ЕРТӨНЦИЙН ГУРАВ
Өнгө, хэлбэр хэмжээ, дүрс, тоо зэрэг бодит зүйлээр адилтгасан дүрслэл бүхий ертөнцийн гурав
1. Ертөнцийн гурван цагаан
Өсөхөд шүд цагаан
Өтлөхөд үс цагаан
Үхэхэд яс цагаан
2. Ертөнцийн гурван улаан
Жавартай тэнгэрийн хаяа улаан
Жаргалтай хатны хацар улаан
Жалганд ургасан сухай улаан
3. Ертөнцийн гурван ногоон
Тагт ургасан арц ногоон
Тайгад ургасан хуш ногоон
Талд ургасан зээргэнэ ногоон
4. Ертөнцийн гурван хөх
Уудам дэлхийн тэнгэр нэг хөх
Унтрах галын дөл нэг хөх
Урсах голын ус нэг хөх
5. Ертөнцийн гурван хоосон
Барьж тавьж байвч зүүд нэг хоосон
Барайж торойж байвч зэрэглээ нэг хоосон
Бахирч архирч байвч цуурай нэг хоосон
6. Ертөнцийн гурван хөөрхөн
Бой нь арилсан хүүхэд нэг хөөрхөн
Борвио нээсэн гөлөг нэг хөөрхөн
Босож тэнцэж байгаа ботго нэг хөөрхөн
7. Ертөнцийн гурван цэнхэр
Холоос харагдаж байгаа уул нэг цэнхэр
Хонхорт тогтсон ус нэг цэнхэр
Хорвоод байгаа тэнгэр нэг цэнхэр
8. Ертөнцийн гурван харанхуй
Номгүй бандийн цээж харанхуй
Хоньгүй айлын хот харанхуй
Хойшоо харсан нүх харанхуй
9. Ертөнцийн гурван баян
Газар үндсээр баян
Тэнгэр одоор баян
Далай усаар баян
10. Ертөнцийн гурван хөнгөн
Урсахдаа ус хөнгөн
Хийсэхдээ өд хөнгөн
Өргөхөд өвс хөнгөн
11. Ертөнцийн гурван байна
Ус байваас замаг байна
Уул байваас зам байна
Ухаантан байваас засаг байна
12. Ертөнцийн гурван байдаг
Уул хэдий өндөр боловч оргилтой байдаг
Далай хэдий гүн боловч ёроолтой байдаг
Тал хэдий уудам боловч хөвөөтэй байдаг
13. Ертөнцийн гурван бэрх
Чулуун дээр ногоо ургуулах нэг бэрх
Усан дээр гал түлэх нэг бэрх
Үхрийн эвэр дээр цас тогтох нэг бэрх
14. Ертөнцийн гурван сайхан
Арван тавны сар нэг сайхан
Атар газрын цэцэг нэг сайхан
Аав ээжийн сургаал нэг сайхан
15. Ертөнцийн гурван ариун
Ургаж байгаа арц нэг ариун
Уугьж байгаа хүж нэг ариун
Урсаж байгаа ус нэг ариун