УРАН ЗОХИОЛЫН БУС ЭХ

Хот хөдөөгийн амьдралын хэвшил, соёлын ялгааг дүрсэлсэн, тайлбарласан, мэдээлсэн эхүүд

Шагай

Нүүдэлчин монголчууд шагайгаар тоглож оюун ухаанаа хөгжүүлдэг байжээ. Шагайн наадгайн гол хэрэгсэл нь шагай. Амьтны шаант ясны нарийн үзүүрт орших жижиг цул ясыг шагай гэнэ. Зарим газар шаа ч гэдэг. Малын шагайн дөрвөн талыг хонь, морь, тэмээ, ямаа гэж нэрлэдэг. Үр хүүхдээ малд хайртай болгон хүмүүжүүлэхийн үүднээс шагайгаар их нааддаг байж.  

Шагайгаар морь уралдах, шагай няслах, алаг мэлхий өрөх, шагай шүүрэх, дөрвөн бэрх орхих, мал өсгөх зэрэг олон янзаар наадна. “Мал өсгөх” гэдэг тоглоомд тоглогч бүр олон шагайг ээлжлэн орхино. “Хэн нь адуугаа илүү өсгөхөө үзье” гээд орхино. Орхих бүрд буусан морийг түүн авч, хэн олон морь буулгасныг адуугаа өсгөсөнд тооцно. Энэ мэтээр хонь, тэмээ, ямаагаа хэн нь илүү өсгөхийг үзэж тоглоно. 

Малч хүүхдүүд

Хаврын урь ормогц бог мал төллөнө. Ууган төлийн дуу цангинаж, ишиг, хурга тонгочин тоглоно. Малчин эмэгтэй сая төрсөн хургыг эхэд нь амлуулан тойглож суух нь уянгатай сонсогдоно.

Энэ үед долоо найман насны гэмээр нүд нүүрээ ороолт малгайгаар битүүлж боосон гурван хүүхэд хотны шавхай цэвэрлэж байв. Тэд улирлын амралтаар өвөө, эмээдээ туслахаар ирсэн нь энэ аж.  Өглөө босоод малчин хүн шиг л ажиллана. 

Бат илүү гэрээс нялх  хургаа гаргаж малын хашаанд оруулав.  Саран хурга, ишгээ эхийг нь олж хөхүүлнэ. Харин Дулмаа эхээ хөхөөд цадахгүй байгаа хургыг үхрийн сүү бүлээсгэн угжина. Хурга ишгээ хөхүүлж дуусаад эхээс нь ялган хашааны нар туссан дулаан хэсэгт хашна.

Дараа нь өнөөдөр хургалж магадгүй хонио ялгана. Үлдсэн сүргээ бэлчээрт гаргана. Энэ үед аль хэдүй нь үд өнгөрсөн байна.
Эмээ өвөө хоёр нь “Энэ хэдэн хүүхэд ирж мөн ч их тус болж байна” гэж магтан ярина. 

Өлзийхүү 

Монголчууд мал сүргээ чононоос сэргийлж хашаа хороо, хотныхоо захад  мануухай босгоно. Хоёр мод чагтлан хадаж гозойлгоно.  Түүндээ муу дээл өмсгөнө. Толгойд нь хувин углан, зогсож байгаа “хүн” хийнэ. Үүнийгээ “Өлзийхүү” гэж нэрлэдэг.

Өдөржин хонь хариулж ирсэн малчин шөнө хоттой хонио тойрч үзээд унтана. Өлзийхүү салхинд хоёр тийшээ ганхан хувцас нь хийснэ. Хоттой хонь руу гэтэж яваа чоно түүнийг хараад хүн байна гэж бодно. Түүнээс айж ойртож чадахгүй байсаар үүр цайлгана.

Зарим шөнө Өлзийхүү адуу манана. Номхон моринд янгиа тохож, эмээлийн бүүрэг юм уу дөрөөнөөс нь дээш мод гозойлгон бэхэлнэ. Муу дээл өмсүүлнэ. Өлзийхүү морь унаж адуу манана. Чоно боохой айлын мал барьсан гэж дуулдвал айл бүрийн гадаа Өлзийхүү элбэгшинэ.

Монгол хээ угалз

Монгол хээ угалз нь  анх эвэр дуурайлган зурж үүссэн гэдэг.  Үндэсний ёс заншил, соёлыг бэлгэдсэн утгатай. Монголчууд эрт дээр үеэс гэр орноо чимэхдээ дөрвөн хүчтэн, найман тахил, есөн эрдэнийг зурж, оёж, дархалдаг байжээ.

Монгол гэрийн эсгий үүдийг усан долгио хээ гарган ширдэг. Энэ нь ариун далайн мандал дээгүүр сайхан бүхэн нар мандах адил цацран гийсээр орж ирнэ.  Хар муу санаатан үүдэнд байгаа усан далайд унаж саатах болтугай гэсэн утгатай ажээ.

Алхан хээ нь мөнхийн хөдөлгөөнийг бэлгэддэг. Өлзий хээ нь урт насалж удаан жаргахын бэлгэ тэмдэг. Түмэн наст хээ нь эхлэл төгсгөлгүй үргэлжилдэг учир амьдрал мөнх үргэлжлэхийг бэлгэддэг ажээ.

Үүлэн хээ нь огторгуйн үүлийг уран сайхнаар дүрслэн буулгажээ. Дээрээс тэтгэгч хурмаст тэнгэрийн хурын шимээр байгаль дэлхий сэргэнэ. Хүн бүр аз жаргалтай аж төрөөсэй гэдгийг бэлгэдсэн зол жаргалын хээ юм. 

Урсдаг шатаар зорчих

Томоохон үйлчилгээний төв, дэлгүүрүүдэд урсдаг шатыг ашиглах нь элбэг болжээ. Урсдаг цахилгаан шатны гишгүүрүүд нэг замаар холбогдож тасралтгүй эргэдэг. Тиймээс гутал, гутлын үдээс, хувцас, үс завсраар нь хавчуулагдан гацвал ноцтой осолд хүргэж мэднэ. Америкт нэгэн эмэгтэй хүзүүний ороолт болон үс нь урсдаг шатанд хавчуулагдсанаар амиа алдсан харамсалтай явдал гарч байсан байна. Иймд урсдаг шатаар анхаарал болгоомжтой зорчоорой. 

Могой

Могойг монголчууд лусын амьтан хэмээн шүтдэг. Нэрээр нь хэлэхийг цээрлэн урт хайрхан, хайрхан, лусын эзэн гэх мэт нэрлэдэг нь цөм хүндэтгэлийн аястай байдаг. Могойг уламжлалт цаг тооллын арван хоёр жилийн нэгэнд оруулан “уулын хажууд хэвтэштэй, урт дээсэн биетэй, улс бүхнийг сэрт хийлгэдэг уран хэлтэй могой” гэж магтан дуулдаг нь түүнийг хүндэлдгийн баталгаа болдог. 

Могой орж ирвэл лусын амьтан зочиллоо гээд хүндэтгэн гудас дэвсэж түүн дээрээ сүү, цагаан идээ тавьж толгой дээр нь сүү дусааж мялаагаад төмөр цохих чимээгээр холтгодог.

Г.Арсланхуяг 

Туул 

Бага Хэнтийгээс эх авч мяралзан угалзалж урсах Хатан Туулаа ард түмэн дуулах дуундаа, ерөөл магтаалдаа, уянгалах хуурандаа, хайлах туульдаа магтаж ирсэн түүх домог арвин. Хатан Туул гол нь урт замыг туулж Орхон голд цутгана. Ингэж аялах замд нь Тэрэлж гол, Гурван баян, Горхины гол, Сэлбэ гол, Улиастай, Тарна, Хар бухын гол, Богд уулын Хүрхрээ, Хөлийн гол, Бөхөг, Түргэний гол зэрэг урт богино том жижиг хориод гол горхи нийлж Хатан Туулыг сэлбэдэг аж.

Г.Арсланхуяг 

Усаа хайрлан хамгаалах цээр ёс цээр 

Гол мөрөн, булаг шанд зэрэгт бузар /цус, сүү/ оруулахаас ихэд цэрвэж  усны сав шанагыг үргэлж тусад нь цэвэр цэмцгэр байлгана. Урсгал усанд юм угаах, гол мөрөн, булаг шанд, усны ойролцоо бие засах, гол горхийн хөвөө, булаг шанд, ялангуяа урсгалын эхэнд биеэ угаахыг нэн цээрлэдэг юм. 
Усны эх, ундаргын онцгой хамгаалалтын бүсэд хориглосон үйл ажиллагаа явуулсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэсэн хуулийн заалт бий. 

Г.Арсланхуяг 

Хавар

Хаврыг сав шим ертөнцөд баяр баясгалан авчирдаг бэлгэ дэмбэрэлтэй улирал гэж монголчууд бахархдаг. Нялх ногоо соёолж, малчны хотонд төлийн дуу цангинана.  Ургамал, жимс  цэцэглэн алаглаж байгалийн өнгө аяс өөрчлөгдөнө. Хүүхэд багачууд хөгжилдөн, өвгөд эмгэд баясч, морь малын нуруу тэнийдэг цаг. 
Манай өвөг дээдэс мянга мянган хавар улиран өнгөрснийг гярхай ажиглан, түүний араншинг танин мэдэж хаврын уур, хур ус, ичигсэд хөдлөх, хаврын хугас, ханш нээх, тариалангийн хур гэсэн зургаан хэсэгт хуваан үздэг. Үүндээ тохируулан мал аж ахуй, газар тариалан эрхэлж ирсэн сайхан уламжлалтай. 

Эх сурвалж: Монгол ёс заншлын дунд тайлбар толь 247 дугаар тал  

Эргэн тойрон дахь байгаль орчин, амьтдын тухай мэдээлсэн, дүрсэдсэн түүнийг хайрлах, хамгаалах тухай тайлбарласан эхүүд

Марафон

Марафон хотод тулалдаж байсан Грекийн нэгэн цэрэг эр ялалт байгуулснаа мэдэгдэх гэж Афин хот хүртэл 40 км гүйсэн бөгөөд мэдээгээ хүргэж чадсан ч удалгүй ухаан балартан амиа алдсан гэдэг домог бий

Домогт өгүүлсэн цэргийн туулсантай тэнцэх урттай замаар орчин цагийн анхны олимпын наадмын холын зайн гүйлтийн тэмцээн зохиогддог болжээ. Удалгүй холын зайн гүйлтийн зайн уртыг нэмснээр марафоны тамирчид 42 км зайд гүйдэг болсон байна.

Марко Поло

Марко Поло 750 гаруй жилийн өмнө Италийн Венец хотод амьдарч байжээ. 1200-аад оны үед ихэнх хүн төрсөн газраа бүхий л амьдралаа өнгөрөөдөг байлаа.
Харин Марко тэгсэнгүй. Ирж буцахын 17703 км урт замыг туулан, Их Монгол улсыг зорьж, Европ тивийн алдартай аялагч болсон юм. Тухайн цаг үед Европт ийм аялал хийсэн хүн байгаагүй. Гэвч түүнийг урт удаан, хүнд хэцүү аялал нь л алдаршуулсан хэрэг биш юм. Аяллынхаа адал явдлын тухай бичсэн ном нь Дэлхий даяар түгсэн билээ.

Бүргэд

Саарал далавчит бүргэд бол шувуудын хаан юм. Тэр хаданд эсвэл царс модон дээр үүрээ засдаг.
Өндөрт нисч, алс холын юмыг үзэж, нар руу нүдээ цавчилгүй хардаг. Бүргэдийн хамар нь хадуур, хумс нь дэгээтэй адил. Урт хоёр далавч дундаас, цээж нь цухуйж харагдана.
Бүргэд үүлэн дунд нисч, дээрээс олз хайж байна. Тэр халбаган хошуут  нугас, улаан хөлт галуу, хууран мэхлэгч хөхөөг шүүрнэ. 

Дархан цаазтай ан амьтан

Агнах устгахыг хуулиар хориглосон амьтдыг дархан цаазтай амьтан гэнэ. Дархалсан амьтдыг хэн ч агнаж, айлгаж үргээж болохгүй.
Ан агнуурын хуульд “Монгол орны нутаг дэвсгэрт тахь, хулан, хавтгай бөхөн, хар сүүлт зээр, буга, хандгай, цаа буга, хүдэр, янгир, аргаль, мазаалай, ирвэс, халиу, булга, суусар, минж, хун, хотон, хойлог, гургууль, тас, ёл, хилим, загас агнах устгахыг хориглоно” гэж заажээ.

Дархан цаазтай амьтдаас хулан, хар сүүлт, буга, зэрэг нь ургамлаар хооллоно. Мөн булга, суусар, минж нь өндөр үстэй үслэг амьтан юм.
Тоншуул, сар, ууль зэрэг махчин шувууд ой мод тариалангийн хортон шавьж, мэрэгч амьтныг иднэ. Энэ нь хөдөө аж ахуйд үлэмж ашигтай.  

Дэлхийн улаан номд бүртгэгдсэн амьтад

Дэлхийн улаан номд тахь, хулан, хавтгай,  жигүүртнээс цагаан тогоруу оржээ. Эдгээр амьтад дэлхийд нэн ховордсон. Зөвхөн монгол орноос өөр хаана ч байдаггүй.
Тахь адуу нь устах аюулд орсон, нэн ховор зүйл юм. Зэрлэг адууны цор ганц үлдвэр. Хулан адуу нь монголоос өөр газар байхгүй. Хавтга тэмээ нь Монголд цөлд цөөн тоогоор үлдсэн, дэлхийн хэмжээнд ховордсон амьтан. Биеийн галбир гэрийн хоёр бөхтэй тэмээтэй төстэй.

Цагаан тогоруу нь тогоруутны багийн нэн ховорсон зүйл. Дун  цагаан зүстэй. Далавчны үзүүр хар, нүүр хошуу хөл улаан. Залуу тогоруу  улаан туяатай, цагаан өдтэй. Тэд монгол нутгийг дайран өнгөрч зусдаг. 

Амьтныг дархлана гэдэг нь ирээдүйн төлөө санаа тавьсан чухал арга хэмжээ юм. 

Ургамал

Ургамал нь байгаль дэлхийд өнгө үзэмж нэмж, хүний сэтгэлийг баясгана. Хүн амьтны амьдрах эрүүл орчин бүрдүүлж, агаарыг цэвэршүүлнэ. Хүн, мал, амьтны хүнс тэжээл, эмийн үнэт түүхий эд болно.

Монголчууд хавар, зуны цагт нялх ногоо, цэцэг зулгаахгүй, нойтон модны мөчир хугалдаггүй. Боловсроогүй ургамал, жимсийг түүдэггүй. Жимс, эмийн ургамлыг үндэс, мөчиртэй нь авдаггүй.  Мөн мөөгөн хүрээг хоослохыг цээрлэж эх болсон байгалиа хамгаалсаар ирсэн.

Өнөөдөр хүн төрөлхтөн байгаль дэлхийд нөхөж барашгүй хохирол учруулж байна. Мод бутыг тайрч, ургамлыг их хэмжээгээр түүж байна. Ургамал үгүй бол экологийн тэнцвэр алдагдана. Бид амьдрах нөхцөлгүй болно. Үүнийг л хүн бүр ухамсарлан ойлгох хэрэгтэй. 

Монголын хамгийн том амьтан хандгай

Устах аюул нүүрлээд буй амьтдын нэг нь хандгай юм. Монгол орны Хэнтий, Хөвсгөлийн тайгад тархжээ. Нүсэр бие, асар том эвэртэй. Хамгийн аглаг, өндөр, буйд, хөвчийн ууланд голдуу ганцаараа явна.
Хандгайн эрийг манж, эмийг нь сүндэс, төлийг нь хотол, хоёр настайг нь хохь, гурван настайг нь тозуул гэдэг. Хандгай, хар халтар, халиун, бор халтар зүстэй. Хүзүүндээ хос молцогтой. Том биетэй боловч үргэж хулжин зугтахдаа маш сайн. Цагт 55 километр хүртэл хатирдаг.
Дайснаас биеэ хамгаалах гол зэвсэг нь далбагар том эвэр,  хүчит дөрвөн туурай нь юм. Ямар нэгэн амьтан руу довтлохдоо мөргөх, цавчих, тийрэх хөдөлгөөн хийдэг. Хандгайн ийм дайралтад өртвөл хүн битгий хэл хөвчийн хүрэн баавгай ч амьд гардаггүй гэлцдэг.  

Их говийн эзэн мазаалай

Мазаалай нь говь цөлд амьдардаг дэлхийн цорын ганц баавгай. Зөвхөн Монголын говьд байна.

Хөнгөн, шалмаг хөдөлгөөнтэй. Мазаалайн нас бие гүйцсэн эрийг нь шармаахай, эмийг нь эвш гэдэг. Эвш нь жил өнжин төллөж гол төлөв ихэр алманцаг төрүүлдэг.
Мазаалайн амьдрах орчин хатуу ширүүн уур амьсгалтай. Хоол тэжээл хомс учир турж үхдэг. Говьд ургадаг хармаг жимс, бажууны үндэс, навч, хулс, зээргэнэ, сухайн навчаар хооллоно. Говь цөлийн шавьж хорхой, гүрвэл зэрэг жижиг амьтан ч түүж иднэ.

Мазаалай агуй, хонгил, хулсан ширэнгэ, сухайн төгөл доогуур нүх хэвтэр засна.  Арваннэгдүгээр  сараас дараа оны гуравдугаар сар хүртэл ичдэг. Тэд дуг нойрондоо дугжирч байна гэсэн үг. Харин ирэх хавар тэднийг сэрэхэд идэш тэжээл нь элбэг байгаасай.

“Мазаалайн хувьд амьдрал хүндхэн байна. Тэд байгалийн экосистемийн чухал нэг хэсэг юм. Мазаалай уствал дэлхий асар их хохирол амсана” гэж мазаалай судлаач Харри Рейнолдс хэлжээ.

Булга

Булга дархан цаазтай ховорхон амьтны нэг мөн. Хангай, Хөвсгөл, Хэнтийн ууланд байна. Ер нь булга хүн амьтангүй маш зэлүүд газар амьдардаг. Тэгэхдээ хадны завсар нүхэнд үзэгдэнэ. Бас модны хонгилд ч байна. Мод дамжин маш түргэн гүйнэ. 

Махчин амьтан бөгөөд огтоно, хулгана, бас самар жимс иддэг, таргаваганы томхон мөндлийн чинээ, хар өнөгөтэй амьтан юм. Жилдээ нэг удаа төрдөг. Заль мэхтэй. Монголчууд булганы арьсыг эртнээс хэрэглэж иржээ.

Оршин суугаа газар дахь албан газар, үйлчилгээний байгууллагын нэр, хаяг














Орчин дахь хүн ба юмсын онцлогийг харуулсан танилцуулга, тайлбарласан, мэдээлсэн эхүүд

Аав 

Аав нь гэрийн хоймрыг ханхайтал эзэлж, хүүхэд нь өвөр дээр нь тоглож, ээж нь уулын нөмөрт байгаа мэт жаргалтай байгаагаар монгол хүн айл гэрийг төсөөлдөг.

Хангай шиг түшигтэй аав минь гэж бид дуулдаг. Аавынхаа эзгүйд аяганд нь өдөр бүр цайны дээж хийж тавина. Аав өөрийнхөө аяганаас хишиг авч өгөхөд хүүхдүүдэд дээдийн шагнал болно. Аавыгаа ирэхэд хүүхдүүдийн сэтгэл хөөр баяраар бялхана. 

Аавын бийд хүнтэй танилцаж, агтны бийд газар үз,  аавын сургаал алт гэх зэрэг ардын сургаал үг бий. 


Эх сурвалж: Монгол ёс заншлын дунд тайлбар толь 7 дугаар тал 

“Чингис хаан” Үндэсний музей

“Чингис Хаан” Үндэсний музей нь Улаанбаатар хотын Чингэлтэй дүүрэгт байрладаг. Чингис хаан музей нь есөн давхар сүрлэг том барилгатай. Гадна талдаа хоёр том алтан шар хаалгатай. Давхар бүр нь өөр өөрийн онцлогтой үзвэрүүдээр баялаг. 1 болон 6 дугаар давхартаа хүүхдүүд бидэнд зориулсан танхимтай.  Би ангийнхаа найзуудтай энд ирж бүтээл хийсэн. Бас бид музей үнэгүй үзсэн. Учир нь 0-16 нас хүртэлх үнэгүй үздэг юм байна. Харин багш том хүний тасалбараар үзсэн. Бид музейн ах эгчээс сонирхсон зүйлээ асууж их зүйлийг мэдэж авсан. Музей даваа гарагаас ням гараг хүртэл өдөр бүр ажилладаг. 

Булган уул

Архангай аймгийн төвийн хойд зүгт сүрлэг сайхан уул бий. Үүнийг Булган уул гэж нэрлэдэг. Булган уул нь зүүн талдаа “Жамган” нэртэй рашаантай. Баруун талдаа “Ганц мод” хэмээх рашаан устай. Булган уулын өвөр лүү өгсөж гардаг 108 шаттай. Шатаар өгсөхөд 12 жилийн хөшөө тааралдана. Дээрээс харахад Архангай аймаг хаана юу байгаа нь тод томруун харагдана. Аялагчид  энэ нутагт ирэхээрээ ихэвчлэн Булган уулын өмнө очиж зургаа авахуулна. Уулын өвөрт аймгийн музей байрладаг. Нутгийн иргэд цагаан сарын битүүний өдөр Булган ууландаа зул өргөдөг заншилтай. Зулаа өргөхдөө бүгд үндэсний дээл хувцсаа өмсөнө. Эрэгтэй хүмүүс дээшээ гарч зулаа өргөнө. Эмэгтэйчүүд нь уулын өврөөс идээний дээжээ өргөдөг. Энэ үед Булган уул гэрэлт зулаар дүүрч гайхалтай сайхан харагдана. 

Гарын ариун цэвэр (Зөвлөмж)

Гар бол хүний чухал эрхтний нэг мөн. Юм юманд хүрч амархан бохирдоно. Элдэв өвчин үүсгэгч нян бохир гараар дамжин халдварт өвчнөөр өвчлүүлдэг. Гараа өдөрт хэд хэдэн удаа савантай бүлээн усаар угааж, шөнө унтахдаа зөөлрүүлэх тос түрхэж байвал сайн.

Хооллохын өмнө гараа заавал угаах хэрэгтэй. Хумсны завсрын хэсгийг зөөлөн сойзоор үрж угаавал хир нь амархан арилдаг. Гараа цэвэр байлгах нь ажлаас хойш суухын нэр огт биш, харин эрүүл мэндээ хамгаалж байгаа хэрэг юм.

Ном уншихдаа мөрдөөрэй (Зөвлөмж)

Ном уншихдаа хэн бүхний мөрдөх зүйл гэж бий. Номын сан, анги танхим зэрэг хүмүүс олноороо байх газар номыг бие биедээ саад болохооргүй чимээгүй унших хэрэгтэй.
Ном унших газар чинь хэт хурц биш гэрэлтэй, чимээ шуугиангүй, цэвэр агаартай байвал нэн тохиромжтой. Гэрэл зүүн гар талаас тусахаар байрласан байх ёстой. Уншиж байгаа ном чинь нүднээс мухар тохой зайтай байвал сайн.

Номыг урах, дээр нь зурах, хуудсыг нь нугалах зэргээр гамгүй эдэлж болохгүй.

Тоглоомын талбайд анхаарах зүйлс

Тоглоомын талбайд хоёр хүүхэд тутмын нэг нь гэмтэх магадлалтай байдаг. Гэмтэж бэртсэн хүүхдийн ихэнх нь тоглоомыг буруу ашиглах, өөрийн анхаарал болгоомжгүй байдлаас болсон байдаг.

Талбайд тоглохоос өмнө анхаарах зүйл
-    Талбайд хүүхдийн арьсыг шалбалж гэмтэхээс сэргийлсэн зөөлөн резинэн материал эсвэл элсээр дэвсгэр хийсэн байдаг.
-    Хэрэв эргэн тойронд чинь чамайг гэмтээж мэдэх шилний хагархай, хадаас, хурц үзүүртэй зүйлс байвал зохион байгуулагч, эсвэл том хүмүүст хэлж мэдэгдээрэй.
-    Бариул болон хамгаалалтын хэсгүүд зөв сайн бэхлэгдсэн эсэхийг шалгаарай.
-    Энд тэнд хурц үзүүртэй зүйлс цухуйсан эсэхийг ажиглаж, эвдэрхий тоглоомоор бүү тоглоорой


Хүндэтгэл, эелдэг харилцааг тодорхой гаргасан өдөр тутмын харилцан яриа

Харандаа үзүүрлэсэн нь

- Ах аа, та завтай байна уу?
- Яасан бэ, ахын дүү? 
- Би харандаагаа үзүүрлэж чаддаггүй ээ.
- Яагаад? Харандаа үзүүрлэх тийм хэцүү биш дээ?
- Хэцүү биш л дээ. Гэхдээ үзүүрлэж дуусах үед үзүүр нь хугарчхаад байх юм. 
- Алив, ахдаа харуул даа. 
- Яг ингээд дуусах үед л хугарчих юм. Би гурав дахь удаагаа хугалаад байна.
- Ойлголоо. Чи хэтэрхий хүчлээд байна. Харандаа, үзүүрлэгч хоёроо түр өг дөө.   Би чамд харуулъя. 
- Тийм байна. Зөөлхөн дараад, удаанаар, болгоомжтой эргүүлэх ёстой юм байна. 
- Тийм ээ. Чамд өөр үзүүрлэх харандаа байгаа юу?
- Байгаа. Би аваад ирье. 
- За, чи наад хөх харандаагаа миний үзүүлснээр үзүүрлээд үз дээ. 
- Болж байна, болж байна. Баярлалаа, ах аа.
- Зүгээр ээ, миний дүү! 

Шинэ сурагч

Манай ангид шинэ хүүхэд шилжин ирлээ. Тэр ихэд бишүүрхсэн янзтай зогсоно. 
- Сайн уу? Намайг Сэргэлэн гэдэг. Чамайг хэн гэдэг вэ? 
- Сайн. Чи сайн уу? Намайг Нандин-Эрдэнэ гэдэг. 
- Таатай байна. Шинэ сургууль ямар санагдаж байна? Асуух зүйл гарвал нэрэлхэлгүй надад хэлээрэй. Би чадахаараа тусална шүү. 
- Сургууль таалагдаж байгаа. Гэхдээ би хувцас өлгөх газрын учрыг ер олсонгүй. Гадуур хувцсаа бариад хичээлдээ орчихлоо. 
- Өө, хоёулаа хамт явъя. Зүүн талд  байгаа энэ хаалгатай шүүгээнд чи биеийн тамирын хувцсаа хийж болно. Доод талынх нь задгай нүднүүдэд гутлаа тавиарай. Харин гадуур хувцсаа энэ цэнхэр даавуун уутанд хийгээд баруун гар талын өлгүүрт өлгөдөг юм. 
- Аан, одоо л ойлголоо. Чамд их баярлалаа. 
- Зүгээр дээ. Өөр хэрэгтэй зүйл гарвал хэлээрэй. 
 

Автобусанд

Олон хүнтэй автобусанд тортой юм барьсан өндөр настан орж ирлээ. 
- Өвөө, та энэ суудалд суу. 
- Баярлалаа, хүү минь. Өдөржин хичээл сургууль гээд ядарсан байлгүй. Миний  хүү өөрөө суу. Өвөө нь алзахгүй. 
- Үгүй дээ. Та харин гартаа юмтай, хол явбал ядарч мэднэ.
-  Энэ үү? Ач нартаа авсан сүү, тараг байгаа юм. Их хүнд биш ээ. Би хол явахгүй, дөрөвхөн буудал яваад бууна. 
- Би наана бууна. Та ийшээ суучих. 
- Яасан эелдэг хүүхэд вэ! За, тэгвэл өвөө нь суулаа шүү. Миний хүү өвөөгийнхөө насыг аваарай. 
- Баярлалаа, өвөө.
 
Хүүхдийн эргэн тойронд болдог түгээмэл үйл явдлын тухай үзэл бодлоо илэрхийлсэн эхүүд

Аюулаас сэргийлье

Бид хамгийн их цагийг сургууль дээр, гэр орондоо өнгөрүүлдэг. Сургууль дээр хүүхдүүд гүйж байгаад бэртэх нь их байдаг. Манай сургууль дээр өдөр бүр 5 минут аюулгүй байдлын хичээл ордог. Энэ хичээлийг ахлах ангийн ах эгч нар бидэнд заадаг.  Ах эгч нар биеэрээ үлгэрлэн үзүүлж заадаг. Түүнийг бид дагаж дуурайж хийдэг.

Би ахлах ангид ороод дүү нартаа хаалганд гараа хавчуулахаас сэргийлэх талаар заана. Яагаад гэвэл, намайг цэцэрлэгт байхад нэг хүүхэд хаалганд гараа хавчуулсан. Би хараад их айсан. Тэр хүүхэд хаалганы нугас хэсэгт хуруугаа оруулчихсан байсан. Тэгсэн хаалга хаагдаад гарыг нь хавчсан.

Тэр цагаас хойш би хаалга нээж хаахдаа болгоомжилдог болсон. Хаалганы нугас хэсэгт, хаалга хаагдах хэсэгт гараараа барьж болохгүй гэж баттай боддог болсон. Хаалгаар гарах юм уу  орохдоо ард хүн ирж байгааг сайн хардаг. Хэрвээ хүн ирж байвал хаалганы бариулаас барих хүртэл хүлээнэ. Хүн ирээгүй байвал хаалгаа бариулаас нь бариад зөөлөн хаадаг болсон. Сургуулийн гадаа хаалга, ангийн хаалган дээр “Хаалганд гараа хавчуулахаас болгоомжил” гэж бичиж наах хэрэгтэй гэж боддог шүү.  

Хүүхдүүд та бүхэн хаалгаар орж гарахдаа бусад хүмүүст хүндэтгэлтэй хандаарай

Эдээр биеэ чимэхээр эрдмээр биеэ чим

Эд хөрөнгө гэдэг нэгэн үеийн гоёл. Гэтэл эрдэм мэдлэг нь тухайн хүний мөнхийн гоёл. Аливаа хүнийг эрхэм сайхан харагдуулдаг зүйлийн нэг нь эрдэм мэдлэг. Ийм учраас манай ард түмэн эдээр биеэ чимэхээр эрдмээр биеэ чим гэдэг. Энэхүү мөнхийн гоёлыг олоход эзэн хүнээс ихээхэн зүтгэл чармайлт уйгагүй хөдөлмөр шаардана. Эрдэм сурахаар хичээнгүйлэн суралцваас эрдэнэ болох эрдмийг сурч чадна. Хүнийг эрхэм сайхан харагдуулдаг эрдэм сурахын төлөө хүүхэд та нар мэрийж суралцаарай. Сурсан эрдэм чинь чамайг түмэн олонд алдаршуулан мөнхжүүлнэ.

Төрсөн өдөр

Өнөөдөр Анхаагийн хувьд догдлол дүүрэн өдөр байлаа. Учир нь түүний 7 насны төрсөн өдөр. Өмнө жил Анхаа найзуудаа гэртээ урьж баяраа тэмдэглэсэн. Энэ жил тэгэхийг хүссэнгүй. Тэрээр ямар нэгэн сайн үйл хийхийг хүсэв. Ингээд гадаа тоглож байгаа хүүхдүүд болон сүүдэр бараадах амьтдад цангаа тайлах ус бэлдэхээр шийдлээ. Гэртээ байсан тагтай шил, савыг усаар дүүргэв. Өөрийн даах хэмжээгээр авч гарлаа. Цангаснаа ч мэдрэхгүй тоглож байсан хүүхдүүд залгилан уув. Амьтад ч сүүлээ хөдөлгөн сэргээд ирэв. Анхаа хэд ч усанд явснаа анзаарсангүй. Дараа нь гадаа ажиллаж байсан ах эгч нарт ус өгөв. Тэд хүүхдийн тус багаддагүй гэж Анхааг урамшуулав. Анхаа төрсөн өдрөөрөө бусдыг баярлуулж, тус хүргэсэндээ сэтгэл хангалуун байлаа. 

Сонирхолтой гүнзгий сэтгэгдэл төрүүлсэн үйл явдлыг бичсэн өдрийн тэмдэглэл

Ихрүүд 

10 дугаар сарын 25

Ангийн ихэр охидын талаар ихийг мэдсэн сонирхолтой өдөр байлаа.

Манай ангид Хулан, Халиун гэдэг ихэр охид шилжиж ирсэн. Тэд маш адилхан царайтай. Сайн харвал Халиун хацар дээрээ бүдэгхэн мэнгэтэй. Би ихрүүд царай нь адилхан шигээ зан ааш, сонирхол нь ч адилхан байх гэж боддог байлаа. Тэгээд хааяа гунигтай эсвэл дүүтэйгээ муудсан үедээ ихэр байсан ч болоосой гэж боддог байв.

Өнөөдөр хичээл тарсны дараа тэр хоёртой ярилцсан. Халиун ном унших, Хулан тоо бодох дуртай гэв. Хулан ногоо болон жимсний шүүсэнд дуртай бол Халиун ногоонд тийм ч дуртай биш, сүүнд дуртай. Халиун цэнхэр, Хулан ягаан өнгийг илүүд үздэг гэв. Халиун үг дуу цөөтэй даруу, Хулан нүүрэмгий яриасаг охин байлаа. Тэр хоёр тэс өөр зан ааш, сонирхолтой байсан.

Ихрүүд харахад адилхан ч, дотроо маш өөр байдгийг мэдээд үнэхээр гайхсан.

Б.Мөнгөнсор

Хамгийн том бэлэг  (Өдрийн тэмдэглэл)

Өнөөдөр 2013 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр. Даваа гараг.

Гадаа маш хүйтэн байна. Харин манай гэр бүл халуун дулаан илчээр дүүрэн байна.

Миний аав уурхайчин хүн. Аав олон хоногоор хөдөө ажилладаг. Би ээжтэйгээ хамт гэртээ үлддэг. Би аавтайгаа хамт тоглох үнэхээр дуртай. Хааяа хичээлээс авахад нь ямар их баярладаг гээч. Өнөөдөр аав маань амралтаа аваад гэртээ ирсэн. Ирэхдээ миний хамгийн их хүсэж байсан дугуйг авчирсан. Маш гоё дугуй. Гэхдээ аавын өгсөн хамгийн том бэлэг нь энэ байгаагүй. Харин өнөөдрөөс эхлэн хотод ажиллах болсон гэж хэлсэн нь хамгийн сайхан, хамгийн том бэлэг байсан.

Аавтайгаа дандаа хамт байна гэж бодохоор л баярлаад байна. Аавдаа би маш их хайртай.

Би үсрэх дуртай 

Өнөөдөр аавын найзынд гэр бүлээрээ зочилсон. Тэднийх жижигхэн хөөрхөн хавтай айл байв. Анх удаа очсон болохоор би их сандарсан. Амттай хоол, миний дуртай мөхөөлдсөөр дайлсан ч идээгүй. Бас юу ч яриагүй.

Би тэднийг ярилцах зуур хажуугийн хоосон өрөөнд оров. Тайвшрахын тулд ганцаараа алгаа ташаад үсэрч гарав. Гэтэл жижигхэн хав нохой нь над руу хуцсан. Би цочсондоо нүүрээ дарж суугаад хөдөлж чадахаа больчихсон. Ер нь шинэ орчинд юм уу эсвэл сандрахаараа байнга л ингэдэг. Тэнд байсан хүмүүс бүгд гүйлдэн ирсэн. Намайг тайвширч чадахгүй байсан учир бид гэр лүүгээ ирлээ.

Би өрөөндөө ороод хамаг байдгаараа үсэрч тоглолоо. Алгаа ташин дээш үсрэхэд үнэхээр сайхан байлаа. Би үнэхээр аз жаргалтай болсон. Хүмүүс надаас чи яагаад дандаа үсэрдэг юм бэ? гэж асуудаг. Би үсэрч байхдаа бүх биеэ мэдэрч аз жаргалтай болдог юм.