УРАН ЗОХИОЛЫН БУС ЭХ
Өөрийн нэр, сургуулийн болон гэрийн хаяг, дэвтрийн хаяг, ойр дотны хүмүүсийн нэр, ажил албан тушаал болон
ажлын хаяг
Дэвтрийн хаяг | Өөрийн овог нэр |
|
|
Хот болон орон нутгийн гэр хороолол, орон сууцны гэрийн хаяг
Өөрийн болон гэр бүл, найз нөхдийн танилцуулга
Миний танилцуулга.
Би Хулд сумын 9 жилийн сургуулийн нэгдүгээр ангид сурдаг. Миний нэрийг Батбаярын Энхмэнд гэнэ. Аав ээж хоёр намайг эрүүл саруул, энх тунх байхыг бэлгэдэж ийм нэр өгсөн гэдэг.
Дүрэмт хувцас өмсөж, цүнхтэй номоо үүрээд хичээлдээ явах дуртай. Одоо би уншиж, бодож сурч байгаа.
Сургуульд орохоосоо өмнө урт цуваатай галт тэрэг олныг зурсан. Одоо бүр гоё зурж байгаа. Том болоод галт тэрэгний жолооч болно. Яагаад гэвэл их ачаа ачиж, их ажил хийх гоё.
Манай гэр бүл
Манайх Дундговь аймгийн Хулд сумын төвд амьдардаг. Ам бүл дөрвүүлээ. Миний аавыг Д.Батбаяр, ээжийг Б.Баяндэлгэр гэдэг. Би нэг эмэгтэй дүүтэй, нэр нь Энхсаруул.
Аав минь малын эмч мэргэжилтэй. Хөдөө их явна. Малчдын өвдсөн малыг эмчилж эрүүлжүүлнэ. Малыг элдэв өвчнөөс сэргийлж, туулга, вакцин хийдэг.
Ээж минь цэцэрлэгийн багш мэргэжилтэй. Одоо дунд бүлгийн багш. Хүүхдүүдэд ор дэр, тоглоомоо хурааж, унтахдаа хувцсаа нямбай эвхэж тавих эмх цэгцийг зааж сургадаг. Тэдний ангийн хүүхдүүд гоё зурж, олон шүлэг уншихыг би мэднэ.
Миний нэр Энхмэнд. Нэгдүгээр ангийн сурагч. Миний дүү Энхсаруул цэцэрлэгийн бэлтгэл бүлэгт явдаг, хөөрхөн охин. Тэр олон зүйр цэцэн үг мэднэ. Би дүүдээ их хайртай.
Миний найз
Миний найзын нэр Батбаатар. Тэр манай ангид сурдаг. Бид хоёр багын найз. Хоёр жил хамт хурдан морь унаж байгаа. Батбаатарын аав уяач. Наадамд олон морь уядаг.
Батбаатар өнгөрсөн жил их насны морь унаж аймагт түрүүлсэн. Тэр морио яаж давхиулах, хэзээ амыг нь татах, хэзээ сул тавих, хаана ташуур өгөх вэ гэдгийг сайн мэддэг. Маш сайхан гийнгоолдог. Батбаатарыг гийнгоолоход морьд сэргэдэг гэж аав минь ярьдаг. Миний найз их ухаантай хүүхэд.
Оршин суугаа газрын онцлогийг дүрсэлсэн, тайлбарласан богино эхүүд.
Гашуун нутаг
Манайх Төв аймгийн Баян-Өнжүүл сумын айл. Зундаа Гашуун хэмээх газарт нутаглана. Говь нутагт ус ховор. Гашуунд л гэхэд ус сайтай ганцхан худаг бий.
Говийн зун аагим халуун. Бог малаа өдөртөө, бод малаа өнжөөд услахгүй бол болохгүй. Ангасан мал ус уух гэсэндээ худаг руу дайрах нь олон. Малаа услах гэж малчид худаг дээр ээлжээ хүлээн удаан зогсох хэрэгтэй болдог.
Тиймээс манай гэрийнхэн үүр цаймагц босоцгооно. Хонь, ямаагаа тууж аваачин эрт усалдаг юм. “Бар цагт босвол өдрийн ажил бүтнэ, бага насандаа сурвал насны хэрэг бүтнэ” гэж өвөө маань сургана. Ус ховор тул манай говийнхон маш ариг гамтай хэрэглэдэг.
Багийн төв
Хөдөөд дээрээ төрийн далбаа мандуулсан байшин тохиолдоно. Хот айлын дэргэдэх тэр байшин бол багийн төв юм.
Багийн төвийн хаалганы дээр хаяг бий. Манай багийг Харгана баг гэдэг. Тиймээс хаяг дээр “Харгана багийн төв” гэж бичжээ.
Багийн төвийн урд “Мэдээллийн самбар” бий. Түүн дээр элдэв зарлал бичиж наадаг. Би тэндээс ноос, ноолуур авах зарлал уншив.
Багийн төвийн байшинд багийн хурал, заримдаа урлагийн тоглолт болно. Малчид тэр үеэр тал талаас цуглана. Энэ үед багийн төв амь орох шиг болно.
Багийн төвөөс холгүй Засаг даргынх нутаглана. Тэднийхтэй багийн эмчийнх хамт айлсана.
Сумын төв
Сумын төвд сургууль, цэцэрлэг, эмнэлэг, захиргаа зэрэг хэдхэн том барилга бий. Сургууль урд талдаа том цардмал талбайтай. Тэнд хүүхдүүд жагсаж байгаад сургуульдаа орно. Том жижиг цүнх үүрсэн жаалууд хөөцөлдөн тоглоно.
Харин дэргэдээ тоглоомын талбайтай нь цэцэрлэг. Тэнд гулсуур, савлуур гээд олон тоглоом бий. Багачуудыг цэцэрлэгт хүргэж өгдөг.
Эмнэлгийн байр цагаан өнгөтэй. Эмнэлэгт эмч, сувилагч нар ажилладаг. Тэд бас цагаан хувцас өмсдөг. Эмнэлэгт хүмүүс биеэ үзүүлдэг. Эмч өвчтөнийг эмчилдэг, сувилагч тэднийг асардаг.
Дээрээ төрийн далбаатай байшин бол сумын захиргаа. Захиргаанд манай аав ажилладаг.
Сумын төвд олон хүн амьдардаг ч тэд нэгнээ сайн таньдаг.
Мөрөн хот
Манай гэр бүл Мөрөн хотод амьдардаг. Мөрөн хот бол Хөвсгөл аймгийн төв юм. Энд эмнэлэг, сургууль, цэцэрлэг, театр, музей бий. Бас шуудангийн салбар, нисэх онгоцны буудал ч байгаа.
Хотын баруун урд хэсгээр Дэлгэрмөрөн урсан өнгөрдөг. Харин хойд талд нь Дулаанхан гэдэг том уул бий.
Манай хот орон сууц болон гэр хороололтой. Гэр хороололд хүмүүс голдуу байшинд амьдардаг. Тэд хашаандаа төрөл бүрийн мод, хүнсний ногоо тарьдаг.
Мөрөн хотоор Хөвсгөл нуур явах зам дайран өнгөрдөг. Тиймээс зун болохоор аялагч, жуулчид их ирдэг.
Манай хотыг хүмүүс эмх цэгцтэй, цэвэр цэмцгэр гэдэг. Ийм байлгахын тулд бид их хичээдэг.
Бэлхийн эцэст
Манай гэр Бэлхийн эцэст байдаг. Би энэ жил сургуульд орсон. Гэрээс сургууль хүртэл гурван буудал явдаг. Ах намайг сургуульд хүргэж өгч, авдаг. Тэр манай сургуулийн ахлах ангид сурдаг.
Аав, ээж хоёр хотын төвд ажилладаг. Тэд өглөө ажилдаа яваад, орой ирдэг. Манайх хашаандаа хүнсний ногоо тарьдаг. Би лууван идэх дуртай. Ногоо тарихад ус их ордог. Ах худгаас тэргээр ус зөөдөг.
Манай гудамжны баруун талаар Бэлх гол урсдаг. Харин зүүн талаар машин зам дайран өнгөрдөг. Бид зун гол дээр тоглодог.
Манай хотхон
Манай хотхон гурван байртай. Байрнуудын дунд хүүхдийн тоглоомын талбай бий. Тэнд савлуур, гулгуур, дүүжин даажин зэрэг олон тоглоомоор наадаж болно. Жижигхэн сагсан бөмбөгийн талбай ч бий. Хүүхдүүд ихэвчлэн амралтын өдрүүдээр тоглодог.
Хотхоны доор олон машины зогсоол байдаг. Бид сургуульд явахдаа аав ээжтэй хамт тийшээ очдог.
Манай гэр арван давхарт байдаг. Энэ давхарт өөр дөрвөн айл бий. Тэдний хүүхдүүдтэй би найзалдаг.
Бид гэртээ орохын тулд цахилгаан шат ашигладаг. Байр маань хоёр цахилгаан шаттай. Нэг нь хүн зөөдөг, нөгөө нь ачаа зөөдөг. Цахилгаан шатанд үсэрч дэвхцэж болохгүй.
Манай хотхонд айлуудаас гадна цэцэрлэг, дэлгүүр бий. Бас эмийн сан, үсчний газартай. Хотхоны ар талд автобусын буудал, харин урд талд хогийн цэг бий. Айлууд хогоо ангилж хаядаг.
Нийслэл хот
Монгол улсын нийслэл нь Улаанбаатар хот юм. Улаанбаатар хот бол манай улсын үйлдвэр, соёл урлаг, шинжлэх ухааны төв. Нийслэл хотод ерөнхий боловсролын сургууль, коллеж, их, дээд сургуулиуд байна.
Улаанбаатар хотын урд талд Богд хан уул оршино. Богд хан уулын араар Туул гол баруун зүгт урсдаг. Улаанбаатар хотын хойд талын уулыг Чингэлтэй, баруун талын уулыг Сонгино Хайрхан гэнэ. Зүүн талд нь Баянзүрх уул бий. Нийслэл хот маань өдрөөс өдөрт дөрвөн уулын дундаа өргөжин тэлж, цэцэглэн хөгжсөөр байна.
Хөдөө нутаг
Манай монгол орон тал нутаг ихтэй. Энэ нь хот, аймаг суурин газраас гарахад элбэг харагдана. Үүнийг бид хөдөө нутаг гэж нэрлэдэг. Хөдөө нутаг цэвэр сайхан агаартай. Хүмүүс нь ихэвчлэн монгол дээл хувцсаа өмсөж, монгол гэрт амьдарна. Мод өвс ургамал олон төрлөөр элбэг ургана. Өндөр уул, тунгалаг гол ус, үзэсгэлэнт байгальтай. Газрын хөрс нь хоггүй цэвэрхэн. Мал амьтан элбэг. Энэ бүгдийг харахад хот газар шиг байшин барилга хаана гэж үгүй. Бидний нүдэнд бүхлээрээ харагдах нь “Монгол орон” сэдэвт зураг шиг бахархам сайхан.
Д.Баасансүрэн
Өдөр тутмын амьдралд тохиолдсон үйл явдлыг харуулсан хүүрнэсэн эх
Шинэ найз
Тулга тоглоомын талбайд тоглохыг хүссэн ч чадсангүй. Учир нь орцны үүдэнд том хар нохой байлаа. Тулга том нохойноос айдаг юм.
Тэгтэл нэг хүү Тулгын дэргэд ирэв. Тэр “Айх хэрэггүй. Энэ нохой хошуувчтай байна” гэв.
Тэд хамтдаа тоглоомын талбайд хөгжилдөн тоглов. Тулга шинэ найзтай болсондоо баяртай байлаа.
Яагаад гараа угаах ёстой вэ?
Хүн бүр гаднаас орж ирээд, хоол бэлдэх болон идэхийн өмнө, бие зассаны дараа заавал гараа угаах хэрэгтэй. Учир нь халдварт өвчний 70% нь гараар дамждаг. Нян вирус нь эд зүйлсэд хүрэх, хүнтэй харьцах үед халдварладаг.
Гараа угаалгүй хоолоо идвэл гарт наалдсан нян вирусыг хоолтойгоо хамт идэж байна гэсэн үг. Гараа угааснаар нянгийн 99.8 орчим хувь нь устдаг. Ингэснээр ихэнх халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтой. Иймээс эрүүл мэндийнхээ төлөө гараа тогтмол угааж хэвших хэрэгтэй.
Эргэн тойрон дахь байгаль орчин амьтдын тухай мэдээлсэн тайлбарласан, дүрсэлсэн хялбар эхүүд
Халгай
Халгай хаа сайгүй ургадаг. Айл, албан газрын хашаанд бий. Гуу жалга, хогийн цэгийн эргэн тойронд ч элбэг. Ногооны талбай, голын ойролцоо ч ургана.
Халгайг олон янзаар хэрэглэнэ. Өвөө малаа тэжээнэ гэж хатаана. Эмээ эмчилгээнд хэрэглэхээр нөөцөлнө. Аав хуушуур амтална гэж түүнэ. Ээж маск хийж нүүрэндээ тавина. Эгч үсээ ургуулахаар хандална. Харин дүү минь л хатгуулчих вий гэж айна. Үүнийг харсан би халгай хогийн ургамал биш хачин тустай эмийн ургамал юм байна шүү гэж бодно.
Зараа
Өргөс мэт эвэрлэг арзгар үстэй, жижигхэн толгойтой, шөнтгөр хошуутай богинохон хөлтэй, хурц хумстай, бөмбөгөр биетэй амьтныг зараа гэнэ. Зараа үдшийн бүрэнхий үүрийн харанхуйгаар гөрөөлж, элдэв шавж, оготно, хулгана шувуу ангаахай, гүрвэл, могой, мэлхий, зэргээр хооллодог. Зараа нэг төрөхдөө 2-3 бөөдий гаргана.
Өдөр тутмын харилцааг харуулсан мэндлэх, хүндлэх, талархах, уучлалт гуйх, тусламж хүсэх, ёс суртахуунтай байх зэргийг онцолсон сэтгэл хөдлөлөө илэрхийлсэн харилцан яриа
Өвөө аав хоёр
Цагаан сарын шинийн нэгний өглөө өвөө шинэ дээл, малгайгаа өмсөж хойморт суулаа. Хамгийн түрүүнд аав хадаг дэлгэн золгов.
- Та амар мэнд байна уу? гэж өвөөгийн хоёр тохойноос өргөн золгоход:
- Амар мэнд ээ гээд үнсэв. Аав суудлаа эзэлсний дараа:
- Та сар шинэдээ сайхан шинэлж байна уу?
- Сайхан шинэлж байна аа. Сар шинэдээ сайхан шинэлж байна уу?
- Таны бие тэнхээ сайн уу? Тарган тавтай сайхан өвөлжив уу?
- Бие тэнхээ сайн, сайхан өвөлжлөө. Сайхан хаваржиж байна уу?
- Сайхан хаваржиж байна. Та сайхан хаваржиж байна уу? гээд хөөрөг зөрүүлэн тамхилав. Таньдаггүй хүмүүс уулзаж байгаа юм шиг л байлаа.
Ид шид
Би хичээлээ тарж ангиас гарав. Жижигхэн охин тэвэрч, нэг гартаа цүнх барьсан эмэгтэй ийш тийш харж нэг юм хайсан янзтай явна.
- Сайн байна уу? Эгч ээ. Танд юугаар тусалж болох вэ?
- Сайн. Би сургуулийн нийгмийн ажилтантай уулзах гэсэн юм. Өрөө нь хаана байдаг вэ?
- Бололгүй яах вэ? Та намайг дагаад яваарай. Би таны цүнхийг бариад явъя.
- Баярлалаа. Ямар сайн хүүхэд вэ? Би цүнхээ унагах гээд байсан юм гээд нүүрэнд нь инээмсэглэл тодорлоо.
- Нийгмийн ажилтан багш өрөөндөө хүнтэй байгаа эсэхийг би мэдээд өгье.
- Тэгээч, миний дүү. Би энэ үүдний сандал дээр сууж байя.
- Эгч ээ. Нийгмийн ажилтан багш өрөөндөө ганцаараа байна. Та ороод уулзаарай.
- За, тэгье. Дүүдээ маш их баярлалаа.
- Зүгээр ээ. Танд ч баярлалаа. Баяртай.
- Баяртай.
Дотно сэтгэл
Болд зургийн дэвтэр дууссанаа мартжээ. Сургуулийн ойролцоох дэлгүүрт ороод:
- Сайн байна уу? Эгч ээ. Надад зургийн дэвтэр хэрэгтэй байна. Одоо мөнгө алга. Би математикийн сурах бичгээ танд түр үлдээе. Маргааш мөнгийг өгье.
- Сайн. Математикийн хичээл ч гэсэн өнөөдөр орно биз дээ? Номоо үлдээх хэрэггүй ээ. Энэ дэвтрийг аваад яваарай.
- Баярлалаа. Өнөөдөр дэвтэргүй, хичээлээ сайн хийж чадахгүй болох вий гэж сандарч байлаа.
- Сандрах хэрэггүй ээ. Хичээлээ сайн хийвэл би ч бас баярлана шүү дээ.
- Надад итгээд дэвтэр өгч байгаад үнэхээр их талархаж байна шүү.
- Зүгээр ээ. Жижиг ч гэсэн тус болж байгаадаа би ч баяртай байна.
- Маш их баярлалаа. Хичээлдээ хичээнэ ээ. Мөнгөө заавал авч ирнэ гээд баяртай гарч явлаа.
Гэмшил
Хүйтэнд Сувд чих, хацраа хайруулжээ. Малгай ороолтыг нь Марал өмсөж явснаа сая мэдэж маш их айв.
- Би, чиний ороолт, малгайг аваад явчихсан. Үүнээс болж чиний чих, хацар хөлдсөн байна. Намайг уучлаарай.
- Чи надад хэлээд авахгүй дээ. Энэ бол амиа хичээсэн хэрэг.
- Тийм ээ. Би өөрийгөө л боджээ.
- Энэ хэний ороолт, малгай вэ гэж асуусан уу?
- Ангид хэн ч байгаагүй. Эзэн нь явжээ гэж бодсон. Миний буруу.
- Хүний юмыг зөвшөөрөлгүй авснаас бусдад муу юм болно шүү дээ.
- Тийм ээ. Би маш сайн ойлголоо. Би чамд эмний мөнгө өгье.
- Хэрэггүй дээ. Миний хацар, чих удахгүй зүгээр болно. Харин чи ахиж ийм муухай юм бүү хийгээрэй.
- Тэгнэ ээ. Хүйтэнд чамайг малгайгүй явуулсандаа гэмшиж байна. Намайг үнэхээр уучлаарай. Би танай аав ээж хоёроос уучлалт гуйя
Амтат алим
Болдоо, Батаа хоёр Мандах гуайг хараад алимаа хаяад зугтав. Намайг хамт явсан гэж бодсон байх.
- Хашаа давж алим хулгайлах сэтгэл та нарт яаж төрж байна?
- Би алим аваагүй ээ, Мандах гуай!
- Энэ алимнууд өөрсдөө энд хүрээд ирээ юү?
- Болдоо, Батаа хоёр орхиод зугтсан юм.
- Алим ургуулах гэж жимсчид яаж ажилладаг билээ?
- Манайх алим тарьдаг болохоор би мэднэ ээ, Мандах гуай.
- Хашаа авж алим аваагүй бол сайн хэрэг. Сурагч хүн бусдын хөдөлмөрийг хүндэлдэг байх хэрэгтэй. Алим идмээр байсан бол хэлэх хэрэгтэй шүү дээ гэв. Надад нэг алим өгөөд бусдыг нь аваад явлаа.