УРАН ЗОХИОЛЫН БУС ЭХ
Монгол хүний бусад улс үндэстнээс ялгарах онцлог, тухайлбал хэл, түүх, соёл, зан заншил үндэсний тэмдэглэлт баяр, нүүдэлчин соёлын онцлогийн тухай мэдээлсэн, тайлбарласан, дүрсэлсэн эхүүд
Эх орон
Чи хаана төрсөн бэ? Чи хаана, ямар сургуульд сурч байна вэ? гэж асуувал сурагч бүр өөрийн төрсөн газар, сурч байгаа сургуулиа нэрлэнэ.
Тэр газар нутаг чинь манай уудам эх орны аль нэг хэсэгт оршино. Үүнийгээ хүн бүр “унасан газар, угаасан ус минь" гэж эрхэмлэн хүндэлдэг учиртай. Миний чиний унасан газар, угаасан уснаас бидний төрсөн нутаг, монголын сайхан орон бүрдэнэ. Иймээс төрж өсөөд, амьдарч байгаа газар нутгаа "эх орон” гэж нэрлэдэг.
Эх орон бол бүх хүний ээж нь юм. Тийм ч учраас эх орон маань өөрийнхөө хүү, охин болж төрсөн ард түмнээрээ бахархана. Бас ард түмнийхээ сайн сайхны төлөө бүхнээ зориулдаг юм.
Эх болсон эх орондоо үр нь болж заяасан ард түмэн өөрсдийн авьяас билиг, хүч хөдөлмөрөө зориулна. Ийм учраас эх орон маань өдрөөс өдөрт цэцэглэн хөгжиж байдаг билээ.
Ч.Лувсандэндэв
Бэлчээр
“Бэлчээр сайтай бол мал тарган, бэх сайтай бол бичиг тодорхой” гэсэн монголчуудын мэргэн сургаал буй.
Бэлчээр гэдэг ганц үгийг хэлэхэд амархан боловч тун олон талтай. Юуны өмнө бэлчээр гэдэг нь ургамлын бүхэл бүтэн ертөнц юм.
Эрдэмтдийн тооцоолсноор манай оронд хоёр мянга гаруй зүйлийн ургамал байна. Эдгээр ургамлаас зургаан зуу гаруй зүйл нь бэлчээрийн ургамал буюу мал иддэг. Харин гурван зуу гаруй зүйл нь зун отрын бэлчээрт ургадаг. Үүний улмаас зуны улиралд өндөр уулын нутагт отор хийх зайлшгүй шаардлага гардаг.
Монгол оронд мал аж ахуйг эрхэлж ирсэн дөрвөн мянган жилийн турш бэлчээр талхлагдаагүй байв. Гэтэл сүүлийн жараад жилийн хугацаанд бэлчээр нутгаа эрс муутгажээ. Судалгаанаас үзвэл бэлчээр, мал хоёрын харьцаа ихэнх нутагт алдагдсанаас шалтгаалжээ.
Хангай, ой хээрийн бүсийн бэлчээр олон малын хөлд талхлагдаж, хөрс нь халцарч, улмаар голио царцаа бужигнаж, говирхуу өнгө төрх оржээ. Ийм болсон бэлчээрт мал бэлчээхгүй өнжөөвөл дорхноо сэргэж, ургамлын бүтэц нь хангайрхуу болон өтгөрч, төрөл зүйл нь баяжин, хортон шавж нь цөөрдөг гэсэн судалгаа хийжээ.
Эх сурвалж: Монгол соёл иргэншил судлал, 127 дугаар тал
Усны эх сурвалж
“Мал усаар таргалж, усаар турдаг” гэж малчид хэлэлцдэг билээ. Газрын доорх усыг таньдаг монгол шинжээчдийн олон арга бий. Үүнээс цөөн жишээ дурдъя. Эхлээд ургамлын тогтцоор шинжих арга байна. Энэ нь ус байгааг мэднэ. Усан дахь эрдэс бодис ямар байгаа, унд, усалгаанд тохирох эсэхийг хамт шинждэг сайн талтай.
Чихэр өвс ургасан газар ёс юм шиг ус байна. Учир нь түүний үндэс найман дэлэм гүн сууж, хөрсний устай холбогдоно. Цэнгэг устай газрын цэцэг нь хөвсгөр. Давсархаг устай газрын цэцэг навчиндаа үл мэдэг цагаавтар өнгийн хаг үүсгэн ургасан байна.
Шар бударгана, тэмээн харгана, говийн зарим хотгорт ургадаг хурц ногоон хиаг, зэгс, хулстай газар хөрсний ус ойрхон зайдаг.
Хангайд бүдүүн иштэй дэрс их сагсайж, багшран ургаж цахилдаг, зэгс хулс, сондуул, хавар эрт жигд ногоорон ургадаг ширэг зэрэг нь уст цэгийг тодорхойлох нэгэн шинж мөн. Түүнчлэн говирхог юм уу, нам газрын заг, дэрс, сондуул, ширэг арвинтай газарт ус төдий л хол бус гэдэг.
Өвлийн цагт дэрс, сондуул дайрч газар хагарсан байвал тэнд их устайн шинж ажээ. Тэдгээр ургамлын ургац тааруу бол ус нь их гүнд буй гэсэн үг. Харгана, дэрс хэсэг хэсгээр дугуйрч ургасан бөгөөд алсаас харахад их л зэрэглээтэн байвал тэнд ус буй нь дамжиггүй гэдэг.
Эх сурвалж: Монгол соёл иргэншил судлал, 133 дугаар тал
Шоргоолж ухаалаг амьтан
Хэдэн зуу, саяараа бүлэг болон амьдардаг шоргоолж ухаантай амьтан.
Зохион байгуулалтай, хатуу дүрэм журамтай амьдардгаараа хүнтэй төстэй.
Та шоргоолжны үүрийг нэг удаа боловч ажиглаж байсан уу? Биеэсээ ахадсан гэмээр том цагаан зүйлийг нааш цааш нь зөөгөөд завгүй “шогших” шоргоолж өндөгнүүдийг нэг өрөөнөөс нөгөө рүү нь шилжүүлээд өрөөг нь цэвэрлэж, ялгадсыг нь гарган хаяна. Ганц удаа шилжүүлээд орхихгүй. Бүх өндгийг авгалдай болтол энэ ажил үргэлжилж, өрөө өрөө дамжсаар байх болно.
Америкийн эрдэмтэд шоргоолжийг удаан хугацаанд судалжээ. Шоргоолжны үнэрлэх чадвар сайн хөгжсөн байдаг. Хэрэг хийх, худлаа хэлэх үед зальтай шоргоолжноос содон үнэр ялгардаг. Дашрамд сонирхуулахад, худлаа ярьж буй хүнээс өвөрмөц үнэр ялгардаг гэж эрдэмтэд өнгөрсөн онд баталсан байна.
Д.Давааням
Шувууд өвөл яаж амьдардаг вэ?
Зуны сайхан цагт усны шувууд гангар гунгар дуугарна. Хөвчийн өндөр модонд хөхөө шувуу донгодно. Өглөөний тунгалаг агаарт болжмор жиргэх нь сонсогдоно. Ацан сүүлтэй алтан хараацай сум шиг хурдан дүүлэх нь үзэгдэнэ. Эдгээр олон шувууд намрын сэрүүн болоход өмнө зүгийн дулаан оронд аялан явцгаадаг.
Шувуу хүйтнээс айхааргүй дулаан өд ноолууртай, цус нь бусад бүх амьтны цуснаас халуун байдаг. Хүйтнээс ч онц их айдаггүй. Гэвч өвөл болоход идэх юм нь ховор болдог байна. Учир нь ус бүхэлдээ мөсөөр хучигдаж, уул талыг цас бүрхсэн байхад хаанаас идэх юм олдох билээ. Тэгээд л өмнө зүг аялдаг юм байжээ.
Харин өвлийн хүйтэн, хоолны хомсоос айдаггүй манай оронд өвөлждөг бор шувуу, тагтаа гэх мэт шувуу бий. Эдгээр нь хот суурин газар тарианы агуулах, өвс хураасан газруудаар явж, хаягдсан үр ба хогноос идэшний үлдэгдэл, өвдөл цөвдөл түүж иднэ.
Хотоос зайдуухан ой модонд сайхан алаг шаазгай байна. Энэ шувуу их сэргэг амьтан болохыг та нар ажиглаарай. Шаазгай мөн л өвдөл цөвдөл түүж иднэ. Дэлгэж хөлдөөсөн арьсны халимыг тоншиж иднэ. Шаазгай их мэхтэй махчин шүү. Жижиг шувуу, хулгана, оготнууд хүртэл түүний довтолгооноос айдаг юм.
Д.Базар
Богд хан уул
Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын өмнө үзэсгэлэнт сайхан, дүнхгэр уул бий. Энэ уулыг Богд уул, Богд хан уул, Богд хан хайрхан уул, Богд Дүнжингарав хэмээн олон янзаар нэрлэдэг.
Богд уул нь дөрвөн талаараа түнэр өтгөн ойгоор хучигдсан, орой биеэрээ тагийн ширээ, боржин цонж хад бүхий оргилтой. Бэл хормойгоороо олон ам гол горхитой. Зүйл зүйлийн ургамал цэцэг, эрдэнийн чулуу, араатан гөрөөс бүрхсэн үзэсгэлэнт байгальтай. Алс холоос цэнхэртэн униартаж сүндэрлэдэг сонин сайхан хангай билээ.
Энд нэн эртнээс хүн оршин сууж байсны гэрч хадны сүг зураг, овоо бумба, хөшөө дурсгал арвин байдаг. Эртний монголын янз бүрийн улс гүрний хүн ард нутаглаж байсан тухай сурвалж бичгийн мэдээ элбэг буй.
Арвангуравдугаар зууны үед дархан цаазтай болгосноор дэлхийн анхны дархан цаазтай газрын нэгэнд тооцогддог.
1809 оноос Богдхан уулын амуудыг цагдаа хамгаалдаг болсон. Уул руу орох зөвшөөрлийг Богд хаан өөрөө олгодог журамтай байсан гэдэг.
Богдхан уулыг 1778 оноос эхлэн жилд хоёр удаа хавар намрын улиралд тахидаг байжээ. Уулын ноён оргил Цэцээ гүнд шашны болон төрийн овоо гэж нэрлэдэг хоёр овоо бий
Эх сурвалж: Монгол ёс заншлын дунд тайлбар толь 36 дугаар тал
Хурдан морины уралдаан
Монголчуудын эрийн гурван наадмын нэг төрөл нь морин уралдаан юм. Эрт дээр үеэс сайн морь, хурдан хүлгийг шинжиж ирсэн түүхтэй. Морь уяж сойх арга мэдлэгийг хуримтлуулан морь уралдуулах наадмын ёсыг бий болгожээ.
Наадамд морь уралдуулах өвөрмөц онцлогтой. Адуун сүргээс аль хурдныг нь сонгоно. Уралдаан болохоос олон хоногийг өмнө сойж, өдөр бүр давхиулан бэлтгэл хийнэ. Морьдоо нас насаар нь ялган газрын хол, ойрыг тохируулна. Азарга, их нас, соёолон, хязаалан, шүдлэн, дааган нас уралдана. Хурдны морийг 6-13 насны хүүхэд унана. Түрүүлсэн морьдыг ерөөлч, цоллооч цоллоно. Хурдан морины цол нь ардын аман зохиолын онцгой төрөл болсон. Цоллохдоо хурдан морины нутаг ус, гарал үүсэл, өнгө зүснээс эхлэн, уясан уяач, унасан хүүхдийг чанга дуугаар цоллон магтдаг уламжлалтай.
Хамгийн сүүлд ирсэн даага, хүүхэд хоёрын онцгой цол бий. Үүнийг Баян ходоодын цол гэнэ.
Зээ, энэ хүлгийн эзэн нь
Эндүүрч ташаарч бодсоноос
Уясан уяа багадаад
Унасан хүүхэд нь балчирдаад
Барьсан ташуур нь богинодоод
Үлий манхан тааралдаад
Үргэлж саатал тохиолдоод
Үсэрч гарсан боловч
Үхэр тэрэг шиг хоцорч
Энэ жилийн баян ходоод
Ирэх жилийн баярын магнай
Бат түмэн эх ээ хэмээн ерөөж, байлдаг уламжлалтай юм.
Бөхийн барилдаан
Бөхийн барилдаан нь монголчуудын эрийн гурван наадмын нэг. Үндэсний баяр наадмын том хэсэг. Бөхийн барилдаан нь жирийн нэг бяр тэнхээгээ гаргаж барилдахыг хэлэхгүй. Авхаалж самбаа, уран мэхийг уралдуулан барилддаг тул урлагийн нэг төрөл ч гэж болно.
Бөхийн барилдаан тусгай өмсгөлтэй. Үлгэр туульд дүрсэлснийг үзэхэд маш бат бөх, хүч чадалтай амьтны арьс ширээр зодог шуудгийг хийж байжээ. Жишээлбэл “Эрийн сайн Хан Харангуй” туульд буурын арьсан зодогтой, бухын арьсан шуудагтай гэж байдаг.
Хожим бөхийн өмсгөл улам боловсронгуй болжээ. Жанжин малгай, зодог, шуудаг, гутал нь монгол бөхийн сүр хүчийг илтгэнэ.
Бөхийн зодог нь мөнх хөх тэнгэрийг бэлгэдэж цэнхэр өнгөтэй. Шуудаг нь бөхийн гал голомт тасрахгүй үргэлжид бадамлаж байхыг бэлгэдсэн улаан өнгөтэй.
Монгол түмэн хотол олноороо цэнгэн баярладаг, өргөн дэлгэр баяр наадмаар улсын цол олгодог. Улсын начин, улсын харцага, улсын заан, улсын гарьд, улсын арслан, улсын аварга, улсын даян аварга, улсын дархан аварга гэх цол бий.
Сур харваа
Эрийн гурван наадмын нэг төрөл нь сур харваа юм. Эрт дээр үеэс монголчуудын дунд нум сум харвах наадам олон хэлбэрээр хөгжиж ирсэн.
Эртний нэг хэлбэр нь аль болох хол зайд харван, бай шавыг цэцэн мэргэн оноход чиглэсэн зэв нүүлгэх тэмцээн байлаа.
Чулуун зэвсгийн үед ан ав хийдэг байсан хавчаахай нум нь он цагийн эрхэнд их өөрчдөгдсөн. Нум нь хөвч, гичир, их бие, бариул, шийр, хайгуул гэсэн үндсэн хэсгээс бүрдэнэ.
Харваач хүн нум, сум, эрхийвч, ханцуйны боолт, бүсэвч буюу агсуурга хэрэглэнэ. Мөн ховд буюу сум хийх сав, хоромсого буюу нум хийх савтай байдаг.
Сур харвах наадмын үед уухайлдаг ёс бий. Сур харвахад урьж уриалсан уухай, байгаа оносон баярын уухай, угтан авсан самбарын уухай гэж гурван янзын уухай байна. Уухай нь харваачдын сүр хүч, онч мэргэнийг бахдан магтдаг. Энэ нь дуу хөгжмийн нэгэн төрөл зүйл болно.
Сур харваанд шалгарсан хүмүүст мэргэн цол олгодог. Улсын мэргэн, улсын хошой мэргэн, улсын гоц мэргэн, улсын гарамгай мэргэн, улсын даяар дуурсах мэргэн, улсын дархан мэргэн цол бий.
Наурызын баяр
Наурызын баяр нь зөвхөн казак түмний баяр төдийгүй дэлхийн гучаад улс үндэстэн өргөнөөр тэмдэглэдэг баяр. ЮНЕСКО-гийн соёлын өвд бүртгэгдсэн, Олон улсын баярын өдөр юм.
Наурызын баярыг жил бүрийн 3 дугаар сарын 22-нд тэмдэглэдэг уламжлалтай. Учир нь энэ өдөр, өдөр шөнө тэнцэж маргаашаас нь өдөр уртсаж эхэлдэг. Нарны баяр ч гэж нэрлэдэг.
Казак ахан дүүс хотол олноороо учран золгож, аксакалууддаа /ахмадууд/ хүндэтгэл үзүүлнэ. Үр хүүхэд залуусдаа эрхэм сургаалаа хайрлан, үдэж буй оныхоо ажил үйлс, ололт амжилтыг шүүн хэлэлцэнэ.
Наурызын баярын хоол нь наурыз шөл юм. Уг шөлийг ус, мах, гурил, давс, будаа, өөх, сүү зэрэг долоогоос доошгүй идээний дээжээр хийнэ. Наурыз шөлийг том тогоонд хийж олуулаа иднэ. Учир нь нэг тогооноос хоол идсэн хүмүүс эвтэй найртай, найзалж нөхөрлөхийг бэлгэдсэн заншил гэнэ.
Нарны баяраа угтаж ойролцоох булаг шандны эхийг сэргээж эргэн тойрныг нь цэвэрлэнэ. Наурыз баярын үеэр ундаргыг нь гаргаж цэвэрлэсэн булаг шанд хэзээ ч татардаггүй, буян хишгээ олон түмэнд хүртээдэг хэмээн үздэг.
Дэлхий дахинд Ойрхи Дорнод, Балканы хойг, Төв Ази, Кавказ зэрэг газар нутгийн 300 сая хүн энэ баярыг тэмдэглэдэг.
Цагаан сар
Цагаан сар нь эрт үеэс уламжлан ирсэн, монголчуудын төрт ёсны хамгийн том баяр юм. Цагаан сарыг хаврын тэргүүн сарын шинийн нэгэнд тэмдэглэдэг.
Монголчууд эх хүний эрхэм нандин сэтгэлийг сүүтэй адилтган бэлгэшээж тэнгэр, байгаль дэлхийдээ сүүн цацлаа өргөдөг. Иймд энэ баяраа “Цагаан сар” хэмээн нэрлэжээ.
Цагаан сарын баярыг тэмдэглэхдээ ёслол хүндэтгэлийн идээ, ундаа бэлтгэн, золгож шинэлдэг. Цагаан сарын битүүлгийг шинийн нэгний урьд орой ёсолдог. Цагаалгын ёслолыг өглөө ургах нарнаар туулай цагт эхлэн үйлддэг.
Энэ баяраар эхлээд ахмад настан, аав ээжийнхээ амрыг эрж золгож мэндэлнэ. Хөөрөг зөрүүлэн тамхилна.
- Сар шинэдээ сайхан шинэлж байна уу?
- Таны бие лагшин тунгалаг уу?
- Даага далантай, бяруу булчинтай, сүрэг мал, онд мэнд тарган тавтай оров уу? гээд мэндээ мэдэлцдэг.
Цагаан сараар бие биеэ хүндлэн зочилно. Бас уучлан, сэтгэлээ цайлгана. Цэвэр цэмцгэрийг эрхэмлэнэ. Аж ахуйгаа цэгцлэх, эрэмбэ дарааллыг баримтлах зэрэг олон сайхан ёс жудаг энэ л баярт шингэсэн байдаг
Агт морь, атан тэмээгээ хайрла
Монгол хүн агт морь, атан тэмээ, амбан шараа ажлын гол хүч гэж ихэд хайрлана. Хэт цатгалан үед нь алсын уналга ачлагад хэрэглэдэггүй. Морийг цатгалан байхад нь гэнэт давхивал гэмтэл олдог.
Морийг нэг хоёр хоног хөнгөн маягаар сойсны дараа унадаг. Морийг олон хоног сойдгийн учирч бас үүнтэй холбоотой ажээ. Аян жинд явах атан тэмээ, амбан шараа ч бас л сойлгыг нь тохируулдаг.
Морь малаа зөөлхөн аргаар эдлэх хэрэгтэй. Морио гуяны нь зурааг дагуулан зөөлөн ташуурдана. Газрын уруу хэт ширүүн давхивал морины цээж авна. Давхиж ирсэн морио хөдөлгөхгүй гэнэт зогсоовол морины хөлд цус бууж бүдрэмтгий болно. Морины эмээлийг хөлстэй үед нь гэнэт авбал жилбэндэнэ.
Монгол адууны зүс
Аливаа хэлэнд соёлын онцлогтой үг хэллэг гэж бий. Энэ нь тухайн үндэстний эрхэлдэг аж ахуй, түүх соёлтой салшгүй холбоотой.
Монголчууд олон зууны турш нүүдлийн мал аж ахуй эрхэлж ирсэн. Тиймээс монгол хэл мал аж ахуйтай холбоотой үг хэллэгээр баялаг юм. Тэр дунд адууны зүстэй холбоотой үг хэллэг цөөнгүй бий.
Судлаачид монгол адууг 500-600 янзаар зүсэлж байгааг тогтоожээ. Үүнээс 40 гаруй нь үндсэн зүсийг заадаг байна. Үүнд загал, халиун, халтар, хонгор, хээр, цавьдар, шарга зүс орно. Мөн буурал, зээрд, толбот, ухаа, халзан, хондон, хул, цоохор зэрэг зүс багтана.
Эдгээр үндсэн зүсээ цааш нь хар хээр, шар хээр, бор хээр зэргээр ангилж ялгана. Хээр зүсийг монгол адууны унаган зүс гэдэг. Адууг анх хээр талаас барьж гаршуулсан учир ингэж нэрлэжээ.
Түүнчлэн адил зүстэй адууг нутаг нутагт өөр өөрөөр нэрлэх нь бий. Тухайлбал, хар морийг зарим нутагт ногоон морь гэдэг. Хөлөрсөн үедээ хар адууны үс нарны сөргүүд нов ногоон туяатай харагддаг байна.
Адуу адууны зүс өөр гэж морьтон монголчууд хэлэлцдэг нь аргагүй л учиртай үг ажээ.
Улс үндэстнүүд амьдарч буй газар, хэл, шашин, уламжлал, хоол хүнс хувцас зэргээрээ ялгаатай байдгийг ойлгох, хүндэтгэх агуулга бүхий мэдээлсэн тайлбарласан эхүүд
Мэндлэх хүндлэн ёс
Хүндлэх, мэндлэх, талархах ёс хийгээд түүнтэй холбоотой үг хэллэггүй улс үндэстэн байдаггүй. Чингэвч улс үндэстэн бүхний аж байдал, соёл түүхийн уламжлал, хэл сэтгэхүйн онцлог шашин шүтлэгийн ялгаанаас болоод улс үндэстэн, ястан бүрийн зан заншил, хүндлэх, мэндлэх, талархах ёс, тэдгээрийн үг хэллэг өөр өөр агаад бие биеэсээ ялгарах өвөрмөц онцлогтой байдаг. Учир нь нэг улс мал аж ахуй эрхэлж байхад нөгөө улс газар тариалан буюу үйлдвэр эрхэлдэг зэргээс өөр өөр хөдөлмөрийн онцлог ялгавар гарч, түүнд холбогдох зан заншил буй болдог.
Хүндлэх, мэндлэх, талархах ёс, тэдгээрийн үг хэллэгийг зөв хэрэглэж сурснаар их, бага аливаа хүнтэй зөв боловсон, эелдэг зөөлөн харьцаж, ярьж чаддаг. "Хүн ахтай, дээл захтай" байдгийн жамыг ойлгож, хүн хүнийхээ сайн сайхан чанарыг олж харах чадвартай болдог ажээ.
Япон үндэсний хувцас кимоно
Кимоно нь “өмсөх” (ки), “юм” (моно) гэсэн утгатай япон үг юм. Харин сүүлийн жилүүдэд энэ үг япон үндэсний хувцасны нэршил болжээ. Өнөөгийн бидний мэдэх кимоно Японы түүхийн Хэйаны үе (794-1185)-ээс уламжлалтай юм.
Эрт үеэс Нарагийн үе хүртэл (710-794) япончууд дээд, доод биедээ тусдаа, эсвэл үргэлжилсэн нэг хувцас өмсдөг байжээ.
Харин Хэйаны үед кимоно хийх шинэ арга хөгжсөн. Үүнийг шулуун шугамаар зүсэх арга гэдэг. Даавуугаа шулуун зүсэж, нийлүүлж оёх бөгөөд өмсөх хүний галбирт санаа тавьдаггүй байв.
Энэ аргаар хийсэн кимоног бүх улиралд өмсөж болно. Өвөл кимоногоо давхарлах бол зун нимгэн даавуун кимоно өмсөнө. Эдгээр давуу тал нь кимоног япончуудын өдөр тутмын амьдралын хэсэг болгожээ.
Цаг хугацаа өнгөрөх тусам кимоног давхарлаж өмсөх заншил дэлгэрсэн. Ингэснээр япончууд кимоногийн өнгөний зохицолд анхаарах болжээ. Өнгөний зохицол нь улирал, эсвэл улс төрийн анги давхаргыг төлөөлнө. Чухам энэ үед Японы уламжлалт өнгөний зохицол хөгжсөн гэдэг.
Өнөө үед япончууд кимоног өдөр тутам өмсдөггүй. Харин хурим, оршуулга, их сургуулийн төгсөлтийн баярт зориулан хадгалдаг. Мөн цайны ёслол, зуны баяр зэрэг онцгой үйл явдлын үеэр кимоно өмсдөг.
Цагаан хэрэм
Хятадын Цагаан хэрэм бол хүний гараар бүтээгдсэн хамгийн том байгууламжуудын нэг юм. Энэхүү хэрмийг эртний хятадууд умард зүгийн нүүдэлчдийн довтолгооноос хамгаалан барьжээ. Харин өнөөдөр Хятад орныг зорих жуулчдын үзэх гол газар болжээ.
Нийтийн тооллын өмнөх 600-аад оноос эхлэн хятадууд нутгийнхаа хойд хэсэг болон Монголын өмнөд хэсэгт хэд хэдэн хэрэм барьжээ. Эдгээр хэрмийн зарим нь зэрэгцээ юм. Тэд НТӨ 200-аад оноос эхлэн тусдаа байсан хэрмүүдээ холбож эхэлжээ. Үүнээс хойш хэрмийг олон удаа сунгаж, сэргээн босгосон. Өнөөдөр байгаа хэрмийн үндсэн хэсэг нь 8,850 километрт урт юм.
Хэрмийн өөр өөр хэсгүүдийг шороо, чулуу, тоосгоор барьсан. Өндөр нь 5-9 метр бол өргөн нь 5-8 метр юм. Хэрэм дээрээ замтай, өндөрлөг хэсгүүддээ харуулын олон цамхагтай. Гол хэсгүүддээ гарцтай бөгөөд эрт үед худалдааны зам дайран өнгөрч байжээ.
Хятадууд 1600-аад оны дунд үеэс хэрмийг хамгаалалтын зорилгоор ашиглахаа зогсоосон. Ингэснээр хэрэм нурж эхэлсэн ч 1900-ээд оноос эхлэн зарим хэсгийг сэргээн босгожээ. Цагаан хэрмийг 1987 онд ЮНЕСКО-гийн Дэлхийн соёлын өвд бүртгэсэн.
Матрёшка
Матрёшка бол Оросын, дэлхийд хамгийн их танигдсан, хамгийн алдартай бэлэг дурсгалын зүйл юм. Энэ нь томоос жижгэрдэг, нэг нь нөгөөдөө багтдаг, зурмал модон хүүхэлдэй юм. Ийм хүүхэлдэйг үүрлэсэн хүүхэлдэй гэдэг.
Нэг матрёшка ихэвчлэн 3-10, зарим тохиолдолд 50 болон түүнээс дээш тооны хүүхэлдэйнээс бүтнэ. Уламжлалт матрёшка толгойдоо алчуур зангидсан, орос тариачны даашинзтай эмэгтэйн дүртэй байдаг.
Матрёшка нь “Матрёна” хэмээх нэрийн хувилбар юм. Энэ нэр хувьсгалаас өмнөх Орост тариачин эмэгтэйчүүдийн дунд түгээмэл байжээ. Матрёна нь латин хэлний “матер” гэх үгээс гаралтай, “эх” гэсэн үг юм. Олон хүүхэдтэй, эрүүл чийрэг, махлаг эхтэй энэ нэр холбогддог.
Матрёшкаг “Орос хүүхэлдэй”, эсвэл “Бабушка хүүхэлдэй” гэж нэрлэдэг нь буруу юм. Учир нь бабушка нь оросоор эмээ гэсэн үг.
Оросын анхны үүрлэсэн хүүхэлдэйг 1890 онд урлагийн нэрт ивээн тэтгэгч С.И.Мамонтовын эдлэнд сийлсэн. Абрамцево хэмээх тус эдлэнд олон уран бүтээлчид ажилладаг байжээ. Анхны хүүхэлдэй нь уламжлалт хувцас өмсөж, азарган тахиа барьсан охины дүртэй байв. Түүний доторх жижиг хүүхэлдэйнүүд нь охид, хөвгүүдийг, хамгийн жижиг нь нялх хүүхдийг дүрсэлжээ.
Энэ хүүхэлдэйг В.П.Звёздочкин сийлсэн бөгөөд С.В.Малютин загварыг нь гаргаж, будсан. Түүнийг санаагаа Японы фүкүрүма гэдэг үүрлэсэн хүүхэлдэйнээс авсан гэх нь бий.
Орос хүүхэлдэйг 1900 онд Парист болсон Дэлхийн үзэсгэлэнд танилцуулснаар медаль хүртэж, олон улсад алдаршжээ.
Газар газрын мэндлэх ёс
Улс үндэстэн бүрийн мэндлэх ёс өөр өөрийн өвөрмөц онцлог, бэлгэдэлтэй байдаг. Тухайлбал:
Хятад хүн мэндлэхдээ хоёр гараа атгаад нийлүүлнэ. Тэгээд эрхий хуруугаа дээш болгож, цээжиндээ бариад, мэхийнэ. Төвд хүн малгайгаа баруун гартаа барьж, зүүн гараа чихэн дээр тавиад, хэлээ цухуйлган мэндэлнэ. Шинэ Зеландын Майри овгийнхон хамрынхаа үзүүрийг нийлүүлэн мэндэлдэг. Энэтхэг хүн хоёр гараа залбирах байдлаар нийлүүлэн, өмнөө барьж наминчлан мэндэлнэ. Өмнөд Африкийн зарим ястан алгаа цээжиндээ дэлсдэг байна.
Монголчууд хоёр гарын алгаа дэлгэн, ахмад хүний тохойноос өргөн золгон мэндэлж, хүндэтгэлээ илэрхийлдэг.
Газар газрын ёсыг бүдүүлэг, боловсон гэж ялган ярьж болохгүй. Харин үндэстэн бүрийн ёсыг хүндэтгэн харилцах нь чухал.
Хоолны соёл
Хотын гудамжинд Хятад ресторан, Солонгос хоолны газар, Япон рамён, Украйн ресторан зэрэг улс орны нэртэй хоолны газрууд их байдаг. Түүнчлэн Монголчууд Булганы Сайханы айраг, Өмнөговийн ингэний хоормог, Баянхонгорын ааруул амттай сайхан гэж ярьдаг.
Улс орон бүр үндэсний онцлогтой хоол, гал тогоотой байдаг. Үндэсний хоол нь тухайн орны өв соёл үндэс угсааны онцлог, бэлгэ тэмдэг болдог. Уламжлалт хоол, түүний жор нь хоолны соёлд чухал үүрэг гүйцэтгэдэг.
Хүмүүс хоол хүнсэндээ юуг хэрэглэдэг, яаж олж авдаг, хэн хэрхэн бэлтгэдэг, хэн ширээнд сууж, хэнд түрүүлж өгч байгаа зэрэг нь улс үндэстэн, тэр бүү хэл гэр бүлийн соёлыг илэрхийлдэг байна.
Дэлхий дахины хоолны соёлд тухайн нутгийн байршил, цаг агаар зэрэг хүчин зүйлс нөлөөлдөг. Тиймээс нэг улсын хэмжээнд хүртэл хоол хүнс нь ялгаатай байдаг. Тухайлбал, Монголчууд эртнээс мал маллан, нүүдлийн соёлоор амьдарсаар ирсэн. Тиймээс идээ ундаандаа ихэвчлэн малын сүү шим, махыг янз бүрийн аргаар боловсруулан хэрэглэдэг. Бас ан амьтан, зэрлэг жимс ногоо болон сүүлд таримал ногоо, үр буурцаг, амуу тариа, жимс жимсгэнэ, ааг амттаны зүйлийг хачир болгосоор ирсэн. Газар зүйн байршлаас шалтгаалан говьд тэмээг түлхүү малладаг тул ингэний хоормог, аарц их хэрэглэдэг. Гэтэл тал хээр, хангайн бүсэд гүүний айраг исгэж уудаг гэх мэтээр ялгаатай байдаг.
Амьтай амьгүй байгалийг хүндэтгэх, тусламж хэрэгтэй амьтдад туслах, тэдний өмнө хариуцлагатай байх, байгаль орчноо хамгаалахад хүн бүрийн үүрэг оролцоо чухал болохыг тайлбарласан эхүүд
Газар доорх шар тос
Нүүдэлч монголчуудтай дөрвөн цагийн улиралд зэрэгцэн, эвсэн оршсоор ирсэн олон амьтдын нэг нь тарвага юм.
Түүнийг газар доорх шар тос хэмээн зүйрлэн хэлсэн байдаг. Монголчуудад өвлийг өнөтэй давахад хамгийн хэрэгтэй зүйл нь шар тос. Тарвагыг шар тостойгоо зүйрлэснийг бодоход чухал амьтан бололтой. Тарвага тархсан орчныхоо энергийн урсгалд чухал нөлөөтэй. Үүнийг эртнээс таньж мэдсэн хэрэг ажээ.
Тарваганы тухайн жил гарсан төлийг мөндөл, нэг жил өвөлжсөнийг хотил, хоёр жил өвөлжсөнийг шар хацар, гурван жил өвөлжсөнийг нас бие гүйцсэн гэж үзэж эрийг бурхи, эмийг тарч гэж нэрлэнэ.
Тарвага амьд үлдэхийн тулд нүх ухан амиа хамгаалдаг болжээ. Тарваганы биеийн бүтэц бүхэлдээ нүх ухах, тэндээ амьдрахад зохицсон байна. 40-60 см урт бахим, жин нь 5-7 килограмм. Мөч ахар, дөрвөн хуруут урд хөл нь эксковатор адил газар малтана. Харин таван хуруут хойд хөлөөрөө хайрга шороог арагш цацална. Цүүц мэт урд шүд бат бэх, мэрэх тусам ургана. Нүхнээс гарахдаа аюулыг нэн түрүүн харахад зохицсон нүдтэй.
Тарваганы арьсыг булга, халиу мэт үнэт ангийн үсийг дуурайлган будах болов. Үүнээс шалтгаалж зах зээлд хямд үнэлэгддэг тарваганы арьсны үнэ эрс өссөн. Арьсны үнэ огцом нэмэгдсэн нь агнуурын арвин нөөцтэй Монгол нутагт тарвага агнуур эрчимжжээ. Энэ нь тарвага хорогдох үндсэн шалтгаан болсон.
Хаягдал зай ямар хор холбогдолтой вэ?
Манай улсын зай хураагуурын хэрэглээ маш их. Бид зайг олон зүйлд хэрэглэж дуусмагц нь хогийн савандаа хаячихдаг.
Гэтэл зай нь кадми, хар тугалга, мөнгөн ус, лити зэрэг хорт металуудаас бүтнэ. Энэ нь байгальд төдийгүй хүний биед сөрөг нөлөө үзүүлдэг.
Нэг ширхэг хуруу зай нэг метр квадрат хөрсийг бохирдуулж, ойролцоох 8000 литр усыг хордуулдаг. Зай нь газрын хөрсөнд шигдэж, илжирч, агаарт уусан задарч, бид түүгээр нь амьсгалдаг. Тиймээс жирийн хог хаягдалтай хамт хаяхыг тэр бүр зөвлөдөггүй.
Ашигласан зайг хөрс рүү хийхээс сэргийлж эхний ээлжид цуглуулах ажлыг хийж байна. Уг ажлын хүрээнд хэрэглэсэн зайг цуглуулах 300 орчим савыг сургуулийн орчинд байршуулсан. Мөн сүлжээ дэлгүүрт ч тавьсан. Ингэснээр хүмүүс хогийн талаар илүү ойлголттой болсон гэж үзэж байна. Нийслэлийн 150 сургуульд “Хаягдал зай, хураагуур цуглуулах хайрцаг” байршуулжээ
Иймээс хэрэглэж дууссан зайг шууд хаялгүй гэртээ хадгалж, цуглуулж тушаах саванд хийж хэвшээрэй.
Байгаль хамгаалагч бургас
Бургасыг цөлжилттэй тэмцэх сааруулах зорилгоор Монголд төдийгүй дэлхийн олон оронд тариалдаг.
Бургас 8-10 м өндөр ургадаг. Гол иш нь саарал өнгөтэй. Навч нь зууван, цэцгийн дагавар хайрс жигд шар ногоон өнгөтэй. Таван дохиуртай. Хавар эрт нахиалдаг. Нахиалсан үедээ сайхан үнэртэй байдаг. Байгаль өөрөө дасан зохицож ургадаг. Хөрс голохгүй хаана ч ургадаг. Цөлжилтийн аюул нүүрлэсэн Монгол оронд хамгийн хэрэгтэй модлог ургамал юм.
Ширгэж буй гол мөрний сав газар тариалахад усны нөөц нэмэгдэнэ. Хурдан ургадаг учраас хот тосгон, цөлөрхөг газрыг ногооруулах, уул уурхайн нөхөн сэргээлтийг хийхэд тохиромжтой мод юм. Гурван жилийн дараагаас арчилгаа усалгаа хийх шаардлагагүй болдог.
Бургасаар монгол гэрийн хана, унь, уурганы үзүүр, саваа мод, араг савар зэрэг ахуйн хэрэглээний зүйлийг үйлдвэрлэхэд хэрэглэнэ. Холтос, навч зэргийг ардын уламжлалт эмнэлэгт өргөнөөр ашигладаг.
Бургас хамгийн найдвартай “байгаль хамгаалагч” болдог.
Хуш модны самар
Хуш модонд ургадаг дотроо идээтэй, гадуураа ясан хальстай үр жимсийг самар гэнэ. Самрыг 9 дүгээр сарын 15-наас хойш буюу самрын болц гүйцсэн үед модоо гэмтээхгүй түүдэг.
Сүүлийн жилүүдэд самрын болц гүйцээгүй байхад түүх нь ихэсчээ. Болц нь гүйцээгүй боргоцой давирхай ихтэй, модноос хялбархан салахгүй. Хүмүүс модыг мунаар цохиж самрыг унагаана. Модны холтос болон модлогийг гэмтээх, улмаар өвчлөх, хортон шавжинд идэгдэх нөхцөл үүснэ. Ихэнхдээ гол мод гэмтэнэ. Гэмтсэн модноос давирхай их хэмжээгээр гоожно. Гэмтсэн мод хатаж үхнэ. Олон сөрөг үр дагавар бий болгож байна.
2020 онд Нийслэл хотын ногоон бүсийн хушин ойн моддын ямархуу байгааг үнэлсэн. Ойн моддын 60 гаруй хувь нь өсөлт саарч, 30 гаруй хувь нь өсөлт зогсож, доройтож буй моддын ангилалд оржээ.
Хушны самрыг их хэмжээгээр зүй бус, хайр найргүй бэлтгэж байна. Энэ нь ойн экосистемд муугаар нөлөөлнө. Хуш модны самар, шилмүүс нь хур, сойр, самрын шаазгай, хөтүү зэрэг шувууны хоол нь юм. Мөн жирх, хэрэм зэрэг мэрэгч, баавгай, гахай зэрэг том амьтдын гол хүнс тэжээл болдог. Самрын ургацгүй жил жирх, хэрэм их хорогдсоноос ойн булга, шилүүс зэрэг үслэг амьтдын хоол тэжээл хомсдож өсөж үржих нь багасдаг.
Заг
Заг бол зөвхөн Төв Азийн говьд ургана. Илчлэг сайтай, эрчилсэн урт үндэстэй. Олон зуун жилээр насалдаг мод. 1970-1980-аад оны хооронд говь нутагт их ган болсон. Тэр үед ганцхан ургамал тэсэж үлдсэн нь заг мод.
Монгол орны ойн нөөцийн багагүй хувийг эзэлнэ. Говь, цөлийн үндсэн мод. Заг ихтэй газар цагаан гоёо их ургана. Зуун килограмм заг шатахад наян килограмм чулуун нүүрстэй тэнцүү илчлэг ялгаруулна. Говийнхон “ургаа нүүрс” гэж нэрлэдэг.
Гэвч сүүлийн жилүүдэд заг модыг түлшинд их хэмжээгээр ашигласан учир бараг устаж үгүй болж байна. Зээмэг, Таван алд, Галба, Борзонгийн говь гээд маш их заган ойтой өргөн их говиудын загийн нөөц байхгүй болжээ. Энд тэнд оохор цоохор цөөхөн заг торойн харагдана.
Заг мод нь элсний нүүдлийг барьж тогтоох ач холбогдолтой. Заганд бороо хэзээ орох нь хамаагүй. Өөрийгөө тэтгэж чадна. Заг хөрсний гүнд үндсээ сунгаж ус чийг хайж ургадаг. Үндэс нь доошоо таван метр орчим гүнд, тал тал тийшээ таваас арван метр хүртэл салаалан тархана. Ийм учраас заг мод нь газар дээр маш бат бөх зогсоно. Ямар ч хүчтэй салхийг сөрж, эрч хүчийг нь бууруулан элсний нүүлтийг тогтвортой барьдаг.
Ажилчин зөгий
Зөгий бол хайрсан далавчит шавж юм. Балт зөгий олон зуугаараа сүрэглэн бүлээр амьдардаг. Нэг бүлд ганцхан хатан зөгий үүрнээс гарч ажил хийхгүй. Хоёр дугаар сарын дундаас эхлэн олон зуун өндөг гаргана. Энэ үед түүнийг арван наймаас хорин ажилчин зөгий байнга сүүн үрээр тэжээнэ. Ажилчин зөгий 8-10 сар амьдрахдаа сархиаг барих, авгалдай хүүхэлдэй тэжээхийн зэрэгцээ үүрийн доторх чийг, дулааныг тогтмол байлгах, бал, лав цуглуулах, авч ирсэн балыг эврээн өтгөрүүлэх, бүлээ хамгаалах зэрэг бүх ажлыг гүйцэтгэнэ. Ажилчин зөгий хор гаргах булчирхайтай. Бөгсөндөө амьтны арьс нэвт хатгах хатгууртай. Нас бие гүйцсэн ажилчин зөгий балт ургамал хайн олох, олсон цэцэгнээсээ амтат шүүс, тоос хураан авчрах ажил хийнэ.
Дэлхийн хамгийн үнэнч нохой
Гэрийн тэжээвэр амьтдаас нохой хамгийн анх хүнтэй нөхөрлөсөн бөгөөд одоог хүртэл хүний хамгийн сайн анд найз хэвээрээ байгаа адгуус юм. Түүний олон баатарлаг, үнэнч, ухаалаг түүхүүдийг та нар сонсож байсан байх. Ялангуяа Хачико нохойн түүхийг олон хүн мэднэ. Үхэн үхтлээ хүн төрөлхтөнд үнэнч сэтгэлээр хандсан нохдыг түүхэнд түүний тухай дурдахгүй байх аргагүй юм.
Хачико анх 1924 онд Токиогийн Их сургуулийн профессор Хидэсабүро Үэногийн гар дээр бяцхан гөлөг байхдаа иржээ. Хачико өглөө бүр эзнээ Шибуяа галт тэрэгний буудал дээр үдэн гаргаж, орой ажлаа тараад ирэхэд нь угтаж, мэндлэн хүлээн авдаг байжээ. Гэтэл нэг л өдөр хайрт эзэн нь лекц тавьж байхдаа зүрхний шигдээсийн улмаас нас барж, эргэн ирсэнгүй.
Түүнээс хойш Хачико эзнээ эргэн ирэхийг хүлээн,
Шибуяа гал тэрэгний буудал дээр есөн жилийг өнгөрүүлсэн бөгөөд амьдралын сүүлчийн хормоо хүртэл галт тэрэгний буудал дээр суусан гэдэг. Хачико 1935 нас барсан юм. Түүний сэтгэл шимрүүлсэн эл 2009 онд “Хачико нохойн үлгэр” гэдэг киног бүтээсэн бөгөөд япончууд түүнд зориулан хөшөө дурсгал босгож, жил бүр түүнийг дурсан санагалзах хүндэтгэлийн өдрийн тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлал тогтжээ.
Найз, гэр бүлийнхэндээ баярласан, гунигласан зэрэг сэтгэл хөдлөлийг тодорхой ойлгомжтой хариулсан захидал, өдрийн тэмдэглэл
Ухаарал
Өнөөдөр 2013 оны 5 дугаар сарын 6-ны өдөр. Даваа гараг
Хавар болоод гадаа дулаахан байна. Би хаврын улиралд дуртай. Яагаад ч юм надад шинэ бүхнийг авчирч буй мэт санагддаг.
Өнөөдөр ангийн багшийн хэлсэн үг, үзүүлсэн бичлэг нь надад ихийг бодогдуулсан. Бичлэгт Анна Мария хэмээх хоёр гар, өрөвсөн хөлгүй эмэгтэйн амжилтын талаар өгүүлсэн. Тэр эмэгтэй шантралгүй хичээллэж усанд сэлэлтийн дэлхийн аварга болсон нь үнэхээр бахархмаар санагдсан. Бас би маш их уйлсан.
Учир нь надад хоёр гар, хоёр хөл, эрүүл саруул ухаан байна. Гэтэл хүсэл зорилгынхоо төлөө хичээхгүй биеийн амрыг харж өдөр хоногийг өнгөрөөж байгаагаа ойлгосон. Манай ангийнхан бүгд бодолд автсан байсан.
Багш маань та нар одооноос зорилготой байж өдөр бүр хичээхэд л болно гэж хэлсэн. Ер нь хүн өөрөө л хичээвэл ямар ч саад бэрхшээлийг давж амжилтад хүрдэг юм байна гэдгийг ойлголоо.
Хүмүүс хоорондын харилцааг тодорхой илэрхийлсэн харилцан яриа
Номын санд
Сурагч: Танд өдрийн мэнд хүргэе!
Номын санч: Чамд ч гэсэн... Юугаар туслах вэ?
Сурагч: Надад “Хүүхэд залуучуудын нэвтэрхий толь” хэрэг болоод... Гэтэл би хайгаад олсонгүй.
Номын санч: Тавиур дээр алга уу?
Сурагч: Алга.
Номын санч: Цахим бүртгэлээс хайж үзсэн үү?
Сурагч: Үзсэн. Мөн л алга.
Номын санч: Түр хүлээж байгаарай. Би шалгаадахъя.
Сурагч: Бүгд уншлагад гарчихсан юм болов уу?
Номын санч: Тийм байна. Ямар хичээлд хэрэг болсон бэ?
Сурагч: Монгол хэлний хичээлийн даалгаварт...
Номын санч: Юун тухай даалгавар юм бэ?
Сурагч: Бид дуртай номынхоо талаар танилцуулга бэлтгэнэ. Миний дуртай ном Л.Түдэв гуайн “Хорвоотой танилцсан түүх” юм л даа.
Номын санч: Гайхалтай ном шүү. Манайд байгаа даа?!
Сурагч: Ном нь хэрэггүй. Манай гэрт байгаа. Харин Л.Түдэв гуайн дэлгэрэнгүй намтар хэрэгтэй. Номын танилцуулга бэлтгэхэд зохиолчийн намтар чухал гэж багш хэлсэн.
Номын санч: Тийм шүү. Тэгвэл чамд би өөр ном санал болгоё. “Хорьдугаар зууны монгол зохиолчид” цувралаар гарсан “Лодонгийн Түдэв” гээд ном бий. Мөн “Монголын уран зохиолын дээжис” 38 дугаар ботид намтар, уран бүтээл нь орсон. Хаанаас олохоо мэдэх үү?
Сурагч: Тийм ээ. “Монголын уран зохиол” болон “Түүхэн хүмүүсийн намтар” гэсэн хэсэгт үзнэ. Баярлалаа, танд...
Номын санч: Зүгээр ээ. Амжилт хүсье!
Найз, багш, гэр бүл, хамаатан садан, хөрш зэрэг ойр орчны хүмүүстэй харилцсан яриа
Зөвлөлдсөн нь
Хүү: - Сайн байна уу, та!
Хөрш: - Сайн. Сайн уу? Танайхан сайн биз дээ?
Хүү: - Манайхан бүгд сайн. Аав намайг тантай таарвал нэг зүйл асууж, саналыг тань сонсож, зөвлөлдөөрэй гэсэн юм. Өчигдөр тантай уулзахаар өөрөө очсон боловч танайхан эзгүй байсан бололтой.
Хөрш: - Тийм үү? Манайхан ойрхон гэр бүлээрээ салхинд гараад ирсэн юм. Юун тухай юм бол доо?
Хүү: - Манайх бямба гарагт ханандаа хэдэн зураг тогтоолгохоор төлөвлөж байгаа. Өрөмдөх учраас дуу чимээ их гарна байх. Ажлын өдрүүдэд гэхээр гэрт байх хүнгүй, оройн цагаар гэхээр хүмүүс амарч байх болов уу гээд…
Хөрш: - Аргагүй, аргагүй. Ойлгож байна. Бямба гаргийн хэдэн цагт вэ?
Хүү: - Үдээс хойш, 14:00-16:00 цагийн хооронд захиалга өгвөл яах бол?
Хөрш: - Манайх бямба гарагт гэртээ зочид урьсан юм. Тэд 15:00 цаг гээд явна байх. Тэгэхээр нэг цаг үлдэж байна. Танай ажил амжих болов уу?
Хүү: - Амжина байх. Хэдхэн тогтоогч суулгана. Тэгвэл бид захиалгаа 15:00 цагаас гэж өгье.
Хөрш: - Болж байна. Ингэхэд чиний хичээл сурлага өндөр биз дээ? Нөгөө шатрын дугуйландаа явж байгаа юу?
Хүү: - Өндөр, өндөр. Дугуйландаа явж байгаа. Саяхан тэмцээнд орсон. Даанч байр эзэлж чадаагүй.
Хөрш: - Зүгээр дээ. Хичээгээд байвал нэг л өдөр байр эзэлнэ. Бүр түрүүлнэ. Тэр үед ахынхаа үгийг санаарай.
Хүү: - Ойлголоо. Улам хичээнэ ээ. Баярлалаа, танд…
Хөрш: - Зүгээр. Удахгүй уулзацгаая. Аав, ээж хоёртоо мэнд дамжуулаарай.
Хүү: Заавал дамжуулна аа. Баяртай.
Эмээгийн оёсон дээл
Эмээ: Миний хүү, эмээ нь чамд дээл хийсэн. Маргааш наадамд явахдаа өмсөөд гангараарай.
Хүү: Үгүй ээ, эмээ. Би дээл өмсөхгүй. Дээл өмсөхөөр зах нь хоолой бариад байдаг. Эмээ: Миний хүү сайн сонсож бай. Дээлийн зах нь ороолт, нударга нь бээлий болдог болдог гээд хормой, бүс, энгэр нь бүгд цаанаа учиртай.
Хүү: Тэгвэл би өвөл дээл өмсвөл хоолой өвдөхгүй юм байна даа.
Эмээ: Тийм шүү. Уг нь дээл бол бидний эрхэмлэвэл зохих өв юм шүү дээ.
Хүү: Өв гэж юу юм бэ?
Эмээ: Өв гэдэг бол эмээгийнх нь өвөө эмээгээс бидэнд өвлөгдөж ирсэн, хадгалж хамгаалах, цааш нь дэлгэрүүлэх зүйлийг хэлдэг юм.
Хүү: Аан. Одоо л мэдлээ. Та өвөөгийн дээл бүсийг авдранд хадгалаад байдаг чинь ийм учиртай юм уу?
Эмээ: Тийм ээ, дээл бол энгийн нэг хувцас биш.Монгол үндэсний хувцас шүү дээ. Өмсөх, хадгалах нь хүртэл цаанаа дэг жаягтай байдаг юм.
Хүү: За тэгвэл би дээлээ өмсөөд явна аа, эмээ.
Цагаан тэмээ
Наран: Аав аа. Та багадаа ямар тоглоомоор хамгийн их тоглодог байсан бэ?
Аав: Миний бага нас хөдөө өнгөрсөн болохоор голдуу л "Цагаан тэмээ болох" тоглоомоор тоглодог байсан.
Наран: Тэр тоглоомоор яаж тоглодог юм бэ?
Аав: Олон хүүхэд тоглоно. Хурдан хөдөлгөөнтэй нэг нь чоно, том биетэй нэг нь ингэ буюу ботгонуудын ээж, бусад нь ботго болно. Ээж нь ботгонуудаа чононоос хамгаалан тэмцэлдэж тоглоно доо.
Наран: Аав аа. Та ботго болдог байсан уу? Тийм ээ, хааяа ботго, ихэнхдээ чоно болдог байсан.
Аав: Наран Чоно, ботгонуудыг барьж гүйцвэл тоглоом дуусдаг. Харин ботго барьж чадахгүй : Тоглоом чинь яаж дуусдаг байсан бэ?
Аав: Удвал чоноо өөр хүүхдээр сольдог юм. Таны сэтгэлд үлдсэн ямар тоглолт байна вэ? Нэг удаа чоно бүх ботгонуудыг нь бариад идчихсэн чинь ингэ болж байсан охин их уйлж билээ.
Наран: Тоглож байгаад яагаад уйлж байгаа юм бэ?
Аав: Тэгэлгүй яах вэ дээ. Эх амьтан үрийнхээ төлөө маш их сэтгэл, хүч чадал гаргадаг юм. Тэгээд л их харамссан биз дээ, хөөрхий.
Сэтгэл хөдлөлийг илэрхийлсэн, үнэн бодит зүйл, үзэл бодлын ялгааг харуулсан, туршлага мэдрэмжээ хуваалцсан агуулга бүхий өдрийн тэмдэглэл
2023 оны 7 дугаар сарын 17-ны өдөр
Сайн байна уу, дэвтэр минь?
Энэ сайхан сэрүүн цэнгэг агаарыг, дэлгэр сайхан байгалийг ээ! Яг одоо Хар зүрхний хөх нуурын хөвөөнд сууж байна.
Хэнтий аймгийн Цэнхэрмандал суманд байдаг энэ нуур яг л хав хар зүрх шиг, бүр яг хүний зүрх шиг хэлбэртэй юм байна. Хараад л суумаар санагддаг тийм сайхан нуур юм санжээ. Энэ газарт л агуу эзэн Чингис хааныг Хамаг Монголын хаан ширээнд залсан гэнэ. Маш сонирхолтой зүйл энд харсан нь тойрог хэлбэрээр байрлуулсан хүний дүрстэй модон сийлбэрүүд байлаа. Тэд бол алтан ургийн их, бага хаад ажээ. Надад яг л олон хүн чулууны дунд орчихсон юм шиг, тэртээ эрт үед оччихсон юм шиг санагдлаа.
Энд тэнд баахан ах эгч нар суучихсан зураг зурж байсан нь бас сонирхолтой байлаа. Аавын хэлснээр бол Урлагийн сургуулийнхан юм гэнэ. Би ч нэг эгчийн зургийг жигтэйхэн их сонирхоод л, хажууд нь очоод суучихлаа. Хар зүрхний хөх нууран дээр хун шувуу хөвж яваагаар зурж байна. Би эгчээс “Найз нь хааччихсан юм бэ?” гэж асуусан чинь “Удахгүй нисээд ирнэ” гэлээ.
Зураг руу хун шувуу нисэж орж буйгаар төсөөлөхүй яг л ид шид шиг санагдлаа. Тэгээд би чам дээр шувуу зурчихлаа.
2022.12.17, Бямба гараг
Өнөөдөр би шүлэг цээжлэх гоё арга сурлаа. Хэнээс гээч?! Ааваас…
Өмнө нь би шүлэг цээжлэхдээ чангаар, олон дахин уншдаг байлаа. Хэцүү хэсгийг хуулж бичнэ.
Харин аав ийм арга зааж өгөв. Эхлээд шүлгээ мөр мөрөөр нь, бадаг бадгаар нь ойлгоно. Ойлгосныхоо дараа төсөөлж бодно. Аав надад Д.Нацагдоржийн “Миний нутаг” шүлгээр жишээлж, тайлбарлаж өгөв.
“Хэнтий, Хангай, Соёны өндөр сайхан нуруунууд
Хойд зүгийн чимэг болсон ой хөвчийн уулнууд
Мэнэн, Шарга, Номины өргөн их говиуд
Өмнө зүгийн манлай болсон элсэн манхан далайнууд...”
Нуруунууд нь манай орны гурван том нуруу юм байна. Ой хөвчтэй, өндөр сайхан уулстай ажээ. Бүгдээрээ нутгийн хойд хэсэгт оршино. Харин говиуд нь өмнө хэсэгт байна. Элсэн манхан далай шиг өргөн их говиуд... Аав надад энэ бүгдийг газрын зураг дээр зааж, тайлбарлав.
Цээжлэхэд ёстой амархан байлаа. Уншихад Монголын сайхан орон минь нүдэнд харагдана. Энэ бол миний төрсөн нутаг гэж эрхгүй бахархана.
Би энэ шүлгийг хэзээ ч мартахгүй байх. Аавдаа маш их баярлалаа!
3 сарын 5
Гараг: Даваа гараг
Сэдэв: Найзын тухай бодол
Өнөөдөр “Найзын тухай бодол” гэдэг эх уншсан. Хүүхдүүд шоолдог, дооглодог, дээрэлхдэг хүүхэдтэй найзлах дургүй байдаг гэж тэр судалгаанд гарсан. Цэцэнбилэг намайг шоолоход би гомдсон. Дахиад Цэцэнбилэгтэй найзлахгүй гэж бодсон. Харин би Дөлгөөнтэй найзална. Дөлгөөн намайг ойлгодог. Харин Дөлгөөн дээр би очоод найзалъя гэвэл надтай найзлах болов уу? Миний сэтгэл нэг л түгшүүртэй байх юм. Гэхдээ найз дээрээ өөрөө түрүүлж очоод найзалъя гэхэд дургүй хүүхэд байдаггүй гэсэн. Тэгэхээр хоёулаа хамт тоглох уу гээд найзална аа.
Үлгэр дуурайлал авахуйц хүний тухай намтар
Үе дамжсан эмч нар
Ажлаараа ч, ааваараа ч “зүрх”-ээр овоглодог нэгэн эрхэм бий. Тэр бол Бундангийн Болдсайхан. Аавынхаа мэргэжлийг эзэмшиж, аавынхаа ажиллаж байсан тасагт ажиллаж, аавынхаа эхлүүлснийг үргэлжлүүлж явна.
Б.Болдсайхан багаасаа эмч болж, хагалгаа хийж тоглодог байжээ. Анагаах ухааны их сургуулийг онц төгсч сургуульдаа багшаар хуваарилагдсан. Гэвч говийн, эмчгүй суманд ажиллана гээд дөрвөн найзтайгаа гурван жил ажилласан. Сумын ганц эмч ард иргэдийн бүх өвчнийг эмчлэх хүнд хөдөлмөр хийнэ. Тэндээс ажил хөдөлмөрийн гараагаа эхэлж, өөртөө итгэх итгэлийг суулгаж авснаараа би бахархдаг гэж тэр ярьсан.
1997 онд анхны буяны “Энэрэл” эмнэлгийг байгуулсан. Тэр үед тэнэмэл хүүхэд олонтой, амьдрал их хэцүү үе байсан. Б.Болдсайхан эмч Улаанбаатар хотын бүх траншейнаар явж хүүхдүүдэд үзлэг хийж, эмнэлэгтээ эмчилсэн. Ингэж явахдаа өөрөө бөөстөж, хамуурч, сүрьеэ туссан. Би залуу насны гурван жилийг буяны үйлд зориулсан гэж хуучилдаг.
Зүрхний гажигтай хүүхдүүд төрж байна. Гадаадад эмчилгээнд явах зардал 900 сая төгрөг болсон үе бий. Энэ асуудлыг бид эх орондоо шийдье гэж Б.Болдсайхан эмч бодсон. Тэгээд “Зүрх мартахгүй” төслийг санаачилжээ. Энэ төслийг эхэлсэн цагаас нь Голомт банк дэмжин ажиллаж байна. “Зүрх мартахгүй” төслийн хүрээнд одоогоор 700 шахам хүүхдэд мэс засал хийжээ. Б.Болдсайхан эмчийн хагалгаа хийсэн хүүхдүүдтэйгээ авахуулсан зургийг хараад хүмүүс хамгийн ихээр бахархдаг. Хөдөөгийн олон хүүхдэд хагалгаа хийж явахдаа “Ходоодны том хавдартай байсан нь дотроо задраад 3-4 литр цус алдсан”. Бараг монгол хүн бүр шаналсан. Гэвч сэтгэлийн их тэнхээгээр түүнийг давсан.
Б.Болдсайхан эмчийн хүү Б.Онон эмч болжээ. Түүний өвөө Ц.Бундан Төрийн шагнал хүртэж, араасаа олон шилдэг баг дагуулж байсан. Харин түүний аав Гавьяат эмч Б.Болдсайхан бусдын зүрхний төлөө өөрийн биеэ үл хайрлан зүтгэж явна. Монголын ард түмэн түүнийг хамгийн ихээр хайрладаг. Б.Онон эрүүл мэндийн салбарт үе дамжин зүтгэж, үлгэрлэж яваа гэр бүлд төрж өссөн болохоор сайн эмч болох нь тодорхой биз ээ.
Рубик шооны аварга Макс Пак
АНУ-ын Калифорни мужид болсон Рубик шоо эвлүүлэх тэмцээнд 21 настай залуу Макс Пак 3.13 секундэд эвлүүлж дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоосон байна. Энэ тухай гиннесийн дээд амжилтын номонд мэдээлжээ.
Тэрээр 2001 онд Калифорнид төрсөн. Энэ залуу аваргын түүх үнэхээр сэтгэл хөдөлгөм. Макс хоёр настай байхдаа аутизмтай гэж оношлогджээ. Эмч нар түүнд бие даан амьдрахад шаардлагатай ур чадвар эзэмшүүлэх хэрэгтэй гэж эцэг эхэд нь зөвлөжээ. Макс насан туршдаа хүний асрамжид байна гэсэн үг. Тиймээс түүнд туслах хэрэгтэй. Эцэг эх нь Рубикийн шоо авч өгөв. Аав ээж хоёроороо заалгаж сурсан энэхүү тоглоом нь анхандаа эмчилгээний зорилготой байсан. Сүүлдээ хүүгийн авьяасыг нээж энэхүү шооны аварга хэмээх алдрын зэрэгт хүргэсэн байна.
Макс арван настайгаасаа шоо эвлүүлэх олон уралдаан тэмцээнд оролцож тэмцээн болгондоо тэргүүлж байжээ. Аав нь түүний тухай “Шоо эвлүүлэх эмчилгээ маш үр дүнтэй байсан. Усны таглаа ч нээж чаддаггүй байсан хүү минь шоо эвлүүлэх эрдэмд суралцаж ийм амжилтад хүрлээ. Хүүгээрээ маш их бахархаж байна гэж ярьсан.
Максын хэлэх дуртай үг нь “Бодох хэрэггүй, зүгээр л хий” гэдэг. Тэр энэхүү уриа үгийнхээ дагуу дараагийн дээд амжилтыг шинэчлэн тогтоох бүрэн итгэлтэй байгаагаа илэрхийлжээ. Өнөөдөр тэрээр дэлхийн аварга болж нэг сая гаруй долларын хөрөнгөтэй болжээ.
Эрүүл мэнд, аюулгүй байдалтай холбоотой агуулга бүхий эхүүд
Эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй зуршлууд
Хүүхдүүд өдөр тутамдаа сөрөг нөлөөтэй зуршилтай болсноо тэр бүр мэддэггүй. Тэдгээр сөрөг зуршлаас хамгийн түгээмэл хэдэн жишээ дурдъя.
1. Хамраа ухах: Бидний хамрын хөндийн гадаргуу зөөлөн салст бүрхэвчтэй тул гэмтэх нь амархан байдаг. Хэрэв гэмтвэл халдвар авах аюултай.
2. Нусаа хүчтэй нийх: Нусаа хүчтэй нийвэл хамрын хялгасан судсууд гэмтэж, тасарна. Мөн хэт өндөр даралтын улмаас нармайгаар дамжсан чихтэй холбогдох хэсэгт даралт өгнө. Улмаар дунд чихийг гэмтээх эрсдэлтэй.
3. Хамрын үс зулгаах: Хуруугаар, эсвэл хямсаагаар үсийг нь олон зулгааж авбал хамрын арьсыг цочроож, үрэвсэл үүсгэнэ.
4. Чихээ ухах: Нүцгэн гараараа чихээ ухвал нян бактери халдварлах, үрэвсүүлэх, бүр сонсгол муудах ч эрсдэлтэй.
Баасны тухай
Чи баасыг юу гэж боддог вэ? Магадгүй "бохир, заваан, өмхий баас", "ой гутмаар зүйл", "хэрэггүй зүйл", "усаар угааж ариутгах хэрэгтэй" гэх зэргээр бодогдож байна уу? Би ч бас тэгж боддог байлаа. Энэ зүйл гэдсэнд минь бүрэлдэж бий болдог нь огт таалагддаггүй, бүр "баас" гэж хэлэхээс ч дургүй хүрнэ. Тэгээд ердөө тоохгүй орхимоор. Гэвч чиний хэчнээн дургүйцэж, үзэн ядахаас үл хамааран эрүүл чийрэг, амьд хүн өдөр бүр баас буюу өтгөнийг бий болгодог. Энэ бий болгосон ялгадсаа заавал гадагшлуулах хэрэгтэй. Хэрэв энэ ялгадас хэвийн боловсрохгүй, түүнийг тогтмол гадагшлуулахгүй бол маш их өвдөж шаналдаг. Энэ бол ноцтой өвчин юм.
Баас нь өмхий, бохир болохоороо ямар ч хэрэггүй, усаар л угааж цэвэрлэхээс аргагүй зүйл биш юм. Байгальд хог хаягдал шиг хаяж орхих нь хөрс, усны бохирдлыг бий болгодог ч, хэрэв үүнийг зөв ашиглаж чадвал маш чухал хэрэгцээтэй нөөц баялаг билээ.
Эрт цагаас хүмүүс баасыг сайн бордоо гэж үзэж ирсний дээр түүнийг их дуртайяа ашигладаг байжээ. Баасыг мөнгөөр худалдан авдаг байсан ч үе бий. Бас хүний өвчин эмгэгийг анагаахын тулд малын баас, аргал, хорголоор эм болгон ашиглаж байсан гэдэг. Заримдаа хүмүүс бүр баяр ёслолын үеэр баасыг хэрэглэдэг байсан гээд бод доо. Үүнийг би ердөө баас л гэж боддог байлаа. Гэтэл цаанаа бүхэл бүтэн ер бусын ертөнц байдаг байна.