад тун их хайртай. Би өдөр бүр амттай боов, самар идэж, зөөлөн дэр дэрлэж, ноосон хөнжлөөр хучуулан унтдаг байв гэжээ. 
-       Эзэн чинь чамайг тийм сайн асарч байхад чи юунд нааш ирэв? Чамд өөр юу дутагдав?
-       Төрж өссөн ойгоо саналаа. Та нөхдөө саналаа. Модны навч салхинд шуугихыг сонсож, мөчир дамжин дүүлэн наадахыг хүслээ гэжээ.

Хиаг наранцэцэг хоёр

Хиаг, наранцэцэг хоёр намрын нарны илчийг гайхан, нарыг бишрэн шүтдэг тухайгаа хуучилж суув. Хиаг:
-       Хүүе! Хүүе! Наранцэцэг ээ, намрын хярууг мэдэх үү чи? 
-       Хэн түүнээс айх юм бэ? Намрын хяруунаас би хэзээ ч хулчийхгүй. Наранд хэлээд, холдуулж чадна гээд алтан шаргал цэцгээ нар дагуулан ганхаж байв. Хиаг хэдий наранцэцгээс намхан ч гэсэн найздаа:
-       Намрын хярууны өөдөөс ийм үг хэлж яаж болох вэ? Ганцхан шөнө наад сайхан алтан шаргал цэцгийг чинь налмайтал буулгана шүү! гэж учирлав. 
Намрын урт шөнө хиаг даарч хоноод, өглөө ногоон чигээрээ өндийхөд даргар цагаан хяруу эргэн тойрон цайраад, наранцэцэг алтан шаргал цэцгээ дөнгөн данган дааж ядан тогтож байв.

Д.Базаррагчаа

Оршин суугаа газарт байдаг уул ус, түүхт газартай холбоотой  домог

Өвөл зун яагаад ээлжилдэг болсон бэ? 

Сүн далайг шалбааг байхад сүмбэр уулыг толгод байхад хүйтний өвгөн дулааны өвгөн хоёр хүч чадлаа үзэлцэх болжээ. Хүйтний өвгөн:
-    Би есөн хоногт энэ дэлхийг тас хөлдөөе. Чи хайлуулж чадах уу? гэхэд, дулааны өвгөн:
-    Би тэгвэл найман өдөрт л цас мөсийг нь хайлуулж усан далай тогтоож чадна. Харин чи миний халууныг халхалж чадахгүй шүү дээ! гэв. Тэр хоёр мөрийгөө авсан нь нөгөөгөө мэдэлдээ авна гэж тохиролцжээ.

Хүйтний өвгөн есөн хоногийн турш цасан шуурга тавив. Ер бусын их хүйтнээр дэлхийг цэвдэг мөс болтол хөлдөөжээ. Аварга том бух бүтээж хамгаалагч болгон тавьж гэнэ. 
Дулааны өвгөн нар бүтээж, дэлхийг найман зүгээс нь шаржээ. Найман өдөрт усан их далай болгочихжээ. Хаана мөс үлдэж вэ гэж шалгахад нь, аварга бухын битүү дөрвөн хөл доор нь мөс үлдсэн байжээ. Урд хоёр хөл доор нь мөсөн туйл болон тогтсон юмсанж. Дулааны өвгөн тэр бухын битүү дөрвөн туурайг хага цавччихсан гэнэ. Тийнхүү үхэр салаа туурайтай болжээ.

Гэвч хоёр өвгөний хүч нь тэнцэж, жилийг жигдхэн хувааж, зун өвөл ээлжилдэг болсон. 

Илжигний чихний учир 

Урьд цагт бурхан олон амьтанд чих тараажээ. Илжиг хамгийн түрүүнд энэ тухай сонсоод түрүүлж хүрч ирээд хамгийн томыг нь аваад явжээ. Тэмээ их зантай, бас олонд биеэ гайхуулах дуртай амьтан юм болохоор:
-         Бурхан миний бие томтойг андах биш. Лав хамгийн том, сайныг нь үлдээх ёстой. Тэгээд амьтан бүр миний тэр том чихийг гайхан харж байг гэж зориуд яаралгүй алхсаар хүрч очжээ. Амьтад цөмөөрөө санаа санаандаа таарсныг авч гүйжээ. Харин илжгэнд л байвал таарах нэг чих үлдчихсэн байж. Тэмээ түүнийг үзээд голж:
-         Даанч дээ, Бурхан минь! Надад ийм юм үлдээж амьтны шившиг болгох гэж дээ! гээд ярвайж эргэтэл, Бурхан:
-         Авбал ав, байвал бай! гээд хойноос нь чулуудаад орхиж гэнэ. Нөгөөчих тэмээний хойноос буруу хараад наалдчихжээ. Тэгээд тэмээний чих тийм этгээд, амьтан амьтныхаас ондоо болчихжээ.

Монгол ардын үлгэр